Боловсролын салбарыг бид хүний хөгжлийг тодорхойлох, нийгмийн тэргүүлэх салбар хэмээн томоор хардаг. Гэтэл манай улсын боловсролын салбар улс орны хөгжлийг тодорхойлох байтугай сүүлийн үед эзэнтэй, эзэнгүй явсаар хэдэн сарын нүүр үзэж байна. Одоо энэ салбарын хөгжил урагшилж байгаа, ухарч байгааг ч мэдэхээ болиод удлаа. Салбарын сайд нь хэдэн сар болоод солигддог. Энэ хугацаанд хэн юу хийж, ямар асуудлыг хэрхэн шийдэж байгааг анзаарах хүнгүй шахам болчихоод байна. Шуудхан хэлэхэд, бэлэг тэмдгийн чанартай, түр хугацаатай томилогдсон сайд, дарга нар боловсролын салбараар тоглож байна гэхэд буруудсан болохгүй байх.
Өнгөрсөн оны долдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг томилсон. Жил бололгүй түүнийг үүрэгт ажлаас нь огцруулсан. Мөн 2017 оны зургадугаар сард академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилсон. Мөн өнгөрсөн сарын 20-нд тэрээр сайдын ажлаа хүлээлгэж өглөө. Энэ бүхнээс харахад хоёр жил хүрэхгүй хугацаанд гурав дахь сайдаа хүлээж аваад байгаа Монголын боловсролын салбар хариуцах эзэнгүй мэт явж ирлээ. Өнөөдөр ч мөн энэ салбарт дорвитой хийсэн ажил ч бас харагдахгүй байна.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ "НЭГДЭЛЖИХ ХӨДӨЛГӨӨН” ДАХИАД ӨРНӨВ
Сайд асан Ж.Батсуурийг салбартаа хяналт муу тавьдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхэд олигтой анхаараагүй, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах төдийхөнтэй зууралдсаар суугааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж байсан. Тэгвэл мөн БСШУС-ын сайд асан Г.Чулуунбаатарыг дээд боловсролын салбарт "нэгдэлжих хөдөлгөөн”-ийг өрнүүлж, сандал ширээ, барилга байшин, оюутны төлбөр мөнгө төдийхөнтэй зууралдаад, оюуны ажил руу өнгийж, хүнээ хөгжүүлэхэд анхаараагүй хэмээн салбарынхан нь баалж байна. Учир нь БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр А/203 тоот нэгэн хачирхалтай тушаалыг гаргажээ. Уг тушаалаар ямар ч тооцоо судалгаагүйгээр хувийн өмчит "Дархан” дээд сургуулийг татан буулгаж, тус сургуулийн суралцагчид болон барилга өмч хөрөнгийн асуудлыг МУБИС-тай нэгтгэх асуудлыг тус сургуулийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлүүлэх үүргийг өөрийн томилсон шавь, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандахад өгчээ. Ингэхдээ МУБИС-ийн Удирдах зөвлөлийг дураараа өөрчилж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүмүүс гэгддэг БСШУСЯ-ны Одгэрэл, Нансалмаа, Болормаа гэгч үүрэг гүйцэтгэгч гурван даргыг тус сургуулийн Удирдах зөвлөлд шинээр оруулж, мөн төгсөгчдийн төлөөллийг дур мэдэн томилсон байна.
Д.Мандах нь дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр Удирдах зөвлөлийг аравдугаар сарын 13-нд яаран сандран хуралдуулжээ. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг үүрэг гүйцэтгэгчийн эрх мэдлээс давсан гэж үзсэн зарим шударга гишүүд хуралдаанд оролцоогүй сурагтай.
ШИНЭ САЙДЫН СОНОРТ ХҮРГЭХ ҮГ
Одоогоос 60 гаруй жилийн өмнө социалист нийгмийн үед төр засгаас малчдын дунд хувийн өмчийг төрд нийлүүлэх "нэгдэлжих хөдөлгөөн”-нийг өрнүүлж байсан. Өдгөө тэр "нэгдэлжих хөдөлгөөн” тэр чигээрээ дээд боловсролын салбарт өрнөж байна хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Гэтэл өнөөдөр ч бас энэхүү "нэгдэлжих хөдөлгөөн” МУБИС-д өрнөсөн хэвээрээ байна. МУБИС-ийн захиргаанаас Удирдах зөвлөлийн хуралд оруулсан асуудалд "Дархан” дээд сургуулийн өмч хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн асуудал илүү сонирхол татаж байгаа юм. Тухайлбал, "Дархан” дээд сургууль нь 2017 оны есдүгээр сарын 18-нд "Гэрэгэ валюэшн” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 4 062038 төгрөгөөр үнэлсэн гэсэн мөртлөө МУБИС нь "Мөнх Оргил трейд” ХХК-тай гэрээ байгуулан "Дархан” дээд сургуулийн хөрөнгөд үнэлгээ хийлгэж, 1.8 тэрбум төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан гарсан гэжээ. Эндээс үзвэл "Дархан” дээд сургуулийн өмч хөрөнгийг МУБИС нь 450 дахин өндрөөр үнэлж, худалдаж авахыг санаархсан байх нь.
Хувийн сургуулийг татан буулгаж, суралцагчдыг ижил төстэй сургуульд шилжүүлэн суралцуулах нь асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд эрхийн асуудал боловч хувийн өмчийн сургуулийн барилга, өмч хөрөнгийн асуудлыг төрийн өмчит МУБИС-тай нэгтгэх асуудлыг тус сургуулийн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр үүрэг болгосон нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчиж, дундаас нь мөнгө завших оролдлого хийсэн байж болзошгүй байна. Мөн багш нарын цалин нэмэх тухай ярьж байхад МУБИС нь дампуурч байгаа сургуулийг 450 дахин нугалсан өндөр үнээр худалдаж авах нь яавч эрүүл бус шийдвэр гэдгийг тус сургуулийн багш нар хэлж байв. Иймд үүрэг гүйцэтгэгч сайд болон үүрэг гүйцэтгэгч нараар бүрдүүлсэн хууль бус МУБИС-ийн Удирдах зөвлөл, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч нарын гаргасан ноцтой шийдвэрүүдийг эргэн харахыг шинээр томилогдсон сайд Ц.Цогзолмаад дуулгая.
"ЗАСАГ ТӨР СОЛИГДОХТОЙ ЗЭРЭГЦСЭН ШАХААНЫ АСУУДАЛ”
Боловсролын салбарын сайдын хийдэг ажил нь их дээд сургуулиудын захирлуудыг сольж, холих, нам дагасан томилгоог хийх, их сургуулиудын удирдах зөвлөлд өөрийнхөө сайн мэдэх утсан "хүүхэлдэй" нарыг томилох, тэдгээр нь энэ мэтчилэн будлиантай асуудлыг аль нэг талдаа ашигтайгаар шийдвэрлэх ажлыг хийсээр энэ салбарын ажил урагшлахаасаа илүү уруудаж байгааг хэлэх хүн байна. МУБИС-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн дээрх асуудлыг тус сургуулийн багш нарт цаг хугацаанд нь танилцуулахгүйгээр нуун дарагдуулсан, багш нарыг төлөөлж суугаа Удирдах зөвлөлийн гишүүд нь багш нарынхаа байр суурийг асуугаагүй гэдгийг МУБИС-ийн багш нар хэлж байгаа юм. Мөн багш нарын дийлэнх нь энэ асуудлын цаана засаг төр солигдохтой зэрэгцсэн шахааны асуудал нуугдаж байж болзошгүй хэмээн харж, хардаж байгаагаа нуусангүй. Тиймээс шинээр томилогдсон Ц.Цогзолмаа сайд салбартаа санаачлагатай хандаж, сандал ширээтэй зууралдах бус хүнээ хөгжүүлэхэд анхаарч ажиллаасай гэж хүсч байна.
Э.БЭРЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл