Мулгуу лам нар мухар сүсэгтнүүдээр даажигнасаар


Мулгуу лам нар мухар сүсэгтнүүдээр даажигнасаарОйр дотнын нэг найз маань гэнэт өөд болчихжээ. Маргааш өглөө нь уламжлал ёсоор алтан савыг нь нээлгэхээр ах дүү нар нь муухан таньдаг нэг ламдаа хандахаар хотын баруун дүүрэг рүү явцгаасан юм. Удаж удаж ирсэн нөгөө хэд маань, царай нь нилээд баргардуу, хоёр хуудас ар өвөргүй биччихсэн илтгэл аятай юм авчирснаа ах дүүсдээ чанга дуугаар уншиж танилцууллаа.

 

Тэрхүү төлөгт нь уг хүн ямар шалтгаанаар бие барсныг нь өөрөө харж үзсэн мэт дэлгэрэнгүй өгүүлснээс гадна оршуулгыг нь ямар жилтэй хүн яаж зохион байгуулах, тэр бүү хэл ажил явдлаас ирээд, гар нүүрээ хаашаа харж байж угаахыг нь хүртэл  нэгд нэггүй  заажээ.

 

Мөн уг төөрөгт бүрлээч их мууөдөр бямба гаригт өөд болсон учир  олон хүнд гай тотгор авчрах, тэрэн дотроо ийм ийм жилтэй хүмүүсийг бол бүр өнөө маргаашгүй араасаа дагуулаад явах нь хэмээн  буусан нь хүргэн бэрээс нь өгсүүлээд хүний өөрийн гэлтгүй нилээдгүй хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж орхилоо. "Иймээс эдгээр жилтнүүд миний хийдэд тавь тавин мянган төгрөгтэй ирж заслын номуудыг нэн даруй уншуулах ёстой” гэж залснаар барахгүй тэр хийдийн хориод лам нарын тухайн өдрийн хоолыг дааж буян үйлдэхийг ч анхааруулсан байв.

 

За энэ ч яамай гэтэл хамгийн аймшигтай нь талийгаач уулан дээр суусан суудалтай тул зүүн урьд зүгт гаргаж, өндөр уулын энгэрт  ил тавь хэмээн зарлигдаад бүрлээчийг газарт булж, тэр тусмаа  шатааж чандарлах юм бол сүнс нь  гэртээ ирээд бүтэн жил бугчих аюултай гэсэн байх юм. Ах дүү нар нь чухам үүнийг нь эрс эсэргүүцэж бусдыг нь дуртай дургүй ч  толгой дохин хүлээн зөвшөөрцгөөв.

 

Хотыг тойрсон  уул довын  энгэрт  сүүлийн үед хүн энд тэндгүй ил тавьснаас нохой шувуу түүн дээр нь найрлаж бужигнан энд тэндгүй зэмэлсэн яс хөглөрч аймшгийн кинон дээр гардагтай адил  зүйл болоод байгаа талаар  сонссон маань үнэн болж таарлаа. Оршуулгын зардлаа дийлэхгүй эмзэг бүлгийнхэн л ингэдэг байх даа гэж бодсон чинь зарим  нэг ламбугайн зурхайгаар л мухар сүсэгтнүүд хамаатан садныхаа нүцгэн цогцсыг хааяагүй ил хаяад байгаа нь тодорхой боллоо.

 

Төлөгт заасны дагуу тахал халдвартай хүн аятай талийгчийг хөдөөлүүлснийхээ  дараагаар хувцас хунар, ор дэр, хөөрөг даалин эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг нь нэн даруй шатааж булахаар болж байгаа нь  дэндүү уваагүй үйлдэл мэт. Мөн оршуулганы нь үеэр хамт байж болохгүй хүмүүс гээд баахан жил жагсаасанд тэр хүний үр хүүхдүүд бүр хань ижил нь ч багтчихав.

 

Түүгээр барахгүй буддаас өөр шажинтнууд оршуулганы ойр тойронд нь байж болохгүй гэснээр дотнын хүнээ сүүлчийн замд нь үдэх хүний тоо эрс цөөрснөөр барахгүй, талийгаач маань  христийн сүмд хааяахан явдаг  хүн байсан болохоор тэр зурагаар бол өөрийг нь ч бараг оршуулж болохгүй мэт болчихлоо.

 

Өөр нэг төвөгтэй асуудал гарч ирсэн нь, талийгаачийн авга ах гэгч настай хүн хөдөөнөөс ирэхдээ, нутгийн нэгэн сайн ламаар алтан хайрцгийг нь нээлгэж, бас нэг зурхай зуруулж авч ирсэн явдал байлаа. Нөгөө хоёр зурхай төөрөг нь хоорондоо тэнгэр газар мэт зөрж, алийг нь баримтлахаа шийдэх асуудлаар ах дүү нарынх нь дунд яггүй маргаан дэгдлээ.

 

Нэг зурхайч нь талийгаачийн сүнс энэ хорвоод эргэж ирэхгүй өөр газар руу талийсан гэж зурагдсан бол, нөгөөдөх дээр нь хойд төрөлдөө ах дүүсийнхээ хэн нэгнээс гарах охин болж төрөхөөр  "буужээ”. Ингээд эцэст нь олонхийн саналаар  бидэндээ өнөө маргаашгүй буцаж ирэх магадлалтайг нь дагахаар болцгоолоо.

 

Нилээд айдас хүйдэсд автсан хань ижил, үр хүүхэд, ах дүүс маргааш өглөө нь мэрэг төлөгт заасан өнөөх олон заслуудыг иж бүрнээр нь хийлгэхээр буяны ажилд цугласан хэдэн бор төгрөгөө хамж аваад нөгөө ламтны бяцхан хийдэд очиж баахан ном уншуулан өдөржин сууцгаасан тул, хайрцаг савыг нь захиалж хийлгэхээс өгсүүлээд, оршуулгын юмыг нь эмхлэх ажилд ч бас багагүй  түвэг учирсан юмдаг.

 

 Газар гуйж авах ажилд нь томилогдсоны дагуу би нөгөө нөхрөөр утас цохиулж байж өөр нэгэн хийдээс найз ламтныг нь авахаар очтол, гэсгүй нь миний өмссөн зүүснийг хөлнөөс толгой хүртэл нэвт шувт харснаа,  "ямар машинаар явах юм бэ” гэсэн сонин асуулт тавьдаг юм байна.  Цонхоор талийгчийн дүүгийнх нь унаж явсан   том гарын жипийг зааваас, "би өөрөө явдаг хэрэг ээ” хэмээгээд биднийгээ цаг гаруй тас хүлээлгэж орхих нь тэр. Мөнөөх хийдэд мэргэ төлгөө үзүүлэгсдийн урт дараалал ашгүй шувтарч, орхимж нөмөрсөн өнөөх бүдүүн эр нэгэн залуухан бандийг дагуулсаар гарч ирлээ.

 

Нарангийн энгэр рүү  явах урт замд ламтан маань тэтгэвэрт гарахаасаа өмнө цагдаагийн ажилтан байсан тухайгаа илэн далангүй баахан ярилаа. Оршуулгын газарт ирсэн даруйд бид газар хөндөх цагийг нь түрүүчийн ламын төлгөнд нарийн заасныг  хэлбэл, "тэр хамаагүй ээ” хэмээн ундууцаад  ёслолын уншилгыг нөгөө дагуулж явсан банди нь ердөө хоёр гуравхан минутын дотор дуржигнуулж орхилоо. Хуврагийн гар утас нь байнга хангинах тул, өөрөө ч уншлагын ажилд шальтай оролцсонгүй.

 

Дараагийн хүмүүс хүлээж байгаа гэсэн ламтны байн байн анхааруулгын дагуу ажлаа дуусгаад яарч давчин хөдлөх үеэр хэн нэг нь аманд дотроо "ийм амархан уншчихдаг юм байх даа” хэмээн бувтнасан нь хуврагийн чихэнд хүрсэн бололтой. Зарим номыг яарсан үед бөөндөж болдог талаар түүний хөгжилтэй яриа  талийгаачийн маань авга ах өвгөний сэтгэлд огтхон ч нийцсэнгүй. 

 

Хүн бүр засал хийлгэх, лүүжин дайжин гэгчийг нь дахин дахин хуруулах гээд гарсан бүх зарлагыг нь тооцож үзвэл оршуулгын зардлын бараг хагасаас илүү гарсан гэнэ лээ. Муу ёрлосон хар төлөгчийн мунхаг айлдварыг ёсчлон дагаж буй мухар сүсэгтээ хүлэгдчихсэн хүмүүс мөн өрөвдөлтэй еэ.

 

Бямбын Ренчин гуай цагтаа "маарамба, лхарамба бус хуурамбаанууд дэндүү олширч байна” хэмээн гасалдаг байсан гэдэг. "Зуд болоход нохой таргалдаг, зовлон ихсэхэд лам таргалдаг” гэсэн бидний өвөг дээдсийн яриа сургааль юутай үнэн.  Лам хувраг, зурхайч төлөгчийн хос дүрд гайхалтай тоглогч эдгээр хуурамба нар  ядарсан нэгнийхээ зовлонгоор ингэж даажигнахаа зогсоохгүй бол алсдаа "Сэрэлт” кинонд гардгаар өөрсдөө хийсэн нүглийнхээ төлөө эзгүй хээр говьд хонин гүрвэл болж төрдөггүй юмаа гэхэд их хотын маань хөвөө хязгаар ил тавьсан нүцгэн шарилуудаар  мөдхөн дүүрэх нь ээ.

 

Ахан дүүс минь, хар сүсгийн гүн нойрноосоо сэрцгээ л дээ, бид чинь эрхбиш XIX зуунд амьдарч байгаа шүү.

 

 Өдрийн сонин 2011-4 -18   №098

Ш.Пүрэвсүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.