Манайх гэдэг айл хотын төвөөс холгүй орших Зүрх уулын бэл Зуун модны булгийн хажуудхан зуслангийн газартай болж тохижсоноос хойш нэг л мэдэхэд арван жил ард үлджээ. Анх энд ирэxэд энэ хавьд ихээхэн ус намгархаг учир хэдхэн айлтай, булгийн хажуугийн намганд хос ангир зунжин ганганалддаг байв. Эм ангир нь үе үе үглэн ганганадаг бол эр нь харин дуу цөөтэй нисэх буух үедээ л хааяахан дуугардаг.
Ээж маань уулын арын модонд хөхөө донгодохыг сонсон төрж өссөн Ханхөхий уулаа санагалздаг, хүүхдүүд маань өглөө бүр хондон ангирын ганганах дуунаар гүн нойрноосоо сэрдэг байлаа. Ангир ер нь эртэч шувуу юм билээ. Хар үүрээр хамгийн түрүүн ганганаж, түүнд нь сэрсэн хөхөө хөвч ойг цууриатуулан донгодож тэр зун үнэхээр ер бусын гайхалтай сайхан зун болсон доо. Намар болж хүүхдүүдийн хичээл сургууль эхлэн зуслангийн айлууд утаатай хотоо бараадах үед хос ангир холын замдаа гарсан бололтой үзэгдэхээ больсон юмдаг.
Шувуу болгоны түрүүнд ангир, цэцэг болгоны түрүүнд шувуун таваг гэж бидний өвөг дээдэс ярьцгаадаг. Хойтон хавар нь хүйтний эрч суларч, цас ханзарч эхлээгүй шахам байхад нөгөө ангир хүрээд ирж, гэхдээ хосоороо биш ганцаараа байлаа. Хөөрхөн алаг хондон ангир тэр хавар зунжингаа ганганав. Миний хувьд үүр хаяарахаас эхлэн үдшийн харуй бүрий хүртэл өнчин ангир ганганах биш гаслаад байх шиг санагддаг байж билээ.
Хатуу өвлөөс урьтан халуун дулаан Энэтхэгийг зорин Хималайн цаст уулсыг давах нүүдлийн шувуудын нилээдгүй нь холын замд эцэж цуцаж, хөлдөж үхдэг талаар судлаачид ярьж бичдэг. Тэдний нэг хэсэг нь бүргэдийн дайралганд өртөнө, хүн хэмээх махчин мэдээж тэднийг бас зүгээр явуулахгүй. Хань ижлээ энэ ганц ангир яагаад алдчихсан юм бүү мэд. Шувууны хэл мэддэг шидтэйсэн бол түүнээс асуух ярих зүйл зөндөө л байх юм .
Ээж маань бидний багад “Шувуу битгий алаарай. Тэд чинь хань ижилгүй болчихвол насаараа ганцаардлын зовлонд унадаг юм гэнэ лээ” гэж байнга үглэдэг байж билээ. Тэр үед Баруунтуруун САА-н нутаг Өлөнгийн тариан талбайд бор галуу, тоодог их цугладаг байсансан. Нэг удаа багын найз Алтай бид хоёр бор галуу буудаж, Турууны гол дээр очиж шарж идчихээд махнаас нь жаахныг үлдээж ээждээ авчирч өглөө.
-Юуны мах юм гэхээр нь, –Туулайн мах гээд л туучихлаа. Ижий маань амтархан идэж байгаа гэж жигтэйхэн. “Та нөгөө битгий ал, битгий ал гэж үглээд байдаг усны шувууныхаа махыг хүртчихлээ ш дээ, амттай байгаа биз дээ” гэчихсэн чинь ээж маань дуу алдан босон харайж, галынхаа шилээврийг шүүрч авангаа намайг зуух тойруулан элдлээ. Бүр барьж авч чадахгүй болохоороо нөгөөх шилээврээ шидтэл тэр нь миний шилэн хүзүүн дээр үзүүрээрээ хатган тусж айхтар өвтгөж билээ. Миний хүзүү ч хэдэн өдөр өвдсөн, харин ээжийн маань зүрх түүнээс дутуугүй олон хоног шархирсан байж таараа.
Зуун модны булгаас ус авахаар ирэх болгонд нөгөө ангир ганцаараа л намган дотор сууж байна. Малаас айхгүй мөртлөө холоос хүний бараанаар үргэж ганганан ниссээр дэргэдэх хадтай уулын энгэрт буучихна. Тэр зуны урт байсныг яана. Усны шувууд буцах цаг яагаа ч үгүй байхад нөгөө ганц ангир маань нэг өглөө гэнэт алга болчих нь тэр.
Зусланд ирсэн гурав дахь жилийн хавар нөгөө ангир маань ганцаараа биш гурвуулаа болоод ирэх нь тэр. Үр хүүхдээ хань ижилтэй нь хамт замчлаад ирж дээ ашгүй дээ гэж баярлатал үгүй юм аа. Шинээр ирсэн хос ангир нөгөө муу ганцыгаа ад үзэж байгаа гэж жигтэйхэн. Хосууд намганд буумагц өнчин ангир хажуугийн өндөр хадтай уулын энгэр бараадаад нисэж очиж суучихаад алсад одсон хань ижлээ дуудах мэт өдөржин ганцаараа ганганана, гэнгэнэнэ.
Хаврын эхээс намрын сүүл сар хүртэл Монгол нутгийн маань унаган байгалийг чимдэг үзэсгэлэн гоо шувуудыг нэрлэ гэвэл би хамгийн түрүүн гангар хун, цэн тогоруу, хондон ангир гэж хэлнэ. Ангирыг Монголчууд “лам шувуу” хэмээн хүндлэн дээдлэдэг бол Оросууд “мандаринка” гэж өхөөрдөн нэрлэдэг,“Улаан дансандаа” бүртгэн авч агнахыг хатуу хориглосон байдаг.
Манайд зусдаг ангирын олонхи нь Өмнөд Хятад, Солонгосд өвөлждөг юм билээ. Скандинавын хойгоос авахуулаад Монгол, Энэтхэг, Хятадын өмнөд нутаг хүртэл өргөн тархсан энэ гоё шувууны тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хорогдсоор байгаа нь юутай харамсалтай. Нугасны бусад төрөлтэйгөө харьцуулахад биеэр том энэ шувууг хүмүүс ангуучилдаг, үнэг чоно хүртэл гоочилдог болохоор ангирын амь нас үргэлж мөнх хутганы ирмэг дээр байдаг.
Угаасаа загас жараахай хийгээд усны шувуудыг бидний өвөг дээдэс алж агнадаггүй байсан учир Монгол орон ангирын хувьд диваажин байжээ. Гэвч манай зуслангийн хавийн жишгээс харахад хүн малын шамбаралдаан жилээс жилд ихэссэнээс Зуун модны их намаг хатаж ширгэж, бяцхан ангирын дэгдээхэйнүүдэд өсөж торних орон зай өдрөөс өдөрт хумигдсаар байгаа.
Ангир шөнийн цагт өрөөсөн нүдээ анилгүй унтаж, аюул занал ирэхэд түргэн шуурхай зугатан зайлж чаддаг маш соргог шувуу. Хаврын хахир улиралд хүйтэн усанд сэлж шумбахдаа даардаггүйн учир нь ангирын биеийг бүрхсэн өтгөн өд сөд нь усанд нордоггүй шидтэй тул биед нь ус огт нэвтрүүлдэггүйнх. Хөл нь хүртэл хүйтнийг мэдэрдэггүй увьдастай учир ямар ч хүйтэнд цас мөсөн дээр тэд удаан хугацаагаар ажрахгүй сууж чадна.
Аравхан наслахдаа амьдралынхаа ханийг сольдоггүй гэлцдэг ангирыг манай өмнөд хөршийнхөн эрт дээр үеэс бие биендээ үүрд үнэнч байхын бэлэгдэл гэж үздэг ба хятад аав ээжүүд хуримын ёслолынх нь үеэр залуу хосд “Энэ амьдралдаа нууранд ижилсэх ангир” шиг байхын ерөөл дэвшүүлдэг гэнэ лээ.
Эх ангир нэг удаадаа 2-8 өндөг гаргадаг, эцэгтэй нь хамт халамжилж сар гарантаа дарсны эцэст өндөгнүүд хагарч хөөрхөн шар ангаахайнууд гарч ирдэг. Өндгөн дотроос нүд нь нээлттэй гарч ирдэг ер бусын ангаахай бол зөвхөн ангирынх.
Ангирын ангаахайнууд хальснаасаа салангуут бусад шувуудынх адил амаа ангалзуулаад үүрэндээ хэвтээд байдаггүй хэдхэн цагийн дотор үүрээ орхиж, төрөлх нуурандаа сэлж шумбан аав ээжийнхээ нөмөр нөөлгөнд маш хурдан өсөж торнидог. Гэсэн ч тэдний олонхи нь зэрлэг амьтдын хөнөөл, хорвоогийн хатууг даахгүй үхэж үрэгдэх нь даанч элбэг.
Өнгөрсөн жил бид ах дүүсээрээ Хадатын аршаан явах замдаа Архангайн Тариат сумаас холгүй нэгэн жижигхэн нууранд найман хөөрхөн шар дэгдээхэйгээ дагуулан хөвж яваа хос ангирыг хараад бүгдээрээ ёстой алмайрсан шүү. Ангирын хөөрхөн дэгдээхэйнүүд хоёрхон сарын дараа далавч жигүүр нь ургаж гүйцээд ижий аавыгаа даган халуун дулаан орноо зорьж холын замдаа гарна.
Энэ хавар хавар нилээд оройтож, Зүрх ууландаа 4 сард ирдэг хөхөө 5 сарын сүүлээр ирж донгодсон. Харин өнчин ангир маань ирдэг цагтаа буюу 3 сарын сүүлчээр тавуулаа болж ирэн манийгаа баярлуулсан юм. Өглөө бүр нойр хулжаах таван ангирын ганганаан ирэх зун энэ хавийн ойн хөвчийг цууриатуулахаар бүр олуулаа болж ирэхийг бэлэгдэн удахгүй явах холын замд нь сүүн цацал өргөе дөө.
Ш.Пүрэвсүрэн
Ганц ангирын гаслаан
2015/07/09 14:07
Сэтгэгдэл