Арслан хотын жишиг болох сон


Арслан хотын жишиг болох сон

 

Манайхан холоос бус ойроос, тив алгасаж биш тив дотроо туршлага судалбал тун зүгээр. Өөр тивийн өөр бүтэц сонирхож явснаас өөрсдийнхөө ойролцоогоос эрэлхийлбэл цаг, зардал аль алийг нь хэмнэх сайн талтай. 

 

Малайзын хойгийн өмнөд цэгт орших арлын орон Сингапур нь нэг хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн зургаа дахь баян орон юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чадсан улс. Асар богино хугацаанд дэлхийн хөгжилтэй орнуудын зиндаад жагсаад зогсоогүй, бүр айргийн тавд ороод ирснийг нь харахад бахархмаар. Авах,  гээхийн ухаанаар, эзний сэтгэлээр хандвал тун чиг зөв туршлага болох орон гэдгийг нь над мэтээс бусад нь бүгд хэлэх биз ээ. Ногоон тивийн Австрали ганцаараа тив улс бол дэлхийд үлдсэн цөөн тооны хот-улсуудын нэг нь Сингапур. Эднийх парламентын засаглалтайгаараа манайхтай адил. Зүүн өмнөд Азийн хамгийн жижиг орон Сингапур хамгийн богино хугацаанд үсрэнгүй хөгжилтэй орон болсон нь мэдээж хэрэг, зөв бодлого, зөв удирдлагаас эхлээд ард иргэдийнх нь ухамсар сахилгаас шалтгаалсан нь тодорхой. Энэ бүхнээс илүүтэй энд хариуцлагын талаарх зарим зүйлийг нь дурдах гэсэн юм.

 

                        Торгуулийн хотын тухай товчхон


 

Арслан хот гэгддэг Сингапурыг Торгуулийн хот ч гэж нэрийдэх нь бий. Дутагдал гаргасан үйл хөдлөл бүхэнд шахам торгууль ногдуулдаг болохоор ийм нэр зүүсэн нь ойлгомжтой. Сингапур маш цэвэрхэн хот. Хүн амын тоо нь таван сая гаруй. Аялал жуулчлалын урсгал тасралтгүй үргэлжилдэг энэ улсад хүн амын "бөөгнөрөл” болж байсан ч хог шороо тоосгүй цэв цэвэрхэн байж чаддаг нь гайхалтай. Өөд уруугүй хөврөх хүмүүс зөвхөн үнсний савтай газар л тамхиа татна. Утаа гаргах зөвшөөрөлтэй цэг нь бөгс эргэх зайгүй болж, шахцалдсан ч өөр булан тохой руу "бултахгүй”. Яагаад гэвэл торгуульчихна. Энэ улсад түрийвчтэй тулж ажилладаг болохоор алхам тутмаа хянах шаардлага өөрийн эрхгүй гардаг. Улаанбаатарчуудын хөл дор хөглөрч байдаг "акурка” энд нүдний гэм. Хэрвээ тамхины иш газар хаявал 500 синга доллараар тасхийтэл торгоно. Манайхаар бол 70 гаруй мянган төгрөг. Бусадтай чихэлдээд яахав гээд хүний нүд хариулаад энд тэнд очиж татвал шууд 1000 синга доллар. Зөвшөөрөлгүй газар татсанаас тэр. Хэн тэгж өөрийгөө хордуулах "угж” сайн дураараа хэрэглэсний төлөө 150 мянган төгрөг "салхинд хийсгэхийг” хүсэхэв дээ. Эргэн тойрон камер, энд тэндгүй энгийн хувцастай цагдаа. За, тэгээд үнэндээ камер, цагдаад хүрэлгүйгээр наана нь зургийг чинь аваад явуулчих ухамсарт иргэд хаа сайгүй олдоно.

 

                    Нохой шувуу хоолохыг хүсэгчид гараа атгаж явсан нь дээр


 

Сингапурт метро болоод автобусанд бохь зажлахыг хориглодог. Мөн хоол хүнс, ус ундаа хэрэглэхийг ч хорьдог. Энэ бүхнийг зөрчвөл  700 синга доллар төлөх ёстой. Энэ нь зуугаад мянган төгрөг болно. Цэцэг услаад ус үлдээвэл 1000 синга доллар "будаа”. Арслан хотод аялагчид анхаарах юм бас бий. Энд золбин нохой, шувуу хооллож болохгүй. Ганданд очоод ном уншуулахдаа буяныг бодож нохой шувуу хооллодог ёс Сингад үйлчлэхгүй. Хэрвээ та атга атгаар нь будаа цацаж тагтаа шувуу хооллодог дадалтай бол тэнд очоод гараа атгаж явсан нь өлзийтэй. Шинэ жил таарлаа гэхэд сэтгэл хөдлөлөө бариарай. Юутай ч  байрны дотор салют буудуулж болохгүй шүү. Хоорондоо чанга чанга яриад л энд тэндгүй шүлсээ нулимж, замын гарцгүй газраар заавал гарах гэж зүтгэдэг бол та зогс. Ил задгай шүлс хаясны төлөө, гарцгүй газраар гүйсний төлөө 500-1000 синга доллар авна шүү, танаас.

 

Торгууль ингээд дуусахгүй. Зарим тохиолдолд бүр "Аавын хаалга” татахад хүрнэ гээч. Шоронд ордоггүй юм аа гэхэд албадан хөдөлмөр хийлгэнэ, цаадуул чинь. Наран шарлагын газарт очоод усанд сэлээд буцахдаа хог үлдээвэл 800 синга доллар төлөөд зогсохгүй дээр нь гурван долоо хоногийн турш өдөр бүр хоёр цаг ямар ч үнэгүйгээр хог цэвэрлэх шийтгэлтэй. Ингэж байхад тэнэг л биш бол хог хаях хүн гарах уу.  Тагтан дээрээ нохойгоо үлдээвэл бас л торгуульна. Тэгэхэд манайхан тэжээсэн нохойгоо бүү хэл, төрүүлсэн үрээ орхичихоод дараа нь харамсаад ч баршгүй хагацалд хүрдэг нь эмгэнэлтэй.

 

                                Согтуу жолоочийг бөгс рүү нь саваадаад шорон руу


 

Сингапурын дүрэм журам жолооч нарт тун ч халгаатай гэнэ. Жолоо барьж явахдаа утсаар яривал баривчлаад эрхийг нь хураана. Харин манайд юун баривчлах вэ, бараг бүгд жолооныхоо ард гар утаснаасаа дүүжлээтэй яваа юм чинь. Хааяа нэг цагдаа харагдвал хацарнаасаа жаахан холдуулдаг байх утсаа, зарим нь ч тоохгүй дээ. Цагдаа нь ч тэр, жолооч нь ч тэр. Харсан, ярьсан хоёр харц мөргөлдөөд л өнгөрнө. Хуулиа гууль болгоогүй газар өөр юм аа. Заасан хурдыг 10 км/цагаар хэтрүүлсэн тохиолдолд гурван сар шоронд сууна гэнэ шүү. Согтуугаар машин жолоодвол бүр баларна. Ийм тохиолдолд архи үнэртүүлсэн тэр нөхрийг модон саваагаар зургаан удаа бөгс рүү нь саваадаад хагас жилийн хугацаагаар шорон руу. Гэтэл Монголд үнэртүүлэх нь бүү хэл, үлээхэд хажуу дахь хүн нь согтож унамаар хэцүү нөхдүүд жолооны ард суучихсан, зогсоосон цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэх нь энүүхэнд. Тэднийг машинаас нь буулгаад шууд саваадаад эхэлбэл яах бол. Өөрсдөө согтуу явснаа мэдэхгүй хүний эрх, хууль дүрэм яриад явж өгөх байх даа.

 

                                    Жорлонгийн усаа татахгүй бол...


 

Манайхан шууд хуулбарлаж аваад хэрэгжүүлж эхэлмээр торгуулиуд бас байна. Заримыг нь сонсоход итгэмээргүй ч юм шиг. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи зарвал мөн саваадаад тухайн дэлгүүрийн эзнийг торгоод, худалдагчийг нь нэг жил шоронд суулгадаг ажээ. Манайд ингээд эхэлбэл, бага насны хүүхдийг татах тамхи, уух архины төлөө дэлгүүр лүү гүйлгэдэг эцэг эхчүүд нэгийг бодох болов уу. Түүнчлэн нийслэл Улаанбаатарын хаана л бол хаана элбэг тохиолддог нэг дутагдал бий. Уг нь бол хувь хүний ухамсартай л холбоотой асуудал. Гэхдээ нийгэмд түгээмэл болчихсон соёлгүй үзэгдэл. Тэр бол нийтийн бие засах газраар үйлчлүүлээд гарахдаа усаа татахгүй орхих явдал юм. Сингапурчуудын таван хүн тутмын гурав нь урьд нь жорлонгийн усаа татдаггүй байжээ. Харин Сингапурын Засаг захиргаанаас ийм тохиолдол бүрт 600 синга доллароор торгоно гэсэн шийдвэр гаргамагц дээрх бүдүүлэг байдал эцэс болсон гэдэг. Ингэж тухайн хүний түрийвчтэй тулж ажиллахаар ийм үйлдэл хийж болохгүй гэх сигнал шууд тархинд нь хадагдан үлддэг ажээ. Манайд энэ бүхнийг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Хэрвээ торгуулийг тодорхой болгоод, алагчлалгүйгээр мөрдөж эхэлбэл, төд удалгүй дэлхийн жишиг хот болох зам харагдаж эхлэх бус уу. Тамхины хууль мөрдөгдөж эхэлсэн өдрүүдийг эргэж санахад л хангалттай биш үү. Хамгийн авууштай нь авилгатай тэмцсэн арга нь. Энэ талаар дараа өгүүлье.

 

Н.Саранчимэг

http://www.24tsag.mn/content/158062.shtml 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.