Фэйсбүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ


Баянгол дүүргийн 17 дугаар хороо 47а байрны орчим энэ сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Х.Н нь үл таних 2 эрэгтэйд гар, нуруу хөлөндөө хутгалуулж гар утсаа дээрэмдүүлсэн, 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 96 дугаар сургуулийн орчимд иргэн Г нь үл таних 2 эрэгтэйд зодуулж дух болон нүдний ухархайны яс цөмөрч гэмтэн гар утас, эд зүйлээ дээрэмдүүлсэн ноцтой гэмт хэрэг гарчээ.

 

 

"Илрүүлэлт-Оргодол” арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллан дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн 17-18 насны бүлэг этгээдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг хийж байна.

 

Дээрэмдэх гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 17-18 насны эмэгтэй Х.Х, эрэгтэй А.З, Э.Б нар үйлджээ. Х.Х нь фэйсбүүк хаягаар залуучуудтай танилцан хөл хөдөлгөөн багатай, камерын хяналтгүй, гэрэлтүүлэг муу газрыг сонгон авч шөнийн цагаар уулзахаар болзон уулзах үед А.З, Э.Б нар нь зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан амь биед нь аюултайгаар довтолж бие махбодид нь ноцтой гэмтэл, хохирол учруулан эд зүйлийг нь дээрэмддэг байсныг нь тогтоосон  байна.

 

Цахим орчинд мэдээлэл илүү хурдацтай тархаж буй энэ үед хэн нэгэн таны мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурамч нэр, хаягаар танилцан гэмт хэргийнхээ хохирогч болгохыг завдаж байхыг үгүйсгэх аргагүй нь дээрх хэргээс харагдаж байна. Иймд цахим аюулгүй байдлаа хангаж, хувийн мэдээллээ нийтэд дэлгэхгүй, анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.