Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт
буюу энэ сарын 21-нд эхийн эндэгдэл гарчээ. Тодруулбал, 27 настай
эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх
сурвалжийн хэлж буйгаар эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад
төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан гэж
мэдээлсэн юм. Харин эл мэдээллийг албаны эх сурвалж буюу дээрх төрөхийн
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Мөнхтунгалагаас
тодруулав.
-Танай эмнэлэгт төрөх гэж ирсэн эмэгтэй амиа алдсан гэж үнэн үү?
-Тийм зүйл өнгөрсөн хагас сайн өдөр болсон. Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Тэгэхээр хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-Эмч нарын хайхрамжгүй байдлаас болж амиа алдсан гэх юм. Эсвэл талийгаач төрөхийн хүндрэл ужиг өвчинтэй байсан юм болов уу?
-Шинжилгээний хариу гараагүй байхад "тийм байсан, ийм байсан” гэж урьдчилж хэлэх боломж байхгүй. Байгууллагын хувьд ч хуулиндаа ч задлан шинжилгээний хариу эцэслэн тогтоогдоогүй байхад мэдээлэх ёсгүй юмаа. Ийн тайлбар хийв.
Өөр эмч сувилагч нараас болсон явдлын талаар асуух гэж хичээсэн боловч "Мэдэхгүй юм байна” гэж толгой сэгсрэв. Тиймээс талийгаач эмэгтэй төрөхийн хүндрэлээр үү, эсвэл эмч нарын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас үүдэж, эх хүүхэд эндсэн үү гэдэг нь шүүх шинжилгээний хариугаар тодорхой болох юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг эмэгтэй хоёр удаа хагалгаанд орсон ч амиа алдсан байна. Харин хүүхэд нь ням гарагт нас баржээ. Юутай ч Нийслэлийн нэгдүгээр өргөө амаржих газарт эх, хүүхдийн эндэгдэл гарсныг албаны эх сурвалжууд нуусангүй ээ.
О.Сайхан
Сэтгэгдэл