Утааг бууруулж чадахаасаа нэгэнт өнгөрсөн гэж нийслэлийн удирдлагууд бодов уу. Ямартай ч энэ жилийн хувьд утааг бууруулахад тусгайлан төсөв гаргахааргүй болсон байна. Үүгээрээ нийслэлчүүдийг утаатайгаа эвлэр гэсэн сонголтыг үлдээчихлээ. Өнгөрсөн хугацаанд утаанд зориулж 230 гаруй тэрбумыг зарцуулжээ. Гэсэн ч хүний нүдэнд харагдах хэмжээний утаа буураагүй гэж иргэд үздэг. Мэргэжилтнүүдийн тайлбараар бол утааны бохирдлын хэмжээг буурсан гэдэг.
Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр ажлуудыг эхлүүлсэн. Хэрэгжүүлсэн. Гэвч энэ нь үр дүнгээ өгсөн үү, харин хэдэн дарга нартыг түрийвчийг зузаалахад л үр өгөөжөө өгөв үү. "Цэвэр агаар сан”-гийнхан их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдсон байдлаас нь харахад утааг бууруулахаар гаргасан төр засгийн мөнгийг цөөн хэдэн дарга хувааж хүртсэнээс болж, нийслэлчүүд бид утаатайгаа өвөлжсөөр байна. Боловсронгуй буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбумыг зарцуулсан. Мөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийн 80 тэрбумыг "Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, "Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгосон байдаг. Харамсалтай нь эдгээр хөрсөн дээрээ бодитойгоор буусангүй. Иймээс л нийслэлийн удирдлагууд энэ жил утаанд хөрөнгө гаргахааргүйгээр болов бололтой.
Уг нь нийслэл албан татвартай болж, нэг сар гаруйн хугацаанд 110 гаруй сая төгрөг төвлөрчээ. Нийслэлийн иргэдээс авч буй энэ татвараар утаагүй Улаанбаатарыг бий болгочихож чадахгүй гэж үү.
Сэтгэгдэл