АН-ынхан Шадар сайдад Н.Энхбаярыг томилохоо больж, "Б" төлөвлөгөөндөө шилжив


АН-ынхан Шадар сайдад Н.Энхбаярыг томилохоо больж, "Б" төлөвлөгөөндөө шилживУлс төрийн үйл явц өнгөрсөн долоо хоног шиг халуухан биш харин ч тайван байдлаар шинэ долоо хоногийг эхлүүлж байна. Харин энэ долоо хоногийн дундуур Шадар сайдын асуудал манай нийгмийг төдийгүй улс төрийн хүрээнийхнийг ихээхэн донсолгох болно.

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлж олныг "ангайлгаад" авсан. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын яамны сайдад томилуулах тухай албан бичгээ бүлгийн дэд даргын гарын үсэгтэйгээр Ерөнхий сайдад өргөн барьсан юм. Өргөн барьсныхаа дараагаар төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж мэдээлэл хийсэн. Ингэхдээ уг саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг МАХН-д тавьсан учир ийнхүү шийдсэн гэж мэдэгдсэн юм.

Харин Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдөр "Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд би Ерөнхий сайдын хувьд танд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь одоо энэ хэвлэлээр ярьж байгаа хувилбар буюу Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар юм. Хоёрдахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго. Тэгээд УИХ-даа танилцуулаад явах нь зүйтэй гэж хэлсэн. Ц.Оюунбаатар Шадар сайд болон Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би за Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна" гэж хэлсэн. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн. Ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна" гэж мэдэгдсэн.

Анх Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр АН-ын удирдлагууд МАХН-ынхантай тохиролцож, МАХН-ыг МАН-тай нэгдүүлэхгүй, эвсүүлэхгүй байх тохироотой эхлүүлсэн гэдэг. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж Ерөнхийлөгч хуулийн зөвлөхөөрөө дамжуулж "Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа дуусаагүй байгаа. Гэхдээ энэхүү асуудалд Засгийн газраас албан ёсоор бичиг ирсэний дараа хариулт өгнө" гэж дамжуулуулав.

Тэгвэл АН-ынхан өнөөдрөөс эхэлж Шадар сайдад МАХН-ын даргыг томилох асуудалд эсрэг байр суурьтай хандахаар болжээ. Угаас бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь эсэргүүцэж байгаа. Ерөнхий сайдын урдын тохироог бодоод Н.Энхбаярыг дэмжих гэсэн ч нам доторх олонхыг одоог хүртэл "базаж" байгаа Ерөнхийлөгчтэй тэрсэлдэж чадахгүй. Дээр нь нэмэгдээд намын хэсэг бүлэг нөхөд. Мөн МАН-ынхан, ИЗНН, бие даагчид зэрэг нэмэгдээд ирэхээр Н.Энхбаярт УИХ-аар дэмжигдэхгүй.

Тиймээс АН-ынхан "нүүдлээ" сэлгэж, Н.Энхбаярыг үлдээх тохироог өрнүүлж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр тохироо нь "Б" төлөвлөгөөнд шилжиж, Эрүүл мэнд, спортын сайдад ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнгийн нэрийг дэвшүүлэхээр болжээ. Харин Н.Энхбаярт хэрэгтэй тохироо нь Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удаашруулж байгаад ирэх оны зургаадугаар сард биш аравдугаар сард УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах санал аж. Шалтгаан нь Н.Энхбаярын төрийн өндөр албанд зүтгэж, сонгуульд оролцох эрх нь ирэх намар нээгдэх юм байна.

Ямартаа ч Н.Энхбаярын Шадар сайд болох "мөрөөдөл" талаар өнгөрч, АН-ынхан тохирооноосоо буцаж, "Б" төлөвлөгөөндөө шилжихээр болжээ.

Г.Лхагваа

 
zaluu.com
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.