Б.Хурц “их баривчилгаа” хийхээр эргэж ирэх үү


Б.Хурц “их баривчилгаа” хийхээр эргэж ирэх үү

 

Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд гэнэт ажлаа өгөхөөр боллоо. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар АТГ-ын даргын албанаас чөлөөлөгдөхөөр болсон гэж буй. Гэхдээ сайн ажиглавал АТГ-ын дарга нар үргэлж л сонгуулийн өмнө гэнэт өөрчлөгддөг. Хамгийн анхны дарга нь Д.Дангаасүрэн учир битүүлгээр нас барсан бол хоёр дахь дарга болох Ч.Сангарагчаа 2011 онд хууль зөрчсөн хэрэгт орооцолдож, УИХ-аас огцруулах арга хэмжээ авсан билээ. Харин гурав дахь дарга болох Н.Ганболд 2011 оны арваннэгдүгээр сард томилогдсон юм. Тэрээр дөрвөн жил гаруй хугацаанд ажилласны дараа ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөөр болж байна.

Тэгвэл түүний оронд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц томилогдоно гэх мэдээлэл гараад эхэллээ. Б.Хурц өмнө нь АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Н.Ганболдтой цуг АТГ-ын удирдлагад томилогдож байсан тэрээр 2014 онд Тагнуулын ерөнхий газрын дарга болсон юм. 2011 оноос хойш болон 2012 оны сонгууль хүртэлх хугацаанд АТГ-ын үйл ажиллагаа ихээхэн идэвжсэн. Өөрөөр хэлбэл, аймгуудын Засаг дарга нартай холбоотой авлигын хэргүүд, хамгийн том нь Н.Энхбаярт холбогдох авлигын хэргүүд тухайн үед ил болж, шүүхээр шийдвэрлэгдсэн. 

Энэ бүхний ард АТГ-ын дэд дарга Б.Хурц түлхүү ажилласан гэж улс төрийнхөн харддаг. Учир нь Б.Хурц бол "Ерөнхийлөгчийн хүн” гэх тодотголтой. 2010 онд Б.Хурц Лондонд баривчлагдсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөөцөлдсөөр 2011 онд суллуулж, эх оронд нь авчирсан. Улмаар шууд АТГ-ын дэд даргаар томилогдсон билээ. Ингээд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Н.Энхбаярыг баривчилсан. Тухайн үед бүх процесс хуулийн дагуу явагдсан ч энэ бүхний ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан гэх хардлага бий.

Харин энэ удаад Б.Хурц АТГ-т эргэж очих уу

2016 оны сонгууль дөхсөн энэ үед улс төрийн шинж чанартай, баривчилгаанууд явагдах вий гэх болгоомжлол үүссэн. Өнгөрсөн удаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхийг шүүхээс ялласан. Үүний дараа Н.Алтанхуяг гишүүн мэдэгдэл хийж, "Ц.Элбэгдорж бол хуйвалдааны төрийг үндэслэгч” хэмээсэн удаатай. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах, зөвлөхүүдийг Эрүүгийн цагдаагийнхан "мөшгих” болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Долоо хоногийн эхээр Х.Баттулга гишүүний эзэмшлийн компанид тусгайгийнхан очиж, нэгжлэг хийсэн нь олон нийтийг цочирдуулсан.  

Яг ийм нөхцөл байдалд АТГ-ын дарга Н.Ганболд гэнэт ажлаа өгөхөөр болж байгаа юм. Улс төрийн дарамт, шахалт байсан уу гэх асуулт гарч ирж буй. Н.Ганболд өөрөө "Энд ямар ч дарамт, шахалт, тохироо байхгүй” хэмээн өчигдөр мэдэгдсэн. Гэхдээ л улс төр бол улс төр. Магадгүй АН доторх томоохон "зодоон”-ы хохирогч Н.Ганболд болсон байхыг ч үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр Б.Хурц хэрвээ АТГ-ын даргаар очвол цаашдаа ямар алхам хийж, "хэний талд” ажиллах бол. Тэр 2012 оных шиг "том загас”-нуудыг ангуучлах уу, үгүй юу. Хэрэв тэгэхэд хүрвэл одоогийн эрх баригчид л "өртөх” биз.

Эсвэл яг эсрэгээрээ сонгууль дөхөж буй энэ үед АТГ-ыг дуулгавартай болгох зорилгоор шинэ томилгоо оруулж ирж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд АТГ-ын даргаар Б.Хурц биш Х.Тэмүүжин томилогдох магадлалтай. Түүний нэр ч бас АТГ-ын дараагийн даргад яригдаад эхэлчихсэн байгаа. 

ЭХ СУРВАЛЖ: ЕAGLE.MN

http://eagle.mn/r/8560

 Л.Энхдэлгэр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.