“Дэлхийн ур чадвар” тэмцээний оролцогчдод төрийн далбаа гардууллаа


“Дэлхийн ур чадвар” тэмцээний оролцогчдод төрийн далбаа гардууллаа

 

"Дэлхийн ур чадвар” 44 дэх удаагийн тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод 2017 оны 10 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд болно. Монгол улсын баг тамирчдад Монгол улсын төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Тус арга хэмжээнд Дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдод Монгол улсын төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа уламжлал болсон хүндэтгэлийн арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэлсэн үгэндээ мэргэжилтэй ажилчдын чадвар чансааг нь сорьдог тэмцээн бол Дэлхийн ур чадварын тэмцээн юм. Энэ тэмцээнд бид залуучуудаа оролцуулдаг болсноор мэргэжилтэй ажилтнуудаа аль түвшинд явж байгаа вэ гэдгийг мэдэх. Мөн тэдэнтэй харилцан туршлага судлах, мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндийг өндөрт өргөх, мэргэжилтэй боловсон хүчний ач холбогдлыг хүүхэд залуучуудад ойлгуулах зэрэг олон ач холбогдолтой эерэг хандлагуудыг бий болгоод байна. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсролын сургуулийг зорих хүүхдүүдийн тоо эрс өсч байгаа нь энэ тэмцээн болон багш нарын маань хүч нэмэр билээ. Абу Даби хотноо болох дэлхийн ур чадвар тэмцээнд улсаа төлөөлөн зургаан хүүхэд маань явахаар өнөөдөр төрийн далбаагаа гардан авч байна. Та бүхэндээ амжилт хүсээд Монгол орныхоо нэрийг өндөрт дуурсгаарай, өөрсдөдөө олон шинэ боломжуудыг нээгээрэй, энэ мэргэжлийг эзэмшиж байгаа залуучууддаа мэргэжлээрээ бахархах хэмжээний олон амжилтыг гаргаад ирээрэй гэж хүсэн ерөөе гэсэн юм.

Тэмцээндээ амжилттай оролцон, эх орныхоо нэрийг дуурсгаарай хэмээн Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын багийн ахлагч, ХНХЯ-ны МБСХ-ийн дарга А.Халиунаад ХНХЯ болон ХХҮЕГ-ын удирдлагууд Монгол төрийн алтан соёмбот далбаа, оролцогчдод улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан шилдэг мэргэжилтэй ажилтан болохыг ерөөн багаж, хэрэгслийн цуглуулга, эксперт багш нарт олон улсын сертификатыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
44 дэх удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч зэрэг зургаан мэргэжлээр оролцоно. Гурван үе шаттайгаар мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн суралцагчдын дунд зохион байгуулсан тэмцээнээс зургаан оролцогч үндэсний аварга болж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа юм. Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол улсын ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бөгөөд дэмжигч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”, Оюутолгой компани, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Хүнс технологи политехник коллежийн дэмжигч байгууллагаар ажилладаг.

Бразил Улсын Сан Пауло хотноо 2015 онд болсон "Дэлхийн ур чадвар”-ын 43 дэх удаагийн тэмцээнд манай улс есөн мэргэжлээр анх удаа оролцож, Монгол Улс багийн дүнгээр 60 орноос 42-р байр эзэлж байсан бол Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болох тэмцээнээс Монгол улс 2015 оны амжилтаа ахиулах зорилттойгоор бэлтгэлээ хангаж байна.

Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.