Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.12) хуралдаан 11 цаг 27 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулсан.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Байнгын хороо 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан гэлээ. Мөн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, нэр томъёог жигдлэх зэрэг хууль зүйн техникийн болон редакцийн шинжтэй зарим засвар өөрчлөлтийг төсөлд нэмж тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тухайлбал, Байнгын хороо дэмжээгүй боловч нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн "мал”, "амьтан” гэсэн хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан "тэжээвэр амьтан”, "мал” гэснээр ишлэх, мөн "Мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгаа” гэсэн 19 дүгээр зүйлийг төсөлд нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Ажлын хэсгээс бэлтгэсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасан төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсний дагуу холбогдох зарчмын саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг "Энэ хуулийн 15.1-д заасан байгууллагын даргын албан тушаалд мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мал зүйч, Аймаг, нийслэлийн мал үржлийн албаны даргын албан тушаалд мал зүйч ажиллана”, мөн зүйлийн 16.6 дахь заалтыг "Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технолги, малын генетик, нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч ажиллана” хэмээн тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар дэмжсэн. Мөн "Мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгаа” гэсэн 19 дүгээр зүйлийг төсөлд нэмж тусгахыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Дараа нь Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус төслийг Байнгын хорооны дарга Ц.Гарамжав танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асууж, санал хэлсэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ц.Гарамжав дээрх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтож, энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.