Ээлжийн амралтаараа Завхан аймгаар аялж явахдаа нярайн эндэгдэл амаржих газарт гарсан таагүй үйл явдалтай таарсан юм. Амгийн төвд амьдрах ахын маань хамаатны бүсгүй амгийнхаа нэгдсэн эмнэлэгт амаржихаар иржээ. Ар гэрийнхэн нь "Өвдөлт өгч амаржих газарт хүргэгдсэн ч өвдөлт нь зогсчихсон. Төрөхийн өмнөх байранд ирээд 10 гаруй хонож байгаа” гэцгээнэ. Эмч нарын хяналтад байгаа болохоор сайн төрчих байх гээд санаа зовсон хүн ч байсангүй. Эмч нарт итгээд тэр шүү дээ. 2017 оны наймдугаар сарын ... оройн ... цагийн орчим ус нь гарч өвдөж эхэлсэн тухай мэдээ ирж өлгий даавуу, цай хоол болцгоов. Гэтэл 10 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн эмэгтэйн хүүхэд бүтэлттэй /амьгүй шахуу/ төрж, хэдэн цагийн дараа амьсгал хураав. Эмч нар "хүүхэд чинь хүйгээ 2 ороосон байна” гэх тайлбар хэлсэн гэсэн. Гурван охинтой айл хүү төрөх нь хэмээн хөл хөөр болж байсан нь мэдээж. Хүүхдээ алдсан эмэгтэйн ар гэрийнхэн "Яагаад энэ олон хоног эмнэлэгт хэвтэж байхад хүйг нь ороосныг ЭХО-оор хараагүй гэж үү, яагаад касер хагалгаагаар төрүүлсэнгүй вэ, хүүхэд нь гэдсэндээ бүтэж байхад яагаад мэдсэнгүй вэ” гэх зэрэг хариулт нь тодорхойгүй асуулттай, нүд дүүрэн нулимс, цээж дүүрэн гомдолтой явна. Энэ бол сүүлд гарсан нярайн эндэгдлийн бодит жишээ. /Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг дараагийн нийтлэлээрээ хүргэх болно/
Эх барихын шалтгаантай хүндрэл давамгайлж байна
Э, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь тухайн улс, орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн түвшинг илэрхийлдэг. Эрүүл мэндийн салбарынхны ажлын үр дүнг ч тодорхойлдог. 2016 онд л гэхэд 24 эх цаг бусаар хорвоог орхисны 13 тохиолдол буюу 54.1 хувь нь хөдөө орон нутагт, 11 буюу 45.1 хувь нь Улаанбаатар хотод гарчээ.
Эндээс хөдөө орон нутаг дахь эхийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс 4.5 дахин, Улаанбаатар хот дахь эхийн эндэгдэл 2.3 дахин нэмэгдсэн ноцтой мэдээ байна. 2016 оны эхний хагас жилд 100.000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 61.7 пункт буюу өмнөх оны мөн үеийнхээс 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Жирэмсний хугацаанд болон төрөх үед, эсвэл жирэмслэлт шийдвэрлэснээс хойш 42 хоногийн дотор эмэгтэйн амь насанд аюул учирч аврагдсан тохиолдлыг эхийн ноцтой хүндрэл гэж үздэг. 2016 оны эхний хагас жилийн байдлаар эхийн ноцтой хүндрэлийн 158 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 44 тохиолдлоор нэмэгдсэн. Эдгээрийн 54 нь аймагт, 104 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Нийт 158 тохиолдлын 92 буюу 58.2 хувь нь умайн үйл ажиллагааны алдагдлын шалтгаантай хүндрэл байсан байна. Үүний 61 нь цус алдалт, 31 нь халдварын тохиолдол байгаа нь эх барихын шалтгаантай хүндрэл давамгайлж байгааг харуулж байна гэж дүгнэсэн байна.
Тэгвэл эхийн эндэгдэл, эх барихын ноцтой хүндрэлийн шалтгаан нөхцөл энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт, сахилга хариуцлага, зөв бодлого, зохион байгуулалт тулгамдсан асуудал болсныыг гэрчилнэ. Хэдхэн дүгнэлт танилцуулахад:
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг
- Төрсний дараах үзлэг хяналт хангалтгүй,
- Төрсөн эхэд цусны болон ЭХО шинжилгээ хийгээгүй,
-Баярын өдрүүдэд эхийг үзээгүй
Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Хархорин суманд
- Хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат байхгүй,
- БОЭТ-өөс аппарат авчирч тусламж үзүүлсэн боловч эхийн амь насыг аварч чадаагүй.
Өвөрхангай аймаг дахь БОЭТ
- Манас таталтын хүнд хэлбэрийн үеийн тусламж үйлчилгээний удирдамжийн хэрэгжилт дутмаг,
- Кесар хагалгааны дараах эхийн сувилгаа, эмчилгээ хангалтгүй
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг
- Эх хүүхдийн эргэлт, хяналт муу,
- Эрсдэлтэй бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйг ГБТ-ийн аргад хамруулаагүй,
- Жирэмснийг илрүүлж хяналтад оруулаагүй,
- Түргэн тусламжийн зохион байгуулалт муу,
- Эх барихын тусламж, үйлчилгээний удирдамжийг зөрчсөн,
- Мэс заслын болон цус, цусан бүтээгдэхүүний яаралтай бэлэн байдал хангалтгүй, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг - Эх барихын удирдамжийн дагуу тусламж, үйлчилгээг үзүүлээгүй,
- Жирэмснийг таслах асуудлыг оройтож шийдсэн
Өмнөгөвь аймаг дахь БОЭТ
- Кесар хагалгааны дараах үеийн хяналт муу,
- Эрчимт эмчилгээний тасагт 10 хоног эмчилсэн боловч цөсний хүүдийн үхжилт үрэвсэл, хэвлийн гялтантасыг оношлоогүй, хугацаа алдсан,
- Эмч нарын оношилгоо, эмчилгээний талаархи мэдлэг, ур чадвар дутагдалтай,
- Халдвар хордлогын шокийг оношлоогүй тул үжлийн эсрэг эмчилгээг оновчтой хийгээгүй,
- Оношийн зөрүү гарсан
Ховд аймаг дахь БОЭТ
-Эхийн биеийн байдлыг зөв үнэлж чадаагүй,
-Эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд хугацаа алдсан,
- Манас таталтын үеийн удирдамжийн дагуу тусламж, үйлчилгээ үзүүлээгүй,
Архангай аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төв
- Улаанбурхан өвчний хүндрэлтэй эхийг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж аваагүй,
- СЭМТ-ийн эмчийг халдвартын эмч мэргэжлийн арга зүйгээр хангаагүй,
- Стандартаас доогуур тусламж үзүүлсэн (Амьсгалыг аппаратаар удирдах шаардлагатай байсан боловч суманд аппарат байхгүй)
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
- Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсний дараах үжлийг оношлоогүй,
- Дотрын болон сүрьеэгийн тасагт дамжуулан эмчилж хугацаа алдсан,
- Хэт хүндэрсэн үед эхийг ЭХЭМҮТ-д шилжүүлсэн,
- Халдварын голомт умайг хожуу авсан,
- Зүрхний төрөлхийн гажигтай жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг бодитоор үнэлж, эрсдлийг тооцон, зөв шийдвэр гаргаж чадаагүй,
-Эрчимт эмчилгээний тасагт хожуу шилжүүлсэн,
- Эх барихын хавсарсан халдварыг оношлоогүй байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2016 оны долдугаар сараас сайдын ажилд томилогдсон. Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн удирдах нь гэцгээж байв. Гэвч эрүүл мэндийн салбарын гол үзүүлэлтүүдийн нэг эх, хүүхдийн эндэгдэл буурах бус нэмэгдсээр байна. Энэ талаарх албан ёсны статистик тоо үүнийг батална.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг та салбарынхаа сахилга хариуцлагыг чанд мөрдүүлэх үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Төрөх тасгуудыг хэрэгцээт төхөөрөмж, боловсон хүчнээр хангаж, монголын эх, хүүхдийг эрүүл аюулгүй амаржуулах үндсэн үүргээ хэдий болтол умартах вэ. Эрүүл мэндийн төвүүд, хөдөөгийн эмнэлгүүд өнөөдрийг хүртэл өнгөрсөн зууны арга барилтайгаа зууралдсаар байх уу?
Үргэлжлэл бий...
Б.Сондор
Zuv.mn
Сэтгэгдэл