Монгол Улсад “Восточный” боомтоос газар өгье


ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Находка дахь "Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа. ОХУ-ын хувьд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор форумыг зохион байгуулж гадаадын бизнесмэнүүд болон төр, засгийн тэргүүнүүдийг урьж оролцуулдаг юм.

 

Боомтын үйл ажиллагаатай танилцахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар байлцлаа.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, "Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд, далайн болон голын тээврийн холбооны Агентлагийн дарга В.А.Олерский нар нүүрс дамжуулан өнгөрүүлэх далайн боомтын үйл ажиллагааг газар дээр нь танилцууллаа.

 

Монгол Улсад “Восточный” боомтоос газар өгье

 

Энэ үеэр ОХУ-ын талаас  Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан байна.

 

"Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОХУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн "Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.

 

Уг боомтоор 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34,8 сая тонн ачаа тээвэрлэн өнгөрүүлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.