
Монголчууд бид баргийн юмыг тоогоод, нялцаганаад, янгуучлаад байдаггүй, бүдүүн баараг хүмүүс. Гэвч аливаа зүйлд тэвчээрийн хязгаар бий. Энэхүү аймшгийн утаанаас болж үнэнхүү бухимдал төрж байна аа. Хотын төвд гэр хороолооос хол , эсвэл хотоос гадагш цэвэр цэнгэг агаарт, хаус харшинд тансагладаг ихэс дээдсийн хувьд хорт утаан дунд хоног төөрүүлж байгаа ихэнх иргэдийнхээ зовлонг ойлгож, зовиурыг мэдрэхгүй байх нь аргагүй. Утааны хорт уршиг хамгийн түрүүнд хөгшид, хүүхэд нялхаст хүндээр тусч, хууч архаг өвчнийг сэдрээж буй.
Бичээч би ч энгийн нэгэн үрсдээ санаа зовнисон эх хүн. Эрх баригчдын гайгаар олдог хэдэн бороо энэ балай утааны эсрэг хэдэн зуугаар нь зарцуулж, эм тан маск тэргүүтэн авч хэрэндээ тэмцэж буй ч шимж хорсгох утааны өмнө сөгдөж туйлдаж байна.
Орон сууцны иргэд ч тэднээс дээрдэх юм огт алга. Цонх, хаалга, тагтны нүх сүвээр утаа нэвчин, гэрээр нэг ханиаж, хахаж цацсан хүмүүс, хэлэх ч үг алга. Ингэж бухимдсан үед утаагүй зуухны төсөл гэж сүржигнэн өчнөөн тэрбум төгрөг цацсан нь бодогдож ямар их дургүй хүрдэг гэж санана! Хаа байна тэр утаагүй зуух, нөгөө "Цэвэр агаар төсөл” чинь гэж хашгирмаар. Утаа утаа бүр утаа ч биш угаар. Энэ угаар амьсгал давхцуулж, хоолой гашуу оргиулан, үнэр нь хамар сэтлэм. Өвөл бүхэн л их хотын агаар ийм байдаг болохоор цээжнээс хар цэр ховхорч, уушгиар өвчлөгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр л...Гэтэл насанд хүрсэн надад ийм хүнд санагдах хорт утаа бидний амьдрал бэлэглэх гэж орчлонд авчирсан үрсэд минь бүүр ч бачуурам буй гэж бодохоор л...
Энэ жил гэхэд л бас нэгэн сүржин нэртэй утааны эсрэг эрх баригчдын тэмцэл нэртэй ядмаг арга хэмжээ хэрэгжиж байна.
Тодруулбал, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэлээ. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл үнэ төлбөргүй ашиглах, цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэрэг зохицуулалттай. 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой гэж байгаа. За тэгээд цэцэн үг нь цээжинд хэдэнтээ буй нөхдүүд энэ ажлаа Гэр хорооллын айл өрхүүд маань энэ боломжоо зөв, бүрэн ашиглаж чадвал маш сайн үр дүн гарна гээд байгаа шүү дээ. Хэн мэдэх вэ. Урдын туршлагаас магад дээрдэх л юм байлгүй. Одоо ч утаа арилгаж л байвал бидэнд байдгаа барихаас өөр арга алга атал энэ хэдэн төрийн түшээдүүд өнөөдөр гэнэт утаа гараад ирсэн аятай өнөөх утаагаа судална гээд хэдэн саяыг төсөвлөчихсөн. Дунд сургуулийн химийн хичээл дээр ч сурагчид бодоод олчихоор хэт ихэдсэн үзүүлэлттэй хорт утаатай гээд байхад юуг нь судлах гээд байдаг улс юм байгаа юм. Үүгээр ч барахгүй. Цахилгааны хөнгөлөлтийг тэглэж хөнгөлөх айлуудын бүс гээд шалгуур дээрээ 90700 айл өрх гэсэн байна. Гэхдээ энэ айлууд нь өнөөх утааг гаргаад байгаа энгийн зуухтай айлууд бус утааг хэрэндээ багасгах гэж буй гэх цахилгаан халаагуур, утаагүй зуухтай айлуудад хөнгөлөлт үзүүлэх гэнэ.
Өдгөө Нийслэлийн гэр хороололд амьдардаг айлуудын ердөө арван хувь нь цахилгаан халаалтыг амьдралдаа нэвтрүүлсэн байдаг юм байна. Ялангуяа Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт ийм маягаар халаалтаа шийдсэн айл цөөнгүй. Ийм маягаар халаалтаа шийддэг айлууд сардаа 130 мянга орчим төгрөгийг зөвхөн цахилгаан хэрэглэсний төлбөрт төлдөг байх юм. Хэрвээ энэ үнийг дор хаяж 50 хувиар хөнгөлөх юм бол тухайн айлын цахилгаанд төлдөг үнэ сард 65 мянган төгрөг болно гэсэн үг. Гэхдээ бүтэн өдрөөр хөнгөлсөн тохиолдолд шүү дээ. Өмнө нь шөнийн тарифыг "тэг” болгох санал гаргаж байсан ч нэг их дэмжлэг аваагүй. Харин одоо тэг болгох хөнгөлөлт батлагдсан болохоор судлаад үзэхэд гэмгүй санагдана.
Нэг айл дунджаар 250 мянган төгрөгөөр цахилгаан халаалтыг гэртээ суурилуулах боломжтой. Тохирч чадвал үүнээс ч хямд үнээр тавиулах боломж байгааг Зуун айл дахь барилгын материалын захаас мэдэж болно. 5х7, 7х9 хэмжээтэй байшинд бол 220, үүнээс том хэмжээтэй бол 380 вольтод суурилуулах хэрэгтэй. Нэгэнт утаанаас салах гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй л байгаа юм чинь үүнийг тал талаас нь судлаад, хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй.Хятадад гэхэд өнгөрөгч оны сүүлээр 70 хотод агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн учир үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Хятадад агаарын чанарын индексийн шар эсвэл улаан гэрэл асвал юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Манай улсад Агаарын чанарын индекс ийм төвшинд очсон үед ингэж арга хэмжээ авна гэсэн Онцгой байдлын стандарт одоогоор алга. Уг нь газар хөдлөх үед яах ёстой вэ гэдэг сургуулилтыг сайн хийдэг шигээ агаарын чанарын индекс хэд байхад ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг зүйлийг мөрдүүлдэг болох хэрэгтэй байна. Жишээ нь хоёр өдрийн өмнө салхи тогтож, утаа үүлэн доогуур хуралдаж амьсгалах аргагүй боллоо. Ийм үед бүх хүн маскаа зүүдэг болох хэрэгтэй. Хорт утаа бидний биеийг үл эзэгдэх сүнс мэт хэрж байна.
Тиймээс агаарын бохирдол ихэссэн үед шуурхай арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж, утааны хэмжээг ангилан иргэддээ сэрэмжлүүлэг өгөх, утаа их ялгаруулдаг үйлдвэр, ААН-ыг зогсоох, хорт утаа ихээр ялгаруулж байгаа автомашины хөдөлгөөнийг хориглох зэрэг арга хэмжээ авах шаардлага тулгарах байх. Олон улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний жишиг нь ийм байна.
Харин бүх үйл ажиллагааг зогсоогоод гэртээ суувал гэрээ ихээр галлаж нөгөө утаа чинь улам нэмэгдэнэ. Бээжингийн агаарын бохидлын гол үүсвэр нь үйлдвэрийн утаа, манайх бол гэрийн яндан, автомашины утаа шүү дээ.
Сэтгэгдэл