Ц.Нямдорж Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд болохоос татгалзаж эхэлжээ


Ц.Нямдорж Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд болохоос татгалзаж эхэлжээ

 

УИХ-д 65 суудалтай, эрх баригч МАН-ын IX Бага хурал 9 сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордонд болсон билээ.
 Уг хурлаар  УИХ-ын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдын улстөрийн илтгэл, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн ялагдлын шалтгаанд хийсэн дүгнэлт, МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журам болон Ерөнхий сайдын нэрийг тодруулах гэсэн дөрвөн асуудлыг тус тус хэлэлцэхээр товлосон байв.
Ингээд  бага хурлын хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт болж, бага хурлын 294 гишүүний 188 нь  Шадар Сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгч,  УИХ-ын гишүүн Н.Энхболд 5, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 101 төлөөлөгчийн санал авсан юм. Ийнхүү Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр болж, өчигдөр эрх баригч МАН түүний нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгад албан ёсоор өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч УИХ-д асуудлыг яаралтай шийдэхийг хүссэн билээ. Үүнтэй холбоотойгоор шинэ томилогдох Ерөнхий сайд Засгийн Газраа хэрхэн бүрдүүлэх вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд идэвхтэй яригдаж байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар  Монгол Улсын Шадар сайдад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Энхбаяр нар,
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сайдад- УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Гадаад Харилцааны Сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сангийн Сайдад Ч.Хүрэлбаатар гэх мэтчилэн ихэвчлэн "М-Си-Эс”-ийн чиг баримжаатай улс төрчдөөр кабинетаа бүрдүүлэх магадлал өндөр байгаа юм. Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаар ажиллахаас татгалзаж эхэлсэн талаар МАН-ын лидерүүд ярилцаж эхэлжээ.
Хэдийгээр М.Энхболдын оронд УИХ-ын даргаар ажиллах сонирхол түүнд бий гэж улс төрчдийн дунд яригддаг нь нэгэнт тодорхой боловч энэ нь түүний сайдын албан тушаалаас татгалзах шалтгаан мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь УИХ-ын даргыг зөвхөн Үндсэн хууль зөрчсөн гэх мэт хэдхэн үндэслэлээр л огцруулдаг хуультай, тэгээд ч М.Энхболд ажлаа өгөх хүсэлгүй байгаа нь нэгэнт ил болсон юм.
П.Энхмандах
Sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.