Ялагдлын үндсэн ба дагавар нөхцөлүүд
Алдаа бол аймшигтай зүйл биш,
алдаагаа давтах л аймшигтай тэнэглэл юм. /Отто фон Бисмарк/
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялагдлын болон ялалтын төд, өдөн шалтгаан гэх зүйл хэвлэл, нийгмийн сүлжээгээр өчнөөн гарав. М.Энхболдын ялагдлын 5 шалтгаан, 6 шалтгаан, 10 шалтгаан гэх зэргээр дур дураараа шалтаглан тоочицгоов.Х.Баттулгын ялалтын шалтгаан харьцангуй цөөхөн, "АСА явуулын станцаас боллоо”, "МАН-ын долдой нараас боллоо”, "фэйсбүүкийг тултал нь ашигласнаас боллоо” гэсгээд болчихно. Аль аль нь бодит байдлаас холуур, сэтгэл хөөрөл, үзэгдэлд автсан хүмүүсийн дүгнэлт төдий юм.Сонгуулийн ялалт, ялагдал нь хэзээ ч нэг, хоёр зүйлээс хамаардаггүй.Маш олон зүйлсийн учир шалтгаант холбоо, нөхцлөөс хамаарсан үр дүн байдаг. Бенжамин Франклиний нэг алдартай rhyme бий. Утгачилбал "Дархан морины тахыг хайнга хадсан. Хадаас сугарснаас тах унасан.Тах унаснаар морьны хөл доголсон.Доголон морьтой мэдээ хүргэгч амжиж хүрээгүй. Мэдээг цагт нь аваагүйгээс дайнд ялагдал хүлээсэн”.Өнгөц харахад ганц хадаас буруутай мэт боловч энэ нь ялагдлын нөхцөл байдал, холбоо хамаарлыг илтгэх төдий л зүйл юм.
Шалтгаан бол үр дагавар гарсны дараах тоочилт, тайлбар л болохоос алдаа оноог бодитоор цэгнэх ухаалаг арга зам биш.Үүний оронд нөхцөл байдлыг сайтар шинжин, алдаа оноог бодитойгоор тунгаах нь алдааг давтахаас сэргийлдэг шалгарсан арга бөлгөө.
Ялалтын чимээнд дүлийрсэн нь
Бүх зүйл 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтаас эхэлсэн юм. МАН хууль тогтоох дээд байгуулллагад 65 суудал авсан явдал бүх эрүүл дуу хоолойг дарангуйлж, чих дүлийрүүлэн, нүдийг харалган болгов. Бодит байдал дээр МАН нийт сонгогчдын 44 хувийн дэмжлэгийг л хүлээжээ. "Бут ниргүүлсэн” гэх өрсөлдөгч нь сонгогчдын 36 хувийн дэмжлэгтэй байж. 2017 оны сонгуулиар МАН-д өгсөн сонгогчдын хувь 41,16 байгаа нь жилийн өмнөхөөс 3 орчим хувиар л буурсан үзүүлэлт юм. Харин өрсөлдөгч Ардчилсан нам сонгуулийн ялагдалдаа бодитой дүгнэлт хийж, шийдлүүд олсныхоо ачаар өмнөх сонгуулиар авсан дэмжлэгээ 15 орчим хувиар өсгөж, ялалт байгуулж чаджээ. Үзэгдлийг бус мөн чанарыг анзаарч асуудлыг өргөн хүрээнд том зургаар нь харах чадвар бол ялалтыг шийдвэрлэх үндсэн нөхцөл мөн.
Мажоритар системийн гажиг сонгодог утгаараа илрээд байхад МАН-ын удирдлага бодитой дүгнэлт хийж чадсангүй."Монголчууд бидэнд ухаангүй хайртай юм байна” хэмээн хөөрцөглөв.Сонгогчдын талаас илүү хувь нь тэдэнд "үгүй” гэж хэлчихээд байгааг анзаарах чадваргүй,системийн гажгаар парламентийн суудлын 80 хувийг авсныгаа өөрсдийн хүч чадал, мэдлэг чадвараас боллоо гэж үзсэний улмаас дараалсан алдаануудаа гаргаж эхлэжээ.
Эхний нөхцөл
МАН-ын дарга М.Энхболд ялалтын чимээнд мансуурч, магтаалын үгэнд бялуурч байх үедээ "энэ чигээрээ явахад Ерөнхийлөгч болох энүүхэнд юм байна” гэсэн дүгнэлт хийсэн нь эхний ташаарал байлаа.Үүнээс үүдээд тэр намын даргын хувьд Засгийн газрыг тэргүүлэх үүрэг, хариуцлагаасаа зугтав. Ийм дүгнэлтэд хүргэсэн нөлөө бий, тэр нь Ж.Бадамжунай, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат болон бусад тойрон хүрээлэгчид.Тэд М.Энхболдыг бодит бус мэдээллээр хангаж, ташуурах нөхцөлийг сайтар бүрдүүлсэн юм. Мэдээж өөрсдийн ашиг сонирхолд хөтлөгдсөн.
МАН-ын дарга ч "жилийн дараа Ерөнхийлөгч болохын хооронд янз бүрийн сайн, муу нэр зүүх нь эрсдэлтэй” гэж үзсэн бөгөөд харин Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг дээр удаан шаналсангүй.М.Энхболд бол "өөрийн” гэж баттай итгээгүй хүмүүст хэн ч байсан итгэдэггүй зантай.Түүний "өөрийн” хүрээлэлд хотын захиргаанд олон жил хамт ажилласан хүмүүс, хамаатан саднууд, уяачдын холбооныхон, Төв аймгийн зарим сумдын хүмүүс л багтдаг.М.Энхболд намын хамт олонд, боловсролтой, чадвартай гишүүдэд огт итгэж байгаагүй.Тийм учраас ээжийн талын садан Ж.Эрдэнэбат хэмээх дуулгавартай, номхон залууг Ерөнхий сайдаар томиллоо.
Бас Д.Ганбат хэмээх хамаатнаа Зам тээврийн хөгжлийн сайдаар, НИТХ-ын даргаар өөрийн ментор Цэндсүрэнгийн хүү Сандуйг, Улаанбаатар хотын засаг даргаар өөрийн Төв аймаг дахь бүлэглэлийн гишүүн Су.Батболдыг, ХХААХҮ-ийн сайдаар уяачдын төлөөлөл П.Сэргэлэнг томилов. Нэг жоохон өөрчлөлт гарсан нь Ц.Сандуй! "60 тэрбумын” дуулианы үеэр бажгадахдаа гарч гүйн өөрийнхөө хаалганд гоол хийсэн(С.Баярын тодорхойлолт) түүнийг хотын дарга болгох нь нийгмийн болон намын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан учир нүдэнд өртөх нь бага албанд томилсон нь тэр. М.Энхболдыг хотын дарга байх үеэс санхүүгээр дэмжиж тэтгэж ирсэн нэгэн хатагтайг Барилга, хот байгуулалтын сайдаар томилох гэсэнд сонирхлын зөрчил гэх маргаан дагуулсан учир өөрийн хүн хотын бүлэглэлийн гишүүн Г.Мөнхбаярыг даруй томиловой. Ингээд Ерөнхийлөгч болж чадаагүйн эхний нөхцөл нь "мордохын хазгай” болсон "Мэргэжлийн” гэх сүржин нэртэй Засгийн газар болов. Мэргэжлийнхнээс бус садан төрөл, ойрын хүрээллээс бүрдсэн Засгийн газар эхний өдрөөсөө олон нийтийн дургүйцэл, жигшлийн бай болон хувирчээ.
Удаах хүндрүүлсэн нөхцөл
М.Энхболд хамаатан Ж.Эрдэнэбатыг аймгийн засаг дарга хийж байсан, сангийн сайдын албыг богинохон хугацаанд хашсан зэрэг нь Засгийн газрыг толгойлоод явахад хангалттай гэж үзснээрээ цаашдын олон хүндрэлт нөхцлийн эхийг тавьсан билээ.
Ж.Эрдэнэбат улс төрийн бодлоготон ч биш, сайн гүйцэтгэгч ч биш, шийдвэр гаргагч огтхон ч биш байсан.Тэр зүгээр л томоотой, дуулгавартай хамаатан залуу.М.Энхболдын томилсон Засгийн газар, Хотын захиргаа нэг мөр тууштай шийдвэр гаргасан удаа тун цөөхөн.Байнга эргэж буцаж, өмнөх шийдвэрээ үгүйсгэж байсан нь чадваргүй, мэргэжлийн бус Засгийн газар бүрдснийг олон нийтэд тов тодорхой ойлгуулав. Чадваргүй хамаатан нь Ерөнхий сайд болсноосоо хойш байнга шахуу алдаж ирснээс хамгийн том алдаа нь ОУВС-гаас зээл авахын тулд 7 төрлийн татварыг нэмж, халамжуудийг зогсоон, тэтгэврийн насыг уртасган, хүүхдийн мөнгийг олгохоо больсон явдал байлаа.Татвар нэмэхэд баярладаг ард түмэн дэлхий дээр байхгүй.Ж.Эрдэнэбат хамаатны ах, намын даргаа хорлосон болохоо ухаарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дараа буруу шийдвэрээсээ оройтож буцсан."Оргүйгээс оройтсон нь” дээр гэдэг худал ажээ.Төсвийн тухай хуулийг зөрчин байж, маш их мөнгө зарлагадан тараасан ч Хүүхдийн мөнгө сонгогчдыг "уяраасангүй”.Харин ч санал худалдаж авах гэлээ гэх хардлагыг хөгжөөж, ингэх байсан юм бол яах гэж хассан юм гэх мэт эгдүүцлийг дуудав.Яг жилийн өмнө Ч.Сайханбилэг, Н.Батбаяр хоёрын "мөнгө” тараах мэхэнд сонгогчид унаагүйг Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар санасангүй.Хайран мөнгө одоо жинхэнэ гай болох гэж байгаа. ОУВС ЗГ-ын төсвөөс гадуур, тохиролцоо зөрчиж олгосон Хүүхдийн мөнгөний шийтгэл болгож өгөх ёстой мөнгөнийхөө 60 хувийг л өгнө хэмээн сүрдүүлж байгаа.
Товчхондоо гүйцэтгэх засаглал жилийн турш санаачлагагүй, идэвхгүй, чадваргүй ажиллаж, гаргасан шийдвэртээ тууштай биш байсан нь ялагдлын үндсэн нөхцлийг бүрдүүлсэн юм.
Ялагдлын дагавар нөхцөлүүд
Тойрон хүрээлэгчид М.Энхболдыг бодит мэдээллээс таслан хөөргөж байлаа.Тэд даргыгаа сүүлийн жилүүдэд улс төрчдийн рейтинг тогтоох янз бүрийн судлагаанд эхний аравт ч дурдагдаж байгаагүй гэдэг нүцгэн үнэнийг сөрж, суурь дэмжлэггүй, улс төрчийн тодорхой дүр төрх, дагуулах чанар байхгүй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хуйвалдаан хийснээрээ ялагдлын дагалдах нөхцлийг бүрдүүлсэн.Ц.Нямдорж хувийн рейтинг, улс төрчийн дүр төрх, зан чанараараа МАН-аас ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигч байв. Гэвч түүнийг Удирдах зөвлөлийн хурал, Бага хурал дээр санал багцлан худалдаж авах аргаар нам дарж, олон нийтэд "Бага хуралд оролцсон 259 гишүүний 85.7 хувь нь М.Энхболдыг дэмжсэн” гэсэн мэдээлэл түгээв.Улс төр огт сонирхдоггүй сонгогч ч энэ мэдээлэлд итгээгүй юм."Улс төрийн хөгшин бурхи Ц.Нямдоржийг эрх хүү М.Энхболд шудрага замаар ялна гэж лав байхгүй” хэмээн иргэд өөр зуураа хэлцэж байлаа. Бодит байдал дээр сонгогчдын 16 орчим хувь нь М.Энхболдыг дэмжиж, 30 орчим хувь шийдэж ядан байлаа.
Ялагдлын нэгэн томоохон нөхцөл бол М.Энхболдын бодит мэдээлэлд үл итгэх, намынхаа хамт олонд үл итгэх зан юм.Сонгуулийн өмнө болон дундуур хийгдсэн бүхий л судлагаанууд М.Энхболдыг гуравт эрэмбэлэгдэх эрсдэлтэйг зааж байсан. МАН-ын баримжаатай, тэдний итгэж бүрэн болох агентлагуудын судалгааны дүн ч М.Энхболдыг Ерөнхийлөгч болоход хүндхэн байгааг хэлж байлаа.
Гэтэл Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Ж.Мөнхбат, Д.Өнөрболор нарын хамсал М.Энхболдыг намын хамт олноос, сонгуулийн штабаас таслан явцуу хүрээлэлд оруулснаар, нэр дэвшигчээ бодит мэдээлэл, орчноос тастан мухар сүсэг, мөнгө, эрх мэдэлд дулдуйдах замаар ялна гэсэн найдлага руу түлхсэн юм. Лам багш нь "улаан дээл өмсөөд, үгээ дуусгахдаа "хоржийлоо” гэж хэлээд яв” гэсэн л гэнэ."Уяачдын холбоо болон нийслэлийн намын бүтцээр дамжуулан асар их мөнгө босгож чадлаа” л гэнэ."Цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагууд М.Энхболдод тууштай зүтгэж байгаа тул айдгаа авдартаа хийсэнд тооц” л гэнэ.Энэ бүхэн нэмэр болохоосоо нэрмээс болсон.Уяачдын нарийн бичгийн дарга бөгөөд сайд П.Сэргэлэн хөдөөд уяачид гэж үнэнхүү нөлөө бүхий бүхий хүмүүсийн мөнгөлөг сүлжээ байгаа тул МАН-ын нэр дэвшигч тэндээс 100 хувийн дэмжлэг авах шахуу юм ярьж сайрхсан. Бодит байдал дээр манлай уяач нэртэй хөөргөн баячуудыг хөдөөгийнхөн жигшдэг.Тэд хэн морь уяж, хэн морь уясан болж баярхаж, хөөрцөглөдгийг сайн мэднэ.Лавтай уяачдын холбооны нөлөө сонгуульд харагдсангүй.П.Сэргэлэнгийн гол нүгэл нь уяачдын холбоонд шургалсан эрүүгийн элементүүдийг сурталчилгаандаа татан оролцуулсан явдал юм.Энэ нь М.Энхболдыг гэмт этгээдүүдийн гарт орсон, тэдний заавраар хөдөлдөг хүн гэж харагдуулах сэжмийг тавьсан хэрэг байлаа.
Хэт олон штаб албан болон албан бусаар байгуулагдан МАН-ын сонгуулийн төв штаб аль нь болох нь мэдэгдэхээ байсан нь ялагдалд хүргэх нөхцлүүдийн нэг яалт ч үгүй мөн.Сонгуулийн Ерөнхий менежер Ж.Эрдэнэбат, орлогч Ж.Мөнхбат нарын толгойлж, Н.Номтойбаяр санхүүжүүлж, А.Ундраа, Д.Өнөрболор нар гүйцэтгэлийг хийдэг бүлэг хамгийн голлох эрх мэдлийг атгаж, М.Энхболдыг бүгдээс тусгаарлаж, бүхнээс харамлаж байлаа.Ц.Сандуйгаар ахлуулсан бас нэг штабын үндсэн үүрэг нь мөнгө босгох, мөнгө тараах сүлжээг байгуулах байсан.Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан нэг штаб байсан нь намын олон нийт болон сонгогчдод намтайгаа хамт байгаа гэж харагдуулах үзүүлэнгийн чанартай болон хувирав.Н.Дэмбэрэл гэж хүний байгуулсан бичил штаб болохоор даргадаа бусад штабынхны талаарх хов жив зөөнгөө даргынхаа нэрийг барин хандивлагчдаас мөнгө хусна. Бас сошиал баг гэж нэрлэгдсэн хэд хэдэн ч штаб бий болсон.С.Баяр гэж сүрхий ухаантай хүн үүгээр түүгээр донхолзон, тэр энийг үзэж мэргэн заавар өгнө.
Энэ бүхэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх МАН-ын дүр төрхийг яг давтсан үзэгдэл байлаа.
Асуудлыг шийдэх, даван туулахын оронд тойроод, аргалаад өнгөрчихөж болно гэдэг ойлголтыг М.Энхболдод төрүүлсэн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын үйлдэл ялагдлыг шуудруулах үндсэн нөхцлүүдийн нэг болсон нь гарцаагүй. Төрийн албыг үнэлэн зарсан, төрийгн эрхийг хууль бусаар авсан байж мэдэх хэргийн сэжүүр болсон 60 тэрбумын дуулиант бичлэгийг "эвлүүлэг” гэж итгүүлээд сонгогчдыг аргалж болно гэж сэтгэсэн нь хамгийн том тэнэглэл болсон юм. Бичлэг бүрэн эхээрээ гарч ирчихээд байхад ч бодитой шийдэл хийхийн оронд аргацаах, арга саам хайхаар эрмэлзэж, Ж.Мөнхбат саунд Г.Доржзодовыг дуудан уулзаж асар их мөнгө амлах замаар урвуулахыг оролдож байжээ.Ийм хямралт нөхцөлд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сахилгын шийтгэл оногдуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бол аянга зайлуулах шалгарсан арга болох байлаа.Эцсийн мөч хүртэл "эвлүүлэг” гэдэг ядмаг үлгэр хэлсээр аянгыг өөр дээрээ буулгасан нь М.Энхболдын хохь.Өөрийн уулзалт, үйлдэл бүрээ видеожуулж, тэрийгээ өрсөлдөгчдөө алдаж байдгийг нь тайлбарлах эрүүл шалтаг олдохгүй.Нэг төрлийн гаж дон ч гэмээр.
Ж.Эрдэнэбат тэргүүтэй тойрон хүрээлэгчдийн хийсэн уучилж боломгүй алдаа бол МЭТГЭЛЦЭЭН хэмээх бялдуучлал дүүрэн шууд нэвтрүүлэг байлаа.Энэ нэвтрүүлэг М.Энхболдыг дэмжих эсэхээ шийдэж ядан байсан сонгогчдыг үргээсэн нь тодорхой болсон зүйл.
Буддын шашинд "чөлөө учрал бүрдэх” гэж ойлголт буй.М.Энхболдод ялалт байгуулах чөлөө учрал огт бүрдсэнгүй.Бүх зүйл авцалдаагүй, уялдаа холбоогүй, тун хэмжээ нь таараагүй, байгаа олоогүй, нөхцлөө тооцоогүй байсаар хүртэх ёстойгоо хүртснээр дуусав.Мөнгө байсан уу байсан, хүний нөөц хангалттай.Эрх мэдэл, засаг захиргааны нөөц боломжийг тултал ашигласан.Бие хаа, царай зүс, сургууль боловсролд дутах зүйл байхгүй.Дэмжих, долигонох хүн ихэдсэн үү гэхээс багадаагүй… бүх зүйл л түүнд байлаа.Юу нь болсонгүй вэ?
Ялалтыг бий болгогч асар олон боломж, нөхцлүүдийг ухаалгаар холбон, зөв удирдан чиглүүлэх Ерөнхий менежерийн чадвар Ерөнхий сайдад дутлаа.Чин сэтгэлд бус мөнгө, эрх мэдэл, айдаст тулгуурлсан стратеги бүхэлдээ нэгтгэх бус тараах үйлчилгээтэй байлаа.
Ирэх нь гарцаагүй цохилтыг сөрөх, давах сэтгэлзүйн бэлтгэл ч М.Энхболдод байсангүй.М.Энхболдынхятад гарлын талаарх мэдээлэл нийгэмд шинэ зүйл биш байсан бөгөөд үүнийг няцаах бодитой шийдлийг Ж.Эрдэнэбат, А.Ундармаа аль нь ч олсонгүй. Дэмий л "гүтгэлэг” гэж гүрийсээр дуусгасан. Няцаах боломжгүй ч байсан болов уу даа.Гарцаагүй зүйл болохоор эерүүлэх, чухал ач холбогдолтой биш болгож харагдуулах гэх зэрэг тактикийн нүүдэл хийх нь дээр байсан байх.
Бүхэлдээ бол Ж.Эрдэнэбат сайн ахыгаа чангаар татаж унагаасан сонгууль боллоо. Сонгуулийн өмнөхөн УИХ дахь "65-ын бүлэг”-т томоохон хагарал гарсан. Энэ талаар "Хулгай ил цагаандаа гарлаа” гэсэн нийтлэл гарч Засгийн газрын сайд нарын багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нэрээр төсвөөс "мэргэжлийн хулгай” хийхээр болж байгааг нийтэд ил болгосон нь сонгогчдын итгэлийг нэгмөсөн үгүй хийсэн билээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр бол:- Засгийн газар 2016 оны 8 дугаар сарын 17-нд Концессийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гаргасан.Тогтоолоор эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заасан.
Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэх үед дурдагдаагүй нийт 800 тэрбум төгрөгийн өртөгтэй 8 концессын гэрээг Засгийн газрын сайд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нар болон тэдэнд хамааралтай хүмүүс хийчихсэн байгаа юм.
Энд маш ноцтой нэг мэдээлэл байгаа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд Н.Номтойбаярын гэр бүлээс LX570 автомашиныг бэлгэнд авсан явдал. Төрийн өндөр алба хашиж буй хүн үнэтэй бэлэг авсан тохиолдолд бүртгүүлж, улсад хүлээлгэн өгөх журамтай.Гэтэл Ж.Эрдэнэбат бэлгийг сэм аваад хариуд нь Засгийн газрын 37 дугаар тогтоол гэгчийг гаргаж, МАК компанид Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон гэх сэжиг байгаа аж. Энэ хардлага үнэн бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголд бус Н.Номтойбаярын компанид үйлчилдэг болж таарна.
М.Энхболдын ялагдлын үндсэн нөхцөл нь сонгуулийн кампанит ажлыг удирдаж чадаагүй, Засгийн газрыг нэр төртэй ажиллуулж чадаагүй, нэр дэвшигчээ бодит мэдээллээр хангаж, зөв шийдлүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж чадаагүй, намын дотоод эв нэгдлийг хангаж, гишүүдийн хүч боломжийг нэгтгэн дайчилж хүчрээгүй сонгуулийн штабын Ерөнхий менежер, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болох нь задлан шинжилгээнээс тодорхой байна.
Ийм чадваргүй хүнээр Засгаа, намаа удирдуулаад МАН цааш хэр хол явах бол?!
Судлаач С.Мөнгөнцэцэг
sonin.mn
Сэтгэгдэл