Б.ЗАЯА
Охидыг садар самуунд уруу татаж ашиг олдог байсан ноцтой хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлжээ.
Баянгол дүүргийн III хорооны харъяат Г гэх 26 настай эмэгтэй "Өндөр цалинтай ажилд өөртөө итгэлтэй залуу охидыг авна” гэсэн зар түгээж ирсэн охидын биеийг үнэлүүлдэг байжээ.
Тэрээр Монголд бус, АНУ-д байрлах насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст шууд холбогдсон студи нээсэн байна. Тус студидээ ажиллах охидод нууц нэр өгч бүртгэн цахим орчинд веб камер ашиглан гаж үйлдлүүд хийлгэдэг байсан нь тогтоогджээ. Тэдгээр охид өдрийн турш харанхуй, цоожтой өрөөнд дэлгэцийн цаанаас гадаад эрийн элдэв гаж хүсэлтийг биелүүлэн ажилладаг байсан гэнэ. Г нь хууль бус ажиллагаа явуулж зургаан жилийн турш ашиг олсон байна. Тэрээр гэмт үйлдлээ нуухын тулд нэг жилээс илүүгүй хугацаагаар байр түрээслэж охидыг ажиллуулах студиэ байгуулдаг байжээ. Уг хэрэгт цагдаа нар Эрүүгийн хуулийн 123.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. "Өндөр цалинтай ажилд охидыг авна” гэсэн зард хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл