Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж, гадаа сэрүү орж эхэллээ. Есдүгээр сардаа налгархан, дулаан байвал их юм. Аравдугаар сар гарав уу үгүй юу л хүйтрээд эхэлнэ. Хүйтний улирал золгохтой зэрэгцээд Улаанбаатар хот маань утаанбаатар төрхөндөө орно доо. Утааны улирал эхлээд төр засгийн удирдлагууд уран цэцэн үгээрээ уралдаж, шинэ шинэлэг санаагаараа уралдах нь дамжиггүй.
Зарим нь бүр "утаагүй” зуухыг солих талаар ч яриад эхэлсэн байна билээ. Гэхдээ эрхэм дарга нар ямар ч санаа гаргаж, хэчнээн ч мөнгө үрлээ гээд Улаанбаатарын утаа нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Зарим албан тушаалтан хагартлаа баяжиж, иргэд нэг зуухыг нөгөөгөөр солиод л өнгөрч байх шиг байна.
Хэрвээ манай төр засгийн удирдлагууд иргэдээ бодсон бол арай өөр бодлого баримтлах байлаа. Тухайлбал, нэг хашаанд нэг л яндан байхаар журамлаад өгчихдөг бол хэрэгтэй. Эртнээс ийм журам гаргаад, хөдөөнөөс орж ирж байгаа иргэдэд заавал өөрийн орон сууцтай, эсвэл хашаатай байх шаардлага тавьж байсан бол хотын утаа одоогийнхоос 3-4 дахин бага байх байсан талаар судлаачид хэлж л байна. Иргэд сайндаа хот руу нүүгээгүй. Ядуурсан учраас ажилтай, амьдралтайг нь бодож нийслэл рүү нүүж байгаа.
Тийм хүмүүст юуных нь хашаа авах мөнгө байдаг юм гэж хэлэх хүмүүс олон гарна. Тийм ээ, үнэн. Одоогийн байгаа байдал үнэхээр тийм байгаа. Гэхдээ энэ чинь бүхэл бүтэн улс байна даа. Гуравхан сая иргэнийх нь тал хувь нь нийслэлд шавж, утаандаа нийтээрээ хордож байснаас арай өөр гарц бидэнд хэрэгтэй биз дээ. Одоо ч гэсэн нэг хашаа, нэг яндан гэсэн журам гаргамаар байгаа юм.
Улаанбаатарт нэг хашаанд 4, 5 айл байх ч тохиолдол зөндөө л байна. Аль болох төв рүүгээ ойрхон байх гээд л нэг хашаанд шавааралдчихдаг. Одоо ч гэсэн хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдэл байдгаараа л байгаа. Тэдний ихэнх нь Улаанбаатарт байгаа танил тал, хамаатан садныхаа хашаанд буухаар зүтгэж байгаа шүү дээ. Ядаж энэ урсгалыг ч гэсэн зогсоомоор байна. Хэдийгээр хүн хаана амьдрах нь эрхийн асуудал.
Гэхдээ цөөн хүний эрхээр олон хүнийхийг зөрчиж бас боломгүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээс хүн хаана амьдрахаа дураараа сонгож болох нь илүү гэж хэн хэлээд байгаа юм. Тийм болохоор яаралтай арга хэмжээ авах цаг болсон. Нэг хашаанд 4, 5-аараа байгаа айлуудыг ч гэсэн зохицуулах хэрэгтэй байна. Зарим боломжтойг нь гал түлэхгүй, халаалтаа өөр аргаар шийдэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч яадаг юм. Яаж нэг хашаанд нэг яндан байлгаж болох вэ, боломж юу байна гэдгийг ч судлах л хэрэгтэй байна.
Мөн орон сууцжуулах хөтөлбөрөө ч сайтар хэрэгжүүлье. Тэр дундаа бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгтэй байна. Ингэж чадвал утаа бага ч болов буурна. Хятадтай орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр хийж байгаа талаар нэг хэсэг мэдээлэл гарсан. Тэр хэлэлцээр нь хаанаа гацчихав. Уг нь утаанаас салах бүхий л аргыг бид хэрэглэмээр байгаа юм. Одоо утаагаар бизнес хийхээ больчих хэрэгтэй шүү дээ, эрхэм дарга нар минь. Нэг удаа ч болов иргэдийнхээ төлөө шийдвэр гаргаад, зоригтойхон хөдлөх хэрэгтэй байна аа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ
О.УЯНГА
Сэтгэгдэл