ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ИРЭХ ОНД ЭХЭЛНЭ


 
 ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ИРЭХ ОНД ЭХЭЛНЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, "Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд эхлүүлж, дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгана" хэмээн мэдээллээ.
 
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
Уг байгууламжийг барихдаа Франц Улсын "Артила" компанийн хийсэн ТЭЗҮ-г ашиглах нь зүйтэй хэмээн үзжээ. Манай улсын зүгээс тус байгууламж нь орчин үеийн цэвэрлэгээний шийдэлтэй байх, цаашилбал цэвэрлэгээний дараах саарал усыг дахин ашигладаг байх, одоогийн үүсээд буй лагийг эргэлтэд оруулах гэсэн шаардлагыг ТЭЗҮ-д тавьсан байна. Тэдгээр шаардлагыг "Артила" компанийн хийсэн ТЭЗҮ биелүүлсэн аж. Шинэ цэвэрлэх байгууламжийг өнөөгийн цэвэрлэх байгууламжийн дэргэд барих юм. 
 
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас шинэ байгууламжид шаардлагатай хөрөнгийн хэмжээг тодруулсан. Тэрбээр, "Ирэх оны төсөвт Улаанбаатар хотод барих шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас санхүүжилттай холбоотой шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, БНХАУ-ын Экспорт-Импортын банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслүүд дээр өөрчлөлт оруулж байна. Ингэснээр тус байгууламжийг барихад шаардлагатай 300 сая ам.долларыг уг зээлээс санхүүжүүлэхээр боллоо" гэв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.