Хэнийх нь зөв бэ буюу монголчууд гурил идэх үү


Хэнийх нь зөв бэ буюу монголчууд гурил идэх үүТариаланчид салбарын сайдтайгаа ойлголцож чадахгүйгээс ургац авч чадахгүй нь гэх мэдээлэл зунаас л эхэлж хэвлэл мэдээллээр бичигдсэн. Гэтэл өнөөдөр ч энэ асуудал яригдсаар байна.

Тариаланчид "Ургац алдана” гэж мэдэгдсэн бол салбарын сайд Р.Бурмаа үүнийг үгүйсгэсэн. Тэгвэл Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат орон нутагт ажиллах үеэрээ сэлэнгэчүүд нийт ургацынхаа 50 хувийг алдах тухай мэдээллийг өгсөн байдаг. Ийнхүү тариаланчид салбарын сайдтайгаа арсалдах зуур гурил үйлдвэрлэгчид тариаланчдыг буруутгаад эхэллээ. Энэ салбарынхан ингэж хөнжилдөө хөлөө жийлцэхэд хохирогч нь ард түмэн байх нь ойлгомжтой. Тэгэхээр энэ жил монголчууд хямд гурил идэж чадах нь уу гэх асуудал үүснэ. Үүний хүрээнд салбарын сайд нар болон, тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөллийн байр суурь ямар байгааг хүргэе.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг:


"Open door” сонин 2015 оны наймдугаар сар.


-Р.Бурмаа сайд бидний хооронд дэгдсэн маргаан бол импортын буудай оруулж ирсэнтэй холбоотойгоор л үүссэн асуудал шүү дээ. Тухайн үед манай улс 470 мянган тонн улаан буудай хурааж авчихсан байлаа. Гэтэл сайд гарч ирээд л жилдээ бид 350 мянган тонн улаан буудай иддэг юм аа гэж байна. Сүүлдээ өнөө Р.Бурмаа маань 500 мянган тонн буудайг жилдээ бид иддэг юм аа, одоо дутаад байнаа гэж ярилаа. Бид гайхаад л хараад байлаа. Тэгж мэдэн будилж, хэдэн янзын юм ярьсаар байгаад өнгөрөгч жил хилээр 30 мянган тонн буудай оруулаад ирдэг байгаа. "Таван богд”-ын Ц.Баатарсайхан тэр хоёр өвлөөс хойш телевизээр Монгол Улс 500 мянган тонн улаан буудай иддэг юм аа гэж баахан ухуулга явуулсан даа. Угтаа бол тариаланчид 470 мянган тонныг хураачихсан байсан. Гэтэл бид яахаараа энэ жил ургац алдав. Энэ юу болчихов оо. Та нар ч гэсэн гайхаж байгаа биз дээ. Тэгээд болоогүй ээ, өнөө сайд маань сүүлдээ анх хэлж байснаасаа ахиад ухардаг юм байна. Сэлэнгээс улаанбуудайн 50 хувийг авдаг байсан. Гэтэл энэ жил ган болоход тэндээс 20-30 хувь л авна.

"Сайдын цаг” уулзалт ХХАА-ын сайд Р.Бурмаа:
2015 оны долоодугаар сар


-Улсын хэмжээнд зуншлага алаг цоог байна. Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байгаа бол газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөвтэй байна. Гэвч ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой. Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь сайн, 43.5 хувь нь дунд, 2 хувь нь муу соёолсон байна. Зургаадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсож, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна. Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнхи хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бүрэн авна. 10 хувийг нь авах болмжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүртэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна. Улсын хэмжээнд нийт ургацынхаа 80 хувийг алдана гэсэн яриа бий. Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй , хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:
2015 оны наймдугаар сар. Сэлэнгэ аймаг.


-Сэлэнгэ аймгийн нийт 12 сумаар орлоо. Гантай байна. Хамгийн хүнд байгаа сумд бол Сайхан, Орхонтуул, Сант, Баруунбүрэн гэсэн сумдууд. Үүнтэй холбоотойгоор зарим сумдын нөхцөл байдал өмнөх жилүүдээс хүндэрсэн байна. Гэхдээ газар тариалан эрхлэгчдийн хэлж буйгаар ямар ч байсан Сэлэнгэ аймаг нийт тарьсан ургацынхаа 50 хувийг авах боломжтой байна гэсэн мэдээллийг авлаа. Хэдийгээр өнгөрсөн жилийнх шиг 100 хувь ургац хурааж чадахгүй болсон ч тарьж ургуулснаа хаягдалгүй хурааж авах, түүнийгээ гурилын үйлдвэрт нийлүүлэхэд анхаарах шаардлага байна. Тариаланчдын зүгээс "Бид энэ жил 200.000 тн үр тариа хурааж авах боломжтой” гэдгийг хэлж байна.

"Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн:
"Өдрийн сонин” 2015 оны 10 дугаар сар.


-Энэ маргаан хэзээнээс эхэлсэн бэ гэдэг түүхийг эргэж харах учиртай. Ноднин төв талбай дээр будаа асгаснаас эхэлсэн юм. Өмнө нь энэ салбарыг хоёр том төлөөлөгч удирдаж байсан. 2008 оноос хойш Т.Бадамжунай, дараа нь Х.Баттулга сайдаар ажилласан. Тэр үед ийм эсэргүүцэл гараагүй. Жилийн өмнөөс дэгдсэн энэ маргаанд нэг сайн тал бий. Атрын гуравдугаар аян өрнөснөөс хойших далд юм ил гарсан. Нуудаг хаадаг юмнуудаа ард түмэнд үзүүлж харуулж эхэллээ. Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн зорилго нь ердөө л улс төр шүү дээ. 2008 оны буудайн үнийн өсөлтөөс хойш Орост найтаахад энд ханиахаа больё, ерөөсөө өөрсдөө дотооддоо тариагаа тарья гээд энэ аяныг эхлүүлж байсан. Урамшуулал, зээл, тусламж, худалдаж авсан юмнууд гээд яривал төрөөс бараг нэг их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Асар их мөнгө. Тэглээ гээд бид өнөөдрийг хүртэл хэрэглээгээ хангаж чадаагүй байна.

Мэдээж Монголдоо тариа тарих чухал ч ямар үнэ өртгөөр вэ гэдэг асуудал түүнээс чухал. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр буудайны үнэ Монголоос хоёроос гурав дахин хямд байна. Ард түмэндээ үнэтэй гурил идүүлдэг бид тийм баян орон мөн билүү. Үнэнийг хэлэхэд би өндөр үнээр гурил зарж байгаадаа ичиж байна. Надад гурилаа хямдхан зарах бүрэн боломж бий. Гадаад худалдаа чөлөөтэй бол хямдхан гурил нийлүүлж чадна. Харамсалтай нь Чинбат, Цандэлэгийн буудайг ав гэж шахаад хямд гурил үйлдвэрлэх боломж өгөхгүй байна л даа. Би тэдний буудайг худалдаж аваад гурил үйлдвэрлэж зарж чадна. Эцсийн дүндээ ард түмэн л үнэтэй гурил идэж хохирно.

Салбарын төлөөллийн байр суурь ийм байна. Чухам хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг ялгаж салгахад төвөгтэй. Гэхдээ газар тариалангийн салбарынхан хоорондоо ойлголцох нь чухал. Ингэж гэмээ нь монголчууд Цагаан сараар гурилтай байх юм. Ямартай ч салбарын сайд, удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулна гэж найдъя.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.