"Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах гэнэ. Энэхүү 49 хувийг Монголын хувийн хэвшлийн нэгэн компани Оросын талаас 400 сая ам.доллараар худалдаж авсан биз дээ.
Үүнийг авах гэж тэр компани хуруу хумсаа хуйхалж, өөр дээрээ өмдөө нэмэх шахан байж мөнгө босгосон тухай, эх орныхоо хөрөнгийг гаднаас авчирсанд баяр хүргэе хэмээн манай томоохон эдийн засагчид бичиж байсан санагдана. Тэгэхээр шулуухан хэлэхэд МАН-ынхан хувийн хөрөнгийг хураахаар санаархаж байгаа юм байна. "Эрдэнэт”-ийн 49 хувь амжилттай болбол дараагийн удаад MCS, Петровис, МАК, "Номин”, АПУ... гээд дайрах юм байна.
Манай үндэсний том компаниуд "Биднээс холуур өнгөрч байвал дүүрч” гэж бодох хэрэггүй юм. Дараагийн удаад таны хөрөнгө руу коммунистууд санаархана. Энэ бол коммунистуудын хийж чаддаг ажил. Угшлаа айхавтар хадгалдаг юм байна. Манай хөрөнгөтнүүд тэдэнтэй хичнээн эрх ашгаа нэгтгээд ч нэмэргүй, нэг өглөө босоод ирэхэд л өрсөлдөгч чинь коммунистуудад илүү "юм” атгуулаад таны хөрөнгийг дээрэмдэнэ.
Өнөө "юм” атгуулсан компани нь "Надад ч сайхан нээнтэгтэй болсон доо, тэд” гээд пээдгэрхэн сууж байх хойгуур нь нөгөөхтэй нь бас нийлээд эргүүлээд түүний хөрөнгийг хамна. Энэ бол коммунистуудын арга барил, технологи. Тэгэхээр бизнесийнхэн минь МАН-ынхныг засаглалд байгаа цаг үед "Миний ээлж хэзээ вэ” гэдгийг ямагт бод. Дараагийн удаад та гарцаагүй шүү. Энэ бүхэн "Эрдэнэт”-ийн 49 хувь руу дайрч байгаа хандлагаас харагдаж байна л даа.
Гэхдээ УИХ дахь 65-ын бүлгийн гишүүдийг бүгдийг нь хөгшин, залуу коммунистууд гэж хэлмээргүй байна. Тэд өөрийн толгойтой, өөрийн сонгогчидтой улстөрчид. Зүгээр л намын чинь нөлөөтэй хүмүүс та нараар могой бариулах гэж байгаа юм биш үү гэдгийг анхааруулж байна!
Коммунистууд нийгэмд хоёр зүйлийг л боомилдог, үзэн яддаг. Тэр нь хувийн өмч, хүний эрх хоёр. Өнөөдөр Монгол Улсын ямар ч иргэн нийслэлдээ амьдрах эрхгүй боллоо. УИХ-ын 76 эрхэмд онцгойлон хэлэхэд хотынхоо асуудлыг шийдэж чадахгүй, асуудлаас зугтаасан хотын дарга нөхөр таны сонгогчдыг жалга жалгандаа үхэцгээ гэж тулгалаа. Таныг сонгож дэмжсэн сонгогчдынхоо ачийг эрхэм гишүүн та ингэж хариулж байгаа хэрэг үү.
Сумынхаа төвөөс гарах эрхгүй болох гэж таныг төрд сонгосон хэрэг үү. Үнэндээ хөдөөнөөс хотод нэмэгдэж буй яндангийн тоо жилд 2000 хүрдэггүй юм шүү дээ. Ийм юм яасан ч байж болохгүй, Үндсэн хуулиа зөрчлөө гээд босохын завдалгүй залгуулаад "Хувийн өмчийг чинь хураана” гээд зарлаад эхэллээ. Иймдээ хүрсэн та нарыг Монголын ард түмэн коммунистууд гэж нэрлэхээс өөр яах билээ. Ингэж болохгүйг эрх биш мэдэх толгойнууд МАН-д уг нь баймаар юм аа. Ядаж л дараагийн ээлжинд миний хувь эзэмшдэг компани руу санаархах юм биш биз гэж бодмоор.
Үнэндээ оросуудын хувьд Монголд бизнестэй байх нь там болжээ гэж үзсэн учраас өөрийн мэдлийн 49 хувиа гэрээний дагуу зарсан байдаг. Учир нь монголчуудад байдаг мэдээллээр бол "Эрдэнэт”-ээс оросууд жилд 200 сая долларын ашиг авдаг гэсэн ойлголттой. Бодит байдал дээрээ энэ мөнгө Оросын төсөвт очихдоо 20-30 сая ам.доллар болдог байсныг хоёр талын эдийн засагчид бичдэг, ярьдаг боллоо.
Юу гэхээр замд нь Оросын түшмэд хусдаг, тэр сүлжээг нь Путин эмхэлж чадаагүй л байхгүй юу. Тэгвэл Монголын талдаа яадаг байв. Тэр чигээрээ Монголын эрх мэдэлтнүүд, насаараа Монголын төрийг зайдагнаж байгаа, зайдагнах хүсэлтэй нөхдүүдийн "саалийн үнээ” нь "Эрдэнэт” үйлдвэр байсаар ирсэн. Жишээ нь, Оюу толгойгоос гарч буй зэсийн бүлэгт байгаа алт зэрэг бусад үнэт металлын татварыг Риогийн зүгээс тооцож Монголд төлдөг. Зэсийн баяжмалынх нь энэ, алтных нь энэ гэхчилэн. Харин Эрдэнэт бол хэзээ ч тийм нарийн тооцоог Оросын талтай хийж байгаагүй.
Наад захын энэ мэтээс л өчигдрийн хийгээд өнөөдрийн төрд байгаа хэсэг бүлэг хүмүүс тэрбум тэрбумаар нь хувьдаа завшиж ирсэн нь бодит үнэн юм. Өчигдөр мэдээллийн хэрэгслүүдээр бид харлаа. Ц.Нямдорж гишүүнээс "Та "Эрдэнэт”-д 2,5 тэрбумын шахаа хийдэг байсан юм уу” гэж сэтгүүлч асуухад "Тэр чинь аль эртний юм” гэж хариулж байгааг. Эртнийдээ ерэн оноос өмнө л байв гэж дээ. Ийм л учиртай болохоор хувийнхан худалдаж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд хурааж авна гэсэн хорсол яваад байгаа юм.
Улсын үйлдвэрүүд хувьд очихоороо л бодит эдийн засаг болдог, улсад өндөр татвар төлж эхэлдэг, шинэ технологи оруулж ирдгийг өнгөрсөн 26 жилд бид харлаа. "Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын нэг хувийн компани авснаар тухайн үйлдвэрийн хогийн шүүрийг ч, кассанд нь байгаа бутархай мөнгийг ч тоолоод эхэлсэн хэрэг. Литр бензинийг ч хямгадаад эхэлсэн. Гэтэл энэ үйлдвэрт 20 жил хэрэглэх каноны хаягдал хор, 25 жил хэрэглэх бэлгэвч... гээд хэдэн мянган нэр төрлийн хог шахаж, хэдэн тэрбум төгрөг хувьдаа завшиж байсан улстөрчдөд энэ нь эмгэнэл юм. Бараг амьдрал нь утга учиргүй мэт болсон юм байгаа биз. Та Б.Бат-Эрдэнэ гишүүний эртээд нэг их айхавтар ууралсныг санаж байгаа байх.
Эрхэм гишүүн "Хүн шахаж болохоо больчихлоо. Та нар наад шалгалтаа шуурхайлаач” гэж загнаагүй юу. Нөгөө танил талаа шахаж дарга болгох, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлээ өндөр үнээр шахахыг нь хориглоод эхэлсний бас нэг жишээ мөн биз. Тэгэхээр "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан компани нэг номерийн дайсан нь байж таарна. Эдгээр шахааны бизнестэй коммунистууд бусдыгаа бас улайрсан коммунистууд болгон харагдуулж байгаа нь харамсалтай л байна. Өөрсдөө ч анзааралгүй коммунист болж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ, тэд. МАН-ынхан ядаж түүхээ эргээд хар. 1937 оны их хэлмэгдүүлэлт, хөрөнгө хураалтад хамгийн голлох үүрэгтэй оролцсон хүмүүс төд удалгүй өөрсдөө махны машиндаа хэрчүүлж, хөрөнгөө хураалгаж, жалганд буудуулсан байдаг.
Х.Чойбалсан хүртэл өөрөө 1930-аад оны эхээр Оросын шоронд тарчилж, оросуудад тангараг өгч гарч ирээд, хамтран зүтгэж явсан Гаваапил нарын нөхдөө өөрийн биеэр тамлан байцааж оросуудад үнэнчээ баталсан зэрэг нь одоо МАН-ын түүх юм байгаа биз дээ. Ийм аймшигт удамшил зүй нь МАН-д тасрахгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бүх аймшиг дандаа 30 жилийн давтамжтай явж ирсэн. 1930 онд их хөрөнгө хураалт, их хядлага явагдсан. 1960 онд сэхээтний төөрөгдөл нэрээр бас давтагдсан. 1990 онд тойрон хүрээлэгчид нэрээр үргэлжилж Ю.Цэдэнбал муугаа үзсэн. Одоо 30 жилийн дараа хөрөнгө хураана, хаана амьдрахыг чинь төр мэднэ гээд эхэлж байгаа нь юуны ёр вэ.
Томоохон судлаачдын бичиж байгаагаар бол угтаа гадныхан эзэн суучихсан байсан өөрийн улсын хөрөнгийг эх орондоо авчирсан хүнийг шагнах ёстой гэж үздэг юм билээ. Жишээ нь, "Эрдэнэт”-ийн 49 хувийг цаг үеийг нь мэдрээд, оросуудад мөнгө хэрэгтэй байгааг нь ашиглаад, маш хямдханаар аваад ирсэн компанийн захиралд МАН-ынхан бараг ял тулгах нь бололтой. 1960 оны үед "Увсын газар нутгаас оросуудад өгөхгүй” гэж тэдэнтэй яс үзэлцсэн тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Аюурзана гэж том сэхээтнээ МАН-ынхан хэлмэгдүүлж, тээврийн жолооч болгон мууг нь үзсэн байдаг юм. Түүнтэй яг агаар нэг үйл явдал харагдаж байгаа биз.
Монголчууд бид өнөөдөр том жижиггүй, дарга цэрэггүй жаахан ухаалаг байхыг цаг үе шаардаж байна. Трампын тангараг өргөх ёслолыг манайхан дээр доргүй л ярьж байна. Зарим нь бүр очиж оролцож байх шиг байна.
Трампын бодлого ямар байхыг дэлхий анхааралтай харж, өөрсдийгөө бэлдэж байна. Трамп сонгуульд ялаад л юу гэж ярьсныг санацгаа л даа. Өөрийн улсын томоохон хөрөнгөтнүүддээ хандаж "Гадна талд байгаа хөрөнгөө эх орондоо авчир, тэгвэл та нарт татварын гайхалтай хөнгөлөлт үзүүлнэ” гэж дэлхийгээр нэг зарлалаа. Харин манай нөлөө бүхий улстөрчид эсрэгээрээ "Гаднаас авчирсан та нарын хөрөнгийг хурааж хариуцлага тооцно” гэж зарлаж байна.
Энэ чинь коммунист дэглэм тогтож эхэллээ гэдгээ дэлхийгээр зарлаж байгаа хэрэг биш үү. Ийм байхад элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Ийм коммунистуудаас бизнесийн орчин, хувийн хэвшлийг хамгаалах хууль гаргана гэдэгт итгэхэд бэрх боллоо. Өнөөдөр хувийн аж ахуйн нэгжийн эздийг цаг минут тутам дарамтлах төрийн нэр барьсан 50 000 хүн төсвөөс цалинжиж байна. Төсвийн ажилчдын 1/4 нь гээд бод. Багадаа 10 хүнийг цалинжуулж, жилдээ 10 татварын байцаагчийн цалинг өгч буй жижигхэн компанийн захирлыг захын нэг нөхөр өргөдөл өгөхөд хорооны цагдаа дуудаж байцааж байна.
Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа коммунистууд эмч, багш нарын цалинг танаж байгаа хэрнээ нийгэмд баялаг бүтээгчид, татвар төлөгчдийг дарамтлагчдын орон тоог нэмсээр байгаа нь коммунист дэглэмийн нэг хэлбэр биш үү. Орост байсан 49 хувийн татварыг Монголын татварын байцаагч яаж ч чадахгүй нь тодорхой. Тэгвэл өнөөдөр Монголдоо 100 хувь ирсэн "Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг компани дээр манай захын нэг татварын байцаагч очиж дарамтлаад, болохгүй бол дансыг нь хаачих эрхтэй шүү дээ.
Эцсийн бүлэгтээ баахан эх орны эрх ашиг гэж ярьсаар, ёс суртахуун, хууль эрх зүйг уландаа гишгэн коммунистууд 49 хувийг дээрэмдэж авдаг юм байж. Худалдаж авсан 400 саяыг өнөө компанидаа буцааж төлөх нь тодорхой. Гэтэл удахгүй төлөх бондын өр 500 сая ам.доллараа яая гэж байгаа төр юугаараа төлөх юм бол. Тэр аж ахуйн нэгжийг төрийн нэрээр дампууруулах уу.
Хамгийн гол нь Оросын талын гэрээний зүйл заалт байна. Гэрээ зөрчигдөж 49 хувь буцлаа гэхэд Оросын тал буцааж авахгүй, харин гэрээ зөрчсөний төлбөр гэж 100 сая ам.доллар тэд нэхэмжилнэ. Ингэхээр 500 сая ам.долларын төлбөр болж байгаа биз. Дээр нь бондын төлөлт 500 гаруй сая ам.доллар. Тэгэхээр "Эрдэнэт”-ийн 49 хувийг хятадууд л авна. Өөр хэн ч авахгүй. Дор хаяж нэг тэрбум гаруй ам.доллараар манай коммунистууд хятадуудад худалдана гэж тооцъё.
Гарцаагүй коммунистууд эндээс дор хаяж 100 саяыг унагана. Ерөөсөө урд хөршийнхний технологи бол буурай хөгжилтэй манайх шиг орны улс төрд нөлөөтэй байгаа хүмүүсээр дамжуулж эдийн засгийн өндөрлөгийг нь авдаг. Өнөөдөр хар л даа, Тайланд, Индонези дахь Хятадын нөлөөллийг. Цаашлаад Африкийн газрын хэвлийдээ манайх шиг баялагтай улс орнуудад Хятад яаж нөлөөгөө тэлж албан бусаар колонио болгож байгааг. Зарим оронд бүр юанийг үндэснийх нь мөнгөн тэмдэгт болгох хэмжээнд хүргэлээ. Хятадууд "Эрдэнэт”-ийн 49 хувийг авлаа гэхэд наад зах нь Оюу толгой шиг зэсийн бүлэг доторх алт эрдэнэсийн татварыг манайд төлөхгүй. Үүнийг л ард түмэн сайн мэдэрч, хэн гэдэг эрх мэдэлтэн ингэж бужигнуулж байгаад хөрөнгөө зузаалах гэж байгааг бодох хэрэгтэй. Эх орондоо хилийн чанадаас хөрөнгө авчирч буй хүн бүрт бид итгэх ёстой.
Тэд жирийн бидэнтэй яг л адилхан хүйтэн, утаа, түгжрэл дунд Монголдоо амьдрах хүсэл эрмэлзэлтэй болоод тэр. Тийм бус бол яах гэж насаараа цуглуулсан хөрөнгөөрөө "Эрдэнэт”-ийн 49 хувийг авч хэл амны бай болон стресст орж, эсээ үхүүлж суухыг бодохов дээ. Ийм хэмжээний мөнгөөр гадаад ертөнцөд дажгүй сайн бизнес хийгээд, далайн эрэг дээр хангалуун тансаг амьдарчихна шүү дээ.
Энэ бүгдийн эцэст нэгэн мэдээллийг та бүхэн мэдэж байхад зүгээр. "Хилийн чанадад байгаа өөрийн орны хөрөнгийг, өөрийн орны иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад Батлан хамгаалах хүчээ ашиглана” хэмээн цэргийн номлолдоо албан ёсоор тусгаж, тодорхой хуульчилсан гуравхан улс энэ дэлхий дээр байдаг юм. Тэр нь АНУ, ОХУ, БНХАУ гурав. Нэг өглөө босоод ирэхэд Оюу толгойг ч урд хөршид наймаалцан байж мэдэх л байх.
Уг нь өөрөөс шалтгаалах эдийн засагтаа Монголын төр, монголчууд ухаалаг л хандмаар байгаа юм. Нэгэн цагт коммунизмын хий үзэгдэл баруун Европоор тэнэж эхэллээ гэсэн шиг өнөөдөр Монголын коммунистууд хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ. Засгийн эрх баригчдын энэ хандлага бол коммунизм, фашизмын эхлэл юм.
Б.Батболд
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Сэтгэгдэл