Гэр бүлээс гадуур харилцаанаас хүүхэдтэй болсон жүжигчин Жун У Сун эцгийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхээ амлажээ


Гэр бүлээс гадуур харилцаанаас хүүхэдтэй болсон жүжигчин Жун У Сун эцгийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхээ амлажээ

 

Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг Жун У Сун модель Мүүн Га Бигийн саяхан төрүүлсэн хүүхдийн эцэг болох нь батлагдаад байгаа.

Өчигдөр буюу Баасан гарагт Сөүл хотод болсон 45 дахь удаагийн “Blue Dragon Film Awards” наадмаас шагнал хүртэх үедээ 51 настай жүжигчин Жун “Намайг хайрлаж, надад итгэж байсан бүх хүмүүсийн урмыг хугалж, санааг нь зовоосондоо би чин сэтгэлийн уучлалт гуйж байна. Би бүх шүүмжлэлийг хүлээн авч байна. Эцэг хүнийхээ хувьд би амьдралынхаа турш хүүгийнхээ өмнө бүх хариуцлагыг үүрэх болно” гэж хэлэхдээ хоолой нь зангирч байжээ.

Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Жун У Суны агентлаг модель бүсгүйн төрүүлсэн хүүхэд түүнийх мөн болохыг албан ёсоор баталсан юм.

Тэр өдрөөс хойш жүжигчин эр анх удаа олон нийтийн өмнө байр сууриа илэрхийлсэн нь энэ байлаа.

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг тэрбээр элдэв дуулианд холбогддоггүйгээрээ алдартай нэгэн байсан юм.

Түүнийг тойрсон дуулиан өнөөдөр олны танил хүмүүсийн нийгмийн хэм хэмжээ, ёс суртахууны талаар хүмүүсийн дунд өргөн маргаан үүсгээд байна.

Зарим нь түүнийг ойлгож байгаагаа илэрхийлж байхад нөгөө нэг хэсэг нь 35 настай модель Мүүнтэй гэрлээгүйд нь дургүйцэж байгаа юм.

Өчигдөр Жун өнгөрсөн оны “12.12: The Day” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг киноны Үзэгчдийн Сонголт” шагналыг хүртсэн байна.

Дарангуйлагч Чун Дү Хваны 1979 онд зохион байгуулсан цэргийн эргэлтийг дүрсэлсэн уг кинонд тэр эргэлтийг эсэргүүцсэн генералын дүрийг бүтээжээ.

Уг бүтээлийг нийт 13 сая гаруй хүн үзсэн байна.

“'12.12: The Day' киног үзсэн бүх үзэгчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Миний хувийн асуудал уг киноны амжилтад толбо бүү үлдээгээсэй гэсэндээ, энэ бүтээлд оролцсон бүх хүмүүсийн төлөө би өнөөдөр энд зогсож байгаа юм” гэж Жун У Сун тайзан дээрээс хэлжээ.

Хүүхэдтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа түүнийг “Blue Dragon Film Awards” наадамд оролцохгүй гэсэн цуурхал тараад байсан юм.

 

Эх сурвалж: Korea Times


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.