Газар тариалангийн бүс нутгаар зорчиж хадлан тэжээл бэлтгэж, тариа хурааж буй бодит нөхцөл байдал газар дээрээ хэрхэн өрнөж, өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж буйг нүдээр үзэхээр сэтгүүлчдийн баг Сэлэнгэ аймгийг зорьсон юм. Нутгийн иргэд зуншлага сайхан болсон ч найм, есдүгээр сард бороо их орсон. Бүтэн сарын хугацаанд 15 хоног бороотой байсан үе ч бий. Тийм учраас хадлан, ургац хураалт оройтсон гэдгийг ярьж байлаа.
Биднийг очих үед ч тэнгэр бүрхэг, газар чийгтэй, хүйтэн салхитай гээд байгаль, цаг уурын өнгө зутруухан байлаа. Ойрын үед усан бороо ихтэй, эвгүйдвэл нойтон шамарга шуурч дахиад тариа хураах боломжгүй болтол нь нэвсийтэл цас дарж, хүйтрэх шинжтэй байгаа аж. Энэ нь хадлан тэжээл бэлтгэж, газар тариалан дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд хүсээд байхаар нөхцөл биш гэдэг нь ойлгомжтой. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг яалтай. Даарин дээр давс гэгчээр бас нэг асуудал энд бугшиж буй юм байна. Монгол Улсад эрүүл, аюулгүй хүнс нийлүүлдэг гол цөм нутаг угтаа Сэлэнгэ. Улсын хэмжээний стратегийн гол хүнс болох улаанбуудайн дийлэнхийг тээвэрлэдэг 110 км-ийн урттай зам тус аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутгийг дамнан зурайх.
Гэтэл энэ замд 1983 оноос хойш огт их засвар хийгдээгүй юм байна. Аймаг, орон нутгаас жил бүрийн намар ургац хураах үеэр өнгөн хэсгээс нь хусч янзлах аядсаар байгаад одоо газрын хөрснөөс доошоо 40 см хүртэл ухчихжээ. Уг нь зам газрын төвшнөөс доош биш дээшээ далан үүсгэж тавигдах ёстой атал энд нөхцөл байдал ийм байна. Тэгээд л зун, намрын бороонд шавар шалбааг үүсч, машин намаг балчигт суух, өвөл нь хунгарласан цасанд зоогдох зэргээр цаашид тээвэр хийх боломжгүй шахам болж буй нь бодит үнэн. Тиймээс зүгээр нэг хот хоорондын зам төдийхөн биш хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих хэмжээний даацтай бүтээн байгуулалт хийх шаардлагатай болжээ. Хүнд даацын нэг тээврийн хэрэгсэл өөрөө 20- 30 тонн, дээрээс нь 20-30 тонн ачаа ачдаг гэхээр ингэхээс өөр аргагүй. Гэтэл үе үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдэлгүй өдийг хүргэжээ. Угтаа УИХ-ын сонгуулийн үеэр намуудын гартаа атгадаг гол хөзөр нь болчихсон.
Энэ асуудал ойрын үед үүссэн ч юм биш олон жилийн турш яригдаж байгаа сэдэв юм. Нутгийн иргэд ч "Энэ зам буянтай сайхан зам. Бид эхлээд энэ замыг янзалж өгнө гэсэн хүмүүсийг, дараа нь шинэ зам тавина гэж амласан хүмүүсийг УИХ-ын гишүүн болгосон. Гэтэл нөхцөл байдал хэвээрээ. Гэхдээ анзаараад байхад зарим засгийн үед шийдэх асуудлаа хурдан шуурхай шийддэг л юм билээ. Тухайлбал, Төмөртэйн орд руу зам тавьж уул уурхайн салбарыг дэмжсэн. Одоо стратегийн хүнс болох улаанбуудай тээвэрлэдэг гол замаа тавина байх. Үүн дээр манай аймгийн Засаг дарга Ш.Оргил маш их санаачлага гарган гүйдэг. Гэвч дээд төвшиндөө буюу Засгийн газар, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэг сул байх шиг. Бид зөвхөн нэг суманд зам тавих тухай яриагүй. Газар тариалангийн бүс нутагт ихээхэн ач холбогдолтой, цаашлаад монголчуудын эрүүл, аюулгүй хүнсний тээврийн асуудлыг хөндөөд байгаа юм шүү дээ” гэдэг үгийг манай сониноор дамжуулан дайв.
Бид зам зуур тааралдах нутгийн иргэд, будааны тээвэр хийж буй жолооч нар, ногоочид, сумдын Засаг дарга нар гээд олон хүнтэй уулзсан. Тэд "Сайхан засмал замтай болохсон” гэж хүсч байна. Замын нөхцөл байдал үнэхээр хүнд, үерийн ус зайлуулах шугамгүй болтлоо асуудал хурцаджээ. Бид эхлээд Зүүнбүрэн сумын Засаг дарга Х.Бадралтай уулзсан юм.
Тэрбээр "Замаа жил болгон хусч янзалдаг. Ингэсээр байтал байх ёстой буюу газрын төвшнөөс 3040 см-ээр доошоо орж суусан байгаа. Тийм учраас зун, намрын цагт бороотой үед маш их ус тогтож намаг балчиг үүсгэж, шавар шавхай тогтдог. Энэ нь машин тэрэг шаварт суух, нум эвдрэх, дугуй хагарах шалтгаан нөхцөл нь болж байна. Сумын дундуур өнгөрдөг учраас тоосжилт ихээр үүсдэг. Улсын хэмжээний ургац, үр тариа, улаан буудайг тээвэрлэдэг гол зам шүү дээ, уг нь. Гэтэл зам муугаас болоод будааны тээвэр хийж буй жолооч нар үйлээ үзэж байна. Байнга л машин тэрэг нь эвдэрч, тариа буудай гоожиж асгарч байгаа. Бидний хавар, зун, намаржингаа зүтгэсэн ажил хөдөлмөрийн маань үр шим болсон буудай тариа асгарч гоожоод байхаар чинь ямар олигтой байх билээ” хэмээн аргаа баран ярьж суулаа.
Зүүнбүрэнгийн ногоочид тарвас их тариалдаг. Тарвасаа хураагаад машинд ачаад явахаар зам нь дэржигнүүртэй учраас зууртаа сэгсрэгдэж, уландаа байсан нь бүгд хагарчихдаг юм байна. Өөрөөр хэлбэл, ногоочдын бүтэн зуны нар, салхинд борогштолоо зүтгэсэн хүч хөдөлмөр тэр чигтээ устаж, ашгийнхаа 20-30 хувийг алддаг аж. Энэ нь тухайн айлын өрхийн төсөв, сумын эдийн засагт сөргөөр нөлөөлж, газар тариалангийн бизнесийн ашиг шимийг бууруулж байгаатай хэн ч маргахгүй. Зүүнбүрэн сумын нутгаар энэ замын 33 км нь дайрч өнгөрдөг юм билээ. Өвөл цас оронгуут л хунгар тогтож машин наашаа ч үгүй, цаашаа ч үгүй зоогддог тус замаар одоохондоо будааны тээвэр хийж буй жолооч нар зорчиж байна.
Тээврийн жолооч Ц.Баярсайхан "Би "Өег гурил”-ын будааны тээвэрт найман жил явж байгаа. Одоо Цагааннуур сумын Атрын сангийн аж ахуйгаас Дархан руу будаа тээвэрлэж явна. Зам харгуй муу байгаа учраас хамгийн гол нь хугацаа их алдаж байна даа. Зам энхэл донхол, дэржигнүүр ихтэй учраас будаа их савирч гоожиж байна. Уг нь Цагааннуур сум хүртэл засмал зам тавьчихвал энэ мэтийн асуудал үүсэхгүй, будаа тариагаа цаг хугацаандаа тээвэрлэнэ шүү дээ. Саяхан хусч цэвэрлэсэн учраас одоохондоо будааны тээвэр саадгүй зорчиж байна. Бороотой үед энэ замаар явахад их хэцүү. Даваа гүвээ ихтэй учраас Атрын сангийн аж ахуй хүрэхийн тулд хонож өнжинө. Нэг рейс хийхийн тулд 24 цаг зарцуулдаг. Машин тэрэг байнга эвдэрч, саад их гардаг. Тур зууртаа буюу замаа хусч цэвэрлэсэн учраас одоохондоо танагтай байна. Засмал замтай болчихвол будааны тээвэрлэлт хурдан явна. Машин тэргэнд ч гамтай шүү дээ” гэв.
Бид цаашаа аяны жолоо сунгаж Цагааннуур суман дахь Улсын хоёр удаагийн аварга "Атар трейд” компанийг зорив.
Тус
компанийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Ө.Чимэддорж
үтрэм дээрээ л байна. Намрын ид ажлын үеэр өөр хаашаа ч явах билээ.
Тэрбээр "Манай Цагааннуур сумын хэмжээнд 52 мянган га эргэлтийн
талбайтай. Жилдээ 27-30 мянга га-д үр тариа тариалдаг. Энэ жил Сэлэнгэ
аймагт зуншлага хур бороо багатай, гантай халуун болсон. Энэ нь малчид
тариаланчдын хувьд жаахан хүнд туссан. Намар их хэмжээний хур тунадас
орж тариа хураах ажил үндсэндээ нэлээд хүндрэлтэй нөхцөлд байгаа. Гэсэн
хэдий ч манай сумынхан, манай компанийнхан тариа хураалтын ажлаа дуусгаж
байна. Ургацын байдал энэ жил харьцангүй сайн байгаа. Чанар ч сайн.
Манай компанийн улаанбуудай 29-30 хувийн цавуулагтай байгаа. Үрээ зохих
хэмжээнд нөөцөлж авсан. Сумынхаа хэмжээнд ирэх жилийн тариалалтын үрийг
хангачихна. Ерөнхийдөө нэг га-гаас 15 центр ургац хураасан. Сумын
хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна. Энэ жил ургац хураалтын
үеэр гарсан гол хүндрэл нь газар тариалангийн гол бүс болох дөрвөн сумын
нутгийг дамнаж будааны тээвэр хийдэг 110 км замын нөхцөл үнэхээр хүнд
байлаа.
Би 1978 онд энэ суманд анх ирж Атрын II аянд гар бие оролцсон хүн. Одоо 40 орчим жил болж байна. Анх ирж байхад Сэлэнгэ аймгийн төвөөс Зүүнбүрэн сумын төв ортол сайжруулсан шороон зам тавьж байсан юм. Цагааннуураас Түшиг хүртэл сайжруулсан замтай хэдий ч жил бүр ургац хураах үеэр будааны тээвэрлэлт хийж замын хөдөлгөөн ихэсдэг учраас зам их эвдэрдэг. Үүнээс болоод тариаланчид ч маш их цаг хугацаа алддаг. Тээврийн байгууллагад ч их хүндрэлтэй байдаг юм. Үр тариа, жимс ногоо, мал мах гээд монголчуудын бүтэн жил идэх хүнс, намрын ургац энэ замаар л тээвэрлэгддэг гэхээр энэ бол зөвхөн Сэлэнгэ аймаг төдийгүй улсын хэмжээний стратегийн гол зам шүү дээ. Улсын хэмжээний ургацын 30 хувь, Сэлэнгэ аймгийн ургацын 40 хувийг энэ замаар л тээвэрлэдэг” хэмээн мөнөөх зам руугаа л орчихов. Энэ мэтээр цаашаа зам зууртаа саатан зогсч яриа өгсөн тээврийн тэрэгний залуурчид ус нутаг нь ондоо нэртэй ч угтаа зам гэдэг ганцхан асуудлыг л хөндөж байлаа.
Одоогоор Сэлэнгэ аймагт улаанбуудайн ургац хураалт 56.7 хувьтай байна. Төмснийхөө 75.6 хувь, хүнсний ногооныхоо 78.4 хувийг хураан авчээ. Аймгийн хэмжээнд 76.9 мянган тонн өвс, 60 тонн хүчит тэжээл, 910 тонн тэжээл бэлтгээд байгаа аж. Жил бүр 150 мянган тонн байгалийн хадлан бэлтгэдэг ч энэ жил хуурайшилт ихтэй, гандуу байгаагаас дээрхи хэмжээнд арай хүрэхээргүй хадпан авах шинжтэй. Улмаар 45 мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Байгаль, цаг уурын таагүй нөхцөл байдал, дээрээс нь ид ажлын үеэр хурд сааруулагч болдог мөнөөх 110 км замын энхэл донхол, дэржигнүүр гээд Монгол Улсын эрүүл, аюулгүй "гал тогоо” болсон тус аймагт шийдэх асуудал бас байна.
Г.Ганчимэг
Сэтгэгдэл