М.Энхболдын замыг хуулиар засч байгаа юу


М.Энхболдын замыг хуулиар засч байгаа юуШинэ он гарахтай зэрэгцээд л нэг сэдэв "хэрүүлийн алим” болоод байгаа нь Ерөнхийлөгчийн  сонгуулийн тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болчихоод байна. Ерөөсөө энэ хуулийн төслүүд МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгч болгоход чиглэсэн, бүх замыг нь зассан гэж хардах хүмүүс олон байна. Ямар сайндаа л МАХН-аас УИХ-д сууж байгаа ганц гишүүн болох О.Баасанхүү чадлынхаа хэрээр хашгираад байх вэ дээ.

Гэхдээ яг ачиртаа МАН дотор бөөн "алаан” болоод байгаа юм биш үү. Ерөнхийдөө М.Энхболд дарга өөрийнхөө эрх мэдлийг дээд цэгт нь хүргэх бүхий л арга замыг ашиглаж, урагшаа зүтгэж байна уу гэж хардахаар болчихлоо. Яг үнэн хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн сонгууль тийм ч их анхаарал татахгүй байгаа юм биш үү. Ерөнхийдөө У.Хүрэлсүх сайдын хэлээд байгаа л үнэн болж таарах гээд байна. Шадар сайд МАН-ын бага хурал дээр намынхнаа нэлээд хатуухан шүүмжилж, томилгооноос авахуулаад бүх зүйл болохгүй байгааг хэлсэн.

Онцгой комиссын болоод бусад хурал дээр ч М.Энхболдын гэгдэх хүмүүст хатуухан сануулга өгч, ажлаа өөдтэйхэн хийхийг сануулаад байгаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хотын дарга С.Батболд гээд дурьдвал жишээ зөндөө л байна. Ерөнхийдөө У.Хүрэлсүх энэ нам нэг хүний эрх мэдлийн хэрэгсэл болж, хэтэрхий туйлширч байгааг хэлж, сануулж байгаа. Гэхдээ хүч нь хүрэх эсэхийг бүү мэд. Ямар ч байсан М.Энхболд өөрийнхөө эрх мэдлийг одоогийнхоос хавьгүй илүү нэмэх л замыг засаад яваад байгаа бололтой. Үндсэн хуулиар оролдохгүй, зүгээр л Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчиллөө гэхэд өөрөөсөө өөр хүнд боломж өгөхөөргүй зүйл, заалтуудыг тусгах нь.

Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэхгүй байх баталгаатай заалтыг оруулж өгч байгаа. Тэр нь "Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх ёстой” гэсэн ганц заалт. Ердөө л энэ заалт байхад Солонгос руу гүйдэлтэй байсан Намбар гуайн хүүг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь хааж байгаа. Цаашлаад АН-аас хүчтэй өрсөлдөх боломжтой хүмүүсийг ч хаасан заалтууд энэ хуульд орж магадгүй. Магадгүй ч гэж дээ, орох байх. Одоо нөгөө талаас нь хараад үзье. МАН парламентад олонхи болж, 65 суудал авсан. М.Энхболд дарга юу гэж л хэлнэ, түүнийг нь бохь зажлангаа дагаж, товчлуур дарах "бор халзан хонь” МАН-аар л дүүрэн байна.

Тийм болохоор олонхи болсноороо далимдуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг хувилбар байж болж байна. Угаасаа 2016 оны сонгуулийн өмнө МАН-ынхан 21 аймгаар явсан. Тэгж явахдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг түлхүү ярьж байлаа. Үндсэндээ Ерөнхий сайдын эрх мэдлийг тултал нь нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас томилж, бэлгэдэл төдий байхаар өөрчлөх гээд байгаа. Энэ өөрчлөлтийг хийхгүй гэх газар байхгүй. Энэ оны зун Ерөнхийлөгчийн сонгууль болно. Түүнээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж эрх баригчдад хангалттай бий.

Хэрвээ Үндсэн хуулиа өөрчлөөд орхивол Ерөнхийлөгч гэдэг зүгээр л бэлгэдэл төдий болох байх. Одоогийн байгаа эрх мэдэл нь бүгд хумигдана. Тийм болохоор Ерөнхийлөгч болох гэж зүтгэх хүн тийм ч олон гарахгүй байх. М.Энхболд дарга ч гэсэн Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж аваад, өөрөө Ерөнхий сайдын суудлаа авах байлгүй. Тэгээд ч ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой шүү дээ. Мань хүн л Ж.Эрдэнэбатыг торгуулын суманд явуулчихсан болохоос биш.

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг хүндхэн байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнөөдрийг хүртэл тийм ч сайн ажиллаагүй. УИХ-ын болоод МАН-ын дарга М.Энхболд ч гэсэн түүнийг нь хэлж, шүүмжлэлийн үг унагаад амжсан. Тэгвэл мань хүн өөрөө Ерөнхий сайд болсон гэж бодоод үзье. Тэглээ гээд юу өөрчлөгдөх байв.

Өнөөдрийн нөхцөл байдал хэвээрээ л байх байлаа шүү дээ. М.Энхболд Ерөнхий сайд боллоо гээд манай улсын орлого өсч, томоохон төслүүд хөдөлж, өр шир дарагдчихгүй. Байх ёстой юм байгаагаараа л байна. Харин шүүмжлэл түүн дээр ирэх байв. Үүнийг, цаашлаад Үндсэн хуульд оруулах өөрчлөлт энэ тэрээ тэр маш нарийн тооцож, торгуулийн салааны даргаар Ж.Эрдэнэбатыг тавиад л "дайн”-д явуулчихгүй юу.

Тэгээд өөрсдөө араас нь "довтолж”, нэр хүндтэй хэвээрээ үлдэх тактик барьсан ч байж болох. Улмаар Үндсэн хуулиа өөрчилж, бүх эрх мэдлийг Ерөнхий сайдын гарт нэгтгээд, өөрөө танхимын тэргүүн болох тун ч боловсронгуй төлөвлөгөөгөө биелүүлнэ дээ. Ийм л нөхцөл байдал руу манай улс ороод байх шиг байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй ч байж магадгүй. Гэхдээ МАН наанаа эв нэгдэлтэй юм шиг боловч цаанаа бас тодорхой фракцитай л нам. Тийм болохоор М.Энхболд даргын энэ бүх үйлдлийг таалахгүй байгаа хүмүүс мэдээж бий.

Ц.Нямдорж гишүүнээс авахуулаад Шадар сайд У.Хүрэлсүх  тэргүүтэй хүмүүс түүний энэ нарийн төлөвлөгөөг үл таашааж, нам доторх булхай луйвар, сандал суудлын наймаагаа хатуухан шүүмжилж байгаа байх. Ц.Нямдорж гишүүнд бол Ерөнхийлөгч болох санаа байх шиг байгаа юм. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт ороод, Ерөнхийлөгч гэдэг зүгээр л нэр төдий албан тушаал, бэлгэдэл болчихвол түүнд таалагдахгүй л болов уу. Тэгэхээр нөхцөл байдлыг эсэргүүцнэ. У.Хүрэлсүх сайдын хувьд нам доторх томил­гооноос авахуулаад М.Энх­болдын нөлөө улам томорч, хувцсан дээр туссан шар тос шиг нүүж байгаа.

Дээрээс нь томилгоо, хийж байгаа ажил нь ард түмэнд таалаг­дахгүй, МАН руу эргэсэн иргэдийн итгэл бага багаар буурч буй учир асуудлыг арай өөрөөр хаж байгаа биз. Гэх мэтээр МАН дотор нэлээд юм болж байна. Ж.Энхбаяр гэж нэг хүн намынхнаасаа нэлээд харшилж эхэлсэн. Дотроо бас "алаан” болоод байгаа л юм шиг харагддаг. Энэ мэт чимээгүй толхилцоон нэг л өдөр тэсрэх байх даа. Харин хэн нь тэсч үлдэхийг цаг хугацаа харуулах буй за.

Монголын мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.