Монгол Ардын Намын ээлжит XXVIII Их хурал 1309 төлөөлөгчтэйгөөр арваннэгдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдах гэж байна. Уг хурлаар МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тайлан илтгэл, Хяналтын хорооны тайлан илтгэл гэсэн XXVII их хурлаас хойшх Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүд тавина. Мөн Нийслэл, аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсож, намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх аж. Хамгийн гол нь Монгол Ардын Намын даргыг шинээр сонгох юм.
Үүнтэй холбоотойгоор МАН-ын даргад нэр дэвшигчдийн нэрс тодроод байна. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын зөвлөх, мэдээлэл харилцааны мэргэжилтэн Н.Дэмбэрэл нэр дэвших нь тодорхой. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэр дэвших сонирхолтой байгаа ч шийдвэрээ эцсийн байдлаар гаргаагүй аж.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа МАН-ын даргад өрсөлдөх сонирхолтой байгаа нь тодорхой боллоо. Тэрээр өчигдөр "Өдрийн сонин"-д ярилцлага өгөх үеэрээ : " Дараагийн намын дарга гээд хэд хэдэн хүний нэр ч гарчихсан байна. Таны нэр ч харагдана лээ? гэсэн сэтгүүлчийн асуултанд " Манай намын Их хуралд ганцхан онцгой бүрэн эрх бий. Намын даргыг шууд заалнаас нэр дэвшүүлдэг. 1309 төлөөлөгч бүгдээрээ өөрийгөө дэвшүүлчихэж ч болно. Энэ нь намын Их хуралд байдаг маш том эрх.
Удирдах зөвлөл гээд хэдэн хүн сууж байгаад шийдвэр гаргадаг шиг биш. Их хурлын төлөөлөгч болсон 1309 хүн маань олон талаас нь тунгааж байж Их хурал дээр гарсан нэрсээс сонголтоо хийх байх. Бид алдах эрхгүй. Их хурлаа хийх гэж байна. Нууцгүй хэлэхэд МАН орших уу, эс орших уу гэдгийн зааг дээр байна. МАН эв нэгдэлтэй хуучин шигээ хүчирхэг үлдэх үү, эс үлдэх үү гэдгийн зааг дээр байна. МАН гэдэг чинь Монголын төр л дөө.
Монгол төрийн ноён нурууг гудайлгачихалгүй авч явах том үүрэг МАН-д байгаа. Тийм учраас манай намын Их хурлын төлөөлөгчид энэ үүргээ маш сайн ухамсарлаж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Улс төрийн хүчнүүд төрөө авч явах гэж чадахаараа үзэж байна л даа. Парламент өндөр хөгжсөн орнуудын дэргэд манай ардчилал 27 жилийн түүхтэй нялх. Гэхдээ МАН, АН гээд үнэхээр Монголын хөрс суурин дээр ард түмэнд танигдсан улсаа аваад явчих улс төрийн хүчин гэвэл энэ хоёр нам л даа" хэмээн хариулсан юм.
Өөрөөр хэлбэл тэрээр МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ үгүйсгээгүй бөгөөд энэ нь Д.Хаянхирваад уг өрсөлдөөнд оролцох сонирхол байгаа гэсэн үг. Гэхдээ эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын даргад өрсөлдөх нь зөвхөн Д.Хаянхирваагийн хувийн л сонирхол бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, түүний фракцийнхан түүнийг төдийлэн дэмжихгүй байгаа аж. Харин УИХ дахь МАН-ын 33-ын бүлгийн нэг хэсэг болох Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын дэд фракци түүнийг дэмжих хэлбэрээр У.Хүрэлсүхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх магадлал өндөр бололтой. Ийнхүү МАН-ын даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдох нь улам бүр тодорхой болж байна.
Э.Мягмар
http://sonin.mn/news/politics-economy/84115
Сэтгэгдэл