МОНГОЛД МАФИ БАЙХГҮЙ БОЛОХООР УЛС ТӨРЧИД ДАВРААД БАЙНА УУ?


МОНГОЛД МАФИ БАЙХГҮЙ БОЛОХООР УЛС ТӨРЧИД ДАВРААД БАЙНА УУ?

Одоогоос арваад жилийн тэртээ "Шим” группийн захирал Л.Цандэлэг "Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байна” гэж сонин хэвлэлээр тун зоригтой мэдэгдэж байлаа. Гэхдээ тэр нарийн учрыг нь тайлбарлаагүй юм. Уг нь гадаад орнуудад бол хээл хахуульд идэгдсэн, олигархижсан төрийг орон нутгийн мафиуд л айлгаж ичээж, зарим нэг ноцтой асуудлыг нь "зохицуулж” байдаг юмсанж. "Шим”-ийн Л.Цандэлэг яг л ийм утгаар хэлсэн болов уу? Хэрвээ Монголд мафи байсан бол хоосон амладаг улс төрчид ингэж даварч суухгүй, аль хэдийнэ мафийнхны заналхийлэлд ороод зүйл дуусах байж л дээ. Жишээ нь Япон улсад якудза нар ихээхэн нэр хүндтэй байдаг бөгөөд үе үе эх оронч сэтгэлгээ цухалзуулдаг тэднээс улс төрийн буруу шийдвэр гаргасан улс төрчид айж эмээдэг гэж байгаа. Тиймдээ ч Японы улс төрчид жаахан буруу зүйл хийчихвэл жинхэнэ ёс зүй гаргаж өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа огцордог. Гэхдээ цаагуураа бол якудза нараас битүүхэн айж байгаа. Мөн Хятадын "Триад” буюу мафийн гурвалууд төрийн өмчийг шамшигдуулан идэж авилгын мөнгөөр хөлжсөн этгээдүүдийг төрийн нэрийн өмнөөс залхаан цээрлүүлэх ажилд идэвхийлэн оролцдог ажээ. Ингэхдээ тэд хэн их хэмжээний авилгал авсан байна түүнийг онилж аваад зүйл бүрээр дарамтлан их хэмжээний мөнгө төгрөг нэхэж авдаг болсон аж. Хууль бусаар хөлжигсөдийг хууль хүчнийхэн хамгаална гэж юу байхав. Тэгээд ч "Намайг дарамталж их хэмжээний мөнгө нэхээд байна” гэсэн гомдол гаргаж гэмээнэ өөрөө өөрийнхөө булхайг дэлгэснээс ялгаагүй болох тул мафийнхны дарамтанд орсон хүмүүс хүссэн мөнгийг нь өгөөд хувхай хоосон болж үлддэг болжээ. Харин өгөхгүй гэж гүрийсэн нэгний фактыг мафийнхан хууль хяналтынханд өгч, Хятадын цагдаа нар шууд бариад авдаг болсон байна. Үнэндээ Хятадын "Триад”-ууд манай гудамжны тэмцэгч хөдөлгөөнүүд шиг "Эх орныхоо төлөө, ядарсан иргэдийнхээ төлөө” энэ тэр гэж хашгичаад байдаггүй юм байна. Хийх ёстой юмаа дуугүй л хийчихдэг гэж байгаа. Одоо тэгэхээр хэдэн жилийн өмнө "Шим” группийн захирал Л.Цандэлэгийн хэлсэн үг ойлгогдож байгаа биз. Нээрээ Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байдаг юм биш биз. Эдүгээ Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж буй Л.Цандэлэг мөн л төрийн томчуудын өөдөөс эвгүй үг чулуудсан хэвээр байна. Ялангуяа өнгөрсөн гуравдугаар сард засгийн газрын хүсэлтээр ОХУ-аас их хэмжээний улаан буудай орж ирж буй сургаар мань Цандэлэг маш ихээр бухимдаж "Мөнгө байхгүй гэчихээд, тариаланчдаас авсан улаан буудайныхаа мөнгийг өгөөгүй байж гадны улсаас 15 сая ам.доллараар улаан буудай авч болохгүй” гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлж байсан. Харин саяхан тэрбээр олигархижсан төртэй заргалдаад хариугүй цөхрөв үү гэлтэй "Тариаланчдад өгөх мөнгийг авмааргүй байна, биднийг зах зээл дээр зүгээр л чөлөөтэй орхичих” гэж мэдэгдэв. Энэ бол цөхөрсөн хүний үг. "Биднийг зах зээл дээр зүгээр л чөлөөтэй орхичих” гэдэг үгийн цаана үйлдвэрлэгчид хийгээд бизнесменүүдийн үйл ажиллагаанд сав л хийвэл хутгалдаж, тэднийг элдэв хууль дүрмээр дарамталж суудаг хахуульжсан, олигархижсан төрийн үнэн нүүр царай цухалзаж байна бус уу. Энэ чинь нөгөө л Монголд мафи байхгүй, хэрвээ байсан бол муусайн улс төрчид тэднээс айгаад бизнесменүүдийг зах зээл дээр зүгээр л чөлөөтэй орхичихдог юм гэдгийг л хэлээд байгаа хэрэг шүү дээ. "Шим”-ийн Л.Цандэлэг шиг бодол агуулж явдаг өөр нэг эрхэм гэвэл "Женко” Х.Баттулга. Тэрбээр өөрийн бичсэн "Бодлууд” хэмээх номондоо Оросын мафийнханы гол зарчим болох "Бригад” гээчийг их л тод томруун, ёстой л дотор нь ороод үзчихсэн юм шиг дүрсэлсэн байдаг. Оросын олон ангит "Бригад” гэдэг киног манайхан орчуулж гаргасан шүү дээ. Дашрамд хэлэхэд "Женко”-гийн туулж ирсэн амьдрал үүнтэй их төстэй юм байх аа. Тэрбээр "Бригад” гээчийнхээ тухай өгүүлэхдээ "Не пойман, не вор” гэсэн хэлц үг оросуудад бий. Эрүүгийн ертөнцөөрөө зартай ард түмэн онож хэлжээ. Нүүдэлчин амьдралын хэвшил нь монголчуудад хөрөнгө зөөр хураах боломжийг хэзээ ч олгож байсангүй. Ардчилал ялсанаар хувийн өмчтэй болж, хөрөнгө хуримтлуулах, өмчийн харилцаанд оролцох боломж нээгдсэн бөгөөд үүнийг дагаад хөрөнгийн урсгалыг хянах, тэндээс шимэгчлэх замаар хөрөнгөжих эрмэлзлэлүүд гарч ирсэн. 1990 оноос хойш арваад жил өнгөрөхөд нийгэм мэдэгдэм хөрөнгөжиж, мөнгөжжээ. Бий болсон мөнгөний хуримтлалаас ахиухан хазчих санаатай шимэгчдийн Бригад гарч ирсэн нь жам ёсны мэт боловч эмгэнэлтэй нь Бригад нь Төр өөрөө болчихсонд л байгаа юм. Бригадыг хазаарлах хүч нийгэмд үгүйлэгдэж байна. Орост хүчирхэг төр байгаа учраас Бригадыг журамлаж чадсан. Харин манай төр өөрөө Бригад болчихсон байхаар хэн тэднийг журамлаж, хэн хариуцлага тооцох вэ? Ард түмэн. сонгогчид л эдэнтэй хариуцлага тооцож чадна. Ирэх сонгууль ийм алтан боломжийг олгож байгаа. Ашиглаж чадахгүй бол бид мафижсан төр бүхий Болгар маягийн хөгждөггүй, бас үхдэггүй Бригад улс болж хувирна” гэж аргагүй л үнэн үг хэлсэн байдаг. Гэвч үүнийх нь хариуд нийтлэлч Ш.Батмөнх "Х.Баттулга уг нь өөрөө ганцаараа Бригад байсан хүн. Гэтэл түүний хажуугаар Төр гэдэг бригадын бүлэг гарч ирээд "Женко”-г улам ихээр бухимдуулах болжээ. Уг нь ганцаараа Бригад болж гахай таргалуулж байхаар олуулаа Бригад болж оготно таргалуулсан нь дээр биш үү. Ерөөсөө монголчууд бүгдээрээ нэг Бригад болцгооё. Ингэж улс орноороо мафижчихсан байхад гадаадын хэнбугай ч биднийг дээрэлхэж, доромжилж чадахгүй” гэж бичиж байсан удаатай. Олуулаа Бригад болчихоод оготно таргалдаг бол бас яая гэхэв. Даанч тэр оготнууд буюу энгийн номхон ард иргэд нь огт таргалахгүйгээр улам турж ядуураад, харин Бригад болчихсон төрийн олигархижсан хэдэн нөхөд л гахай шиг таргалсаар байгааг юу гэж ойлгох вэ? Цаашдаа Х.Баттулгын "Бригад” хэмээх энэхүү үзэл бодол Оросын нутгаас халиад дэлхийн хэмжээний "Cosa Nostra” гээд томроод явчихсан байх аж. Тийм ч учраас өдөр тутмын сонины зарим нийтлэлч нар үүнийг л өлгөж аваад Х.Баттулгыг "Мафийн загалмайлсан эцэг буюу Дон Женко” гэж цоллож байсан удаатай. Дон Женко маань "Бодлууд” хэмээх номондоо "Маfia” гэдгийг тайлбарлахдаа "19-р зууны Сицилиэс гаралтай энэ нэр, байгууллагын түүх урт, ойлголт олон янз байсан ч эдүгээ нийтээрээ "mafia” гэдэгт шүүх, цагдаа, төрийн бүтцэд нөлөөлөх, тэднээр өмгөөлүүлэн хамгаалуулах боломж, чадвар бүхий хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг гэмт хэргийн зохион байгуулалттай бүтцийг ойлгож байна. Үнэн хэрэгтээ Монголын эрүүгийн ертөнцөд түүхэндээ mafia гэж үзчихээр бүлэглэл үүсч байсангүй. Зохион байгуулалттайгаар дарамтлах, сүрдүүлэх (рэкет) маягийн зүйлс цухалзмагц хуулийнхан даруй учрыг нь олж байлаа. Маfia гэдэг нэрийн гарал үүслийн талаар хэл шинжээчид, түүхч, судлаачид маргаантай байдаг ба бидний мафи гэж яриад байгаа гэмт бүлэглэлүүд өөрсдийгөө "Cosa Nostra” (”Maнай юм гэсэн утгатай) гэж нэрлэдэг” хэмээжээ. "Манай юм” гэдэг үгэн дээр тогтож ярихад энэ үгэнд жаахан ч гэлээ эх оронч сэтгэлгээ цухалзаж байдаг юмсанж. Тиймдээ ч Японы якудза нар, Хятадын "Триад”-ууд арчаагаа алдсан зарим улс төрчдийн буруу үйлдэл дээр тоглолт хийдэг ажээ. Харин манайд иймэрхүү цочмог үйлдэл хийдэг бүлэглэл байхгүй болохоор увайгүй зарим улс төрчид давраад байдаг бололтой. Монголын хууль бус бизнесийн "СЕЙФ” хэмээх бүлгийн толгойлогч гэх "АК-47” хэмээх хочтой нэг эрхэмийн хэлсэн үг байдаг шүү дээ. "Италийн мафиуд хөл бөмбөг тоглож байгаа юм шиг, Оросын мафи шатар нүүж байгаа юм шиг, харин Хятадын мафи чимхлүүр нарийн мэс засал хийж байгаа юм шиг, Японы якудза нар улайм цайм дэлгүүрийн касс тонож байгаа юм шиг, Колумбын мафи фронтын галын тэргүүн шугаманд дайтаж байгаа юм шиг л үйл ажиллагаа явуулдаг бол Монголын мафи хар захын лангуун дээр хүнсний хулхи ногоо зарж байгаа дамчин шиг л үйл ажиллагаагаа явуулдаг” гэж "АК-47” хэмээгч хэлсэн нь аргагүй л ортой үг. Үнэндээ хар захын лангуун дээр хүнсний хулхи ногоо зарж ядарсан ард түмнээ л мэрж амьдардаг жижиг гарын луйварчдаас манай эх оронч сэтгэлгээгүй хулхи улс төрчид айж сүрдэнэ гэж юу байхав дээ. Тэднийг жижигхээн юмаар хуурчихна. Харин тэд аймхай жижигхэн Монголд өөрсдийг нь дарамтлаад байхуйц мафи гараад ирэх вий гэхээс үхтлээ айдаг гэж байгаа. Жишээ нь саяхан УИХ-ын чуулганаар Казиногийн хуулийг хэлэлцэх үеэр зарим нэг аймхай бөгөөд өөнтөгч гишүүд "Наадахыг чинь Монголд байгуулчихвал нөгөө хар тамхи, янхандалт, мафи зэрэг нь босоод ирэх юм биш үү” гэх зэргээр аль ерээд оны үед ярьж байсан мөнөөх улигт үгээ давтаж л суух юм. Казинотой казиногүй тэр хар тамхи, янхандалт гэдэг чинь Монголд аль хэдийнэ нүүрэлдэгээ нүүрэлчихсэн шүү дээ. Ерээд оны сүүл үед "Казино” Баттулга тэргүүтэй хэдэн хүн Монголд казино байгуулахаар зүтгэж байхад манай зарим гишүүд мөн л иймэрхүү үгээр булж байгаад Казиногийн хуулийг цуцлуулж дөнгөсөн. Одоо бас нөгөө улигт үгээ чалчсаар байгаад цуцлуулах юм гэнэ. Энэ мэтийн чалчаа үгнээс болж ард түмэн мөнхийн ядуу дорой сууж, харин өөрсдөө ядуу дорой нөхдийг ялгуусан хутагт лугаа мунхруулж суух гэж л тэр. Ийм ялгуусан хутагтууд өөрсдийг нь айлгаж сүрдүүлэх хэл амтай, хэрүүл шуугиантай, буу шийдэмтэй, бузгай догшин мафи гараад ирэх вий гэхээс үхтлээ айх нь тодорхой. Одоо харин Л.Цандэлгийн хэлсэн үг ерөнхийдөө ойлгогдож байгаа биз.
Ингэхэд ер нь Монголд мафи бий юу? Энэхүү сониучхан асуулт аль С.Зоригийн үхлээс өмнө гарч ирсэн. Тухайн үед Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл "Монголд мафи байхгүй. Одоохондоо ийм зүйл бий болох үндэс суурь тавигдаагүй байгаа” гэж хариулж байлаа. Өнөөдөр чухам ямар байр суурьтай байгааг хэлж мэдэх арга алга. Гэвч "Шинэ орос”-ууд буюу Эрхүү, Новосибирск, Буриад, Сибирт нөлөөгөө нэгэнт тогтоосон мафи буюу Оросын бизнесийн элитүүд, олигархиуд үүнийг их л өөрөөр үзэж байгаа юмсанж. Саяхан манай нэг нэлээд том хэмжээний бизнесмен их сонин зүйл хуучилсан юм. Тэр өгүүлэхдээ "Сүүлийн үед Оросын мафиуд Монголыг маш их сонирхдог болсон. Яагаад гэвэл тэдний муу муухай үйл ажиллагааг европчууд болон америкчууд аль хэдийн мэдчихээд нутаг орноосоо түрж гаргах бодлого явуулж эхлээд байна. Оросын мафийн толгойлогч "Япончик” хочит нөгөө алдартай хулгайчийг америкчууд баривчлаад Оросын цагдаа нарт хүлээлгэж өгсөн нь үүний тод жишээ. Түүнээс өөр мафийн хэд хэдэн толгойлогч хилийн чанадаас баривчлагдаад эх нутаг руугаа хүргүүлсэн. Одоо харин Оросын мафиуд Ази тив, тэр дундаа хууль дүрэм сул дорой Монголыг сонирхдог болчихоод байна. Гэхдээ би тэдний хамсаатнууд биш. Надад жаахан ч гэсэн эх оронч сэтгэлгээ байдаг тулдаа л би Оросын мафиудад уусалгүй өнөөдрийг хүрсэн. Оросын мафиуд ярихдаа "Монголын эрүүгийн элементүүд болон гэмт хэргийн ертөнц бол бидний хуулбар. Тэр хуулбаруудын маань зарим нь Монголын улс төрийн өндөрлөгт гарч яамны сайд болтолоо дэвшиж дээшилсэн байна. Энэ бол бидний хувьд маш том боломж. Манай ерөнхийлөгч Путин бол мафи, олигархиудыг хэзээ ч дээш нь гаргадаггүй, цаг ямагт нухчин дарж байдаг хүн. Харин Монголд бол өөр байдаг юм байна. Нэгэнт бидний хуулбар Монголын төрд гараад ирсэн болохоор бид өөрсдийнхөө хуулбартай хамтарч ажиллах шиг амархан юм хаана байна” гэдэг. Хуучин коммунист дэглэмийн үед Монголын төр засаг ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны хуйвалдааны шууд "канондсон” хувь байсан. Харин социалист нийгэм задрах үед Зөвлөлтийн коммунистууд ОХУ-ын мафиудад хуваагдсан. Тэгээд тэд өмнө нь гарынхаа аясаар хөдөлгөдөг байсан монголчуудыг ганзагын наймаа нэрийдлээр эх орондоо урин дуудаж, нэг ёсондоо монголчуудын хууль бус амьдралыг эх орон руугаа өдөр өдрөөр "импортолж” эхэлсэн. Нэгэнт баахан хууль бус монголчуудыг цуглуулсан болохоор нөгөө сүрхий дарамт шахалт, рекэт зэргээ хэрэглэж эд хөрөнгийг нь барьцаалах, ялангуяа өр зээл авахдаа харгис түрэмгий хандах, лоббидох, улмаар өөрсөддөө элсүүлэх зэргээр есөн шидийн арга хэрэглэсэн. Одоо харин тэд өөрсдийн биеэр Монголд орж ирээд зарим нэг эрх мэдэлтэнүүдтэй хуйвалдах маягаар бидний зах зээлийг эзэгнэх бодлого баримтлах болсон. 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр "Монголд Оросын зуун колонкийг байгуулах нь зүйтэй” гээд баахан яригдав даа. Энэ чинь үнэн хэрэгтээ мафиуд байсан байхгүй юу. Тэд колонк байгуулах нэрээр орж ирчихээд мафиудын үйлддэг жинхэнэ бохир ажиллагаа явуулах байсан юм. Одоо харин тэд уул уурхайн чиглэлээр орж ирэх нүх сүв нь бүрдчихээд байна” хэмээв. Мөн нэрээ нууцлахыг хүссэн нэг эрхэм өгүүлэхдээ "Оросын мафиуд шоронгийнхон дундаас нөлөөтэй атамануудыг талдаа татдаг. Монголчууд ч мөн үүнийг дууриасан. Муу муухай арга замаараа олны танил болсон Оросын рецедивүүд болон олигархиуд өдөр тутам сүрдүүлгийн ажил эрхэлдэг. Үүгээрээ Японы якудза нартай төстэй. Тухайлбал тэд хэн нэгэн хүний өрийг барагдуулах захиалга авлаа гэж бодоход цаад өр тавьсан хүнийг шүүх, цагдаад өгч тэнэгтэхгүй. Буу тулгаж айлган сүрдүүлж байгаад л шүүх засаглалын олон шат дамжлага дамжин цаг үрэлгүйгээр мөнгөө шууд бэлэн авчихдаг. Дээр нь нэмээд хүү авах ч тохиолдол бий. Хамгийн гол нь айлган сүрдүүлэх хүмүүс нь туршлагатай, ямар нэгэн тохиолдолд биеэ хамгаалах чадвартай, бусдад хор хөнөөл учруулж чадах элдэв муу аргатай байдаг. Ийм л хүмүүс Монголыг сонирхоод байгаа юм даа. Үнэндээ Монголд мафи байхгүй болохоор Оросын болон Хятадын мафиуд их оодордог болсон” хэмээв. Монголд мафи байхгүй болохоор улс төрчид давардаг бол Орос болон Хятадын мафиуд бас оодордог юм байна. Нээрээ ч Оросын мафиуд болон олигархиуд сүүлийн үед гаалиар том том контенейрээр бараа оруулж ирдэг манай зарим нэг компанийг хараандаа авчихаад байгаа тухай яригдах болсон. Оросууд өнөөдөр Улаан-Үдийн боомтон дээр Бээжин-Улаанбаатараас орж ирж буй ямар нэгэн вагоныг ганзагын наймаачдын хэлдэгээр ёстой л "авсалж” гардаг ажээ. Энэ нь бүх барааг нь хурааж саатуулна гэсэн үг. Хэрвээ тодорхой хэмжээний хувь төлбөл ногоон гэрлээр цаашаа хөдлөх жишээтэй. Зарим хүн Оросын мафиудтай харьцалгүйгээр шударга үнэн шүүхэд хандана гэж дөвчигнөөд юу ч үгүй хоцордог ажээ. Бараг тэр шүүх хавьцаа нь мафийн нэг гишүүн ажиллаж байх жишээтэй. Энэ мэтийн асуудалд манай нөгөө эрхэм түшээд яагаад ч нөлөөлж чадахгүй. Харин нэг муу эх оронч сэтгэлгээтэй мафийн хэлтэрхийнүүд байсан бол Оросын мафиудтай бас арга эвээ ололцоод байж дөнгөх бололтой. Яагаад гэвэл тэд оросуудын эсрэг элдэв муу аргаар хариу үйлдэл хийж, ухаандаа харыг хараар гэгчээр өөрсөдтэй нь адилхан хуулиас гадуур шоглоод байж мэдэх юм. Америкийн нэг кинонд "Боолын нийгмийн үед аминдаа арчаагүй, хамгийн чадал муутай хар арьстанууд Америкт олзлогдож ирсэн. Өнөөгийн Америкт байгаа хар арьстанууд бол тэр арчаагүй боолчуудын үр сад болохоор дэндүү сул дорой. Харин Африкт байгаа хар арьстанууд бол жинхэнэ хүчирхэг” гэж өгүүлдэг. Үүн лүгээ 1990-ээд оны үед ОХУ-ын нэг улс төрч "Монголд дан ганц аймхай, бэртэгчин, яс муутай, мөхөж буй хүмүүс л үлдсэн, жинхэнэ монголчууд бол Чингисийн аян дайнаас болж дэлхийгээр нэг тарсан” гэсэн утгатай үг хэлж олон хүний дургүйг хүргэж байлаа. Гэхдээ энэ үг нэг талаар ортой ч байж мэдэх юм. Яагаад гэвэл өнөөгийн ихэнх монголчууд ёс суртахууны хувьд үнэхээр доройтоод, хөгжил цэцэглэлтийн тухай төсөөлөл ч үгүй болчихоод байгаа. Энд ёс суртахууны доройтол гэж хувь хүний хүмүүжлийн доголдолыг хэлсэнгүй. Харин үндэсний нийтлэг шинж болж бүрэлдсэн тэрхүү арчаагүй араншинг хэлж байна. Нууцгүй хэлэхэд бид Оросын улс төрчийн хэлсэнээр хувиа бодсон аймхай, бэртэгчин, залхуу хүмүүс болж хувираад байгаа юм биш үү? Нэг жишээ татъя л даа. 1990 оноос эхлээд монголчууд хойд, урд хоёр хөршдөө очиж наймаа хийж амьдралаа залгуулах болсон. Гэвч монголчууд хүний нутагт элэг нэгт монголчууддаа алуулж, талуулж, дээрэмдүүлж эхэлсэн. Монголчуудын дийлэнх хэсэг нь "Би л хувиа борлуулж довоо шарлуулж яваа бол боллоо” гэж боддог болохоор нэг монгол нь үхтлээ зодуулж байхад ядарсан нэгэндээ гар сунгана гэсэн ойлголт байхгүй. Аль болохоор зайгаа барина. Түүнээс бус хужаа гэж гоочлоод байдаг хятадуудын адил нэгийгээ өмөөрнө гэдэг ёстой номонд хазгай. Сэлэм бариад гал утаан дунд нэгнийхээ өмнүүр орж түүний төлөө амиа алддаг дайчин монгол эрсийн удам гэх бид өнөөдөр балга архинаас болж найзыгаа хөнөөж, хов жив хөөцөлдөж, нэгнийхээ улыг шагайж өдөр хоног өнгөрөөдөг өчүүхэн амьтад болж хувирчээ. Үүнээс илүү мөхөхийн цондон гэж байх уу? Амьдралаа аваад явах тэнхээгүй, арчаагүй мөртлөө архины мөнгө сэтгэхдээ гарамгай, биеэ тоохын эрдмийг дээд зэргээр эзэмшсэн ийм эрчүүд охид бүсгүйчүүдээ буруу зам руу түлхчихээд, бяд муутай тэдэнд чадал тэнхээгээ гайхуулж, өө эрж суух нь үнэхээр гутамшигтай. Энэ юу ч биш юмаа гэхэд ямар ч цус сэлбэлт хийгдээгүй монголчууд удахгүй сөнөх нь бас гарцаагүй. Цус сэлбэлт гэдэг нь нэгэн бүхэл бүтэн үндэстэн өвчилчихөөд донорын цус хэрэгтэй болчихоод байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Бидний энэ өвчний тухай одоо уг нь биднээс дор ч байж болох байсан нэгэн үндэстний төлөөлөгч юу гэж хэлсэнийг сонирхуулъя. Кыргизстан хуучин ЗСБНХУ-ын нэг хэсэг байсныг бид сайн мэднэ. Тэгвэл Кыргизийн нэрт кино найруулагч, эдүгээ тус улсын төрийн зүтгэлтэн болчихсон Толомуш Океев манай улсад нэгэнтээ ирчихээд "Монголчуудад цус ойртож бие ба оюун ухаанд нь гажиг үүссэн байдал анзаарагдаж байна. Мөхөх гээгүй юм бол айж ичих юмгүй цус сэлбэх учиртай. Манай кыргизүүд цусаа сайн сэлбэсэн. Мянган жилдээ зоволтгүй амьдарна” гэж хэлсэн. Гэтэл энэ үгийг бид анзаарах ч сөхөөгүй, учрыг нь ч олохгүй л явна. Үнэхээр бидний цус ойртож, оюун ухааны гажигтай болчихоод байна шүү дээ. Эдүгээ хөдөөгийн сумдын хүн амын ихэнх нь садан төрөлтэйгөө гэрлэж байна. Тэр ч бүү хэл жалга дотроосоо бэр буулгаж, жалгандаа "мөхөж” байна. Бид "Монголчууд сайн яривал бүгд садан төрөл болдог” гэж хошигнох аяддаг. Гэтэл энэ хэлц үг аль хэдийнэ хошигнол байхаа больжээ. "Монголд дан ганц аймхай, бэртэгчин, яс муутай, мөхөж буй хүмүүс л үлдсэн, жинхэнэ монголчууд бол Чингисийн аян дайнаас болж дэлхийгээр нэг тарсан” гэх үгийг дахиад нэг давтъя. Учир нь дээр өгүүлсэн аймхай, бэртэгчин, яс муутай, мөхөж буй хүмүүсийн арай дөнгүүр хэсэг нь эдүгээ харь нутагт очиж ажиллахаар Америк, Солонгос, Англи, Японоор нэг тарчихаад байгаа. Харин энд ямар улс үлдсэн гээч? Хатуухан хэлэхэд ард түмнээ хуурч хулхиддаг хэдэн улс төрч, албан газрын хаяа сахиж төсвийн мөнгөөр голоо зогоож буй хэдэн түшмэд, ажилгүй гиюүрсэн хэдэн архичин, ажлын байр нь тодорхой бус хэдэн оюутан, мөнгөтэй эр хайсан хэдэн охид бүсгүйчүүд, хоосон мөрөөдөлдөө шатсан хэдэн одонцор, өрх толгойлсон хэдэн тарчиг эмэгтэй, өнө хойчид яаж амьдрах нь тодорхой бус хэдэн хүүхэд л байна даа, хөөрхий. Гэхдээ арай ч заяа таван тэнгэр нь хээр хоночихоогүй, дайчин цоглог хэсэг бусаг хүн Монголд бий. Даанч тэд нар нь Монголын хүн амын арван хувьд ч хүрэхгүй. Тиймээс хилийн чанадад байгаа монголчууд даруйхан эх нутагтаа ирж "цус сэлбэх” нь зүйтэй болов уу. Захиргаадалтын үед цус сэлбэх гэсэн оролдлогыг МАХН-ын удирдагчид хийж Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Налайхад баруун аймгуудаас залуусыг илгээлтээр авчирч байсан нь үнэн. Гэвч энэ бол баруун гарынхаа цусыг зүүн гартаа авч хийсэн шиг өчүүхэн явцгүй арга байлаа. Нэгэн цагт суут хүн Л.Гумилев "Монголчууд 500 жилийн настай” гэсэн нь дэндүү өөдрөг, оптимист үзэлтний үг байжээ гэлтэй. Үнэндээ бидэнд үсрээд л хоёр гуравхан жарны нас л үлдсэн юм биш үү? Эцэст нь хэлэхэд Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байдаг юм биш үү? Тэдний зарим даварсан нэг нь өөрийнхөө давруу чанарыг улам бататгахын тулд Оросын олигархиудтай сүжрэлддэг гэж байгаа. "Чонотой нийлсэн нохой чононоосоо ч хомхой болдог” хэмээх Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Бидний өвөг дээдэс амьдралаар нотлогдсон зүйлийг л зүйр цэцэн үг болгосоор ирсэн байдаг. Дээрхи үгийг "Женко” Баттулга "Хагарал” хэмээх нийтлэлдээ дурдсан байх ажээ. Гэхдээ энэ нь Монгол улсын дотоодын тэмцэл буюу МАН, АН хоёрын тулаанд зориулж хэлсэн үг. Энэ хоёр нам бол яахав ээ. Хоорондоо хонь, чоно болон эвдрэлцэж, заримдаа үнээ, тугал болж эвлэлдэж явсаар хорин жил болж байна. Үүний хор хөнөөл нь гэвэл улс орон олигтой хөгжиж чадахгүй ядууралд өртөж, бэлэн юм горьдож амьдардаг бүхэл бүтэн арми бий болсонд байдаг. Энэ бол манай дотоодын чоно, ноход хоорондоо нийлж хомхой болсоны гай. Харин манай олигархи ноход гадаадын чонотой нийлж гэмээнэ тэднээсээ долоон дор хомхой болж мэдэх юм шүү. Гадны олигархиудын дэмжлэгтэйгээр бүр Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж хомхой байтугай хохимой болж ч мэднэ. Үүний оронд эх оронч сэтгэлгээтэй, үндэстний ганц хоёр мафиузмтай байсан нь ч дээр юм шиг ээ.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.