Н.Алгаа: “Эрдэнэт” үйлдвэрийн засаглал шинэ түвшинд гарна


Н.Алгаа: “Эрдэнэт” үйлдвэрийн засаглал шинэ түвшинд гарна


"Эрдэнэт” үйлдвэр олон улсын зах зээлд хувьцаагаа арилжих боломжтой болж байна-

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа. "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монгол Улсын хувийн хэвшил худалдаж авсан нь зөв алхам, ирээдүйтэй хэлцэл гэж үзэж байгаагаа тэрбээр яриандаа тэмдэглэж байв.

-"Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет” компани үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо. Та энэхүү хэлцлийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-ОХУ-ын "Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд шилжүүллээ. Би хувьдаа энэхүү хэлцлийг түүхэн үйл явдал гэж харж байгаа. Оросын талын эзэмшил 49 хувийг Монголын үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай "Монголын зэс” корпораци эзэмшихээр болж байна. "Эрдэнэт” үйлдвэрийн үр ашиг бүрэн утгаараа Монгол Улсад үлдэх нөхцөл үүгээр бүрдлээ. Хувийн хэвшил орж ирснээр компанийн засаглал сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Энэ нь "Эрдэнэт” үйлдвэрийн цаашдын хөгжилд чухал түлхэц болж өгөх нь дамжиггүй.

-Хувийн хэвшилд 49 хувь шилжиж байгаа нь үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэ хэлцлийн үр дүнд "Эрдэнэт” үйлдвэр болон "Монголросцветмет” компани анх байгуулагдсан цагаасаа хойш буюу бараг 40 орчим жилийн дараа бүрэн утгаараа Монголдоо ирж байна. Ногдол ашиг нь Монголд 100 хувь үлдэхээр болж байна. Үйлдвэрийн ашигт ажиллагаа өсөж, үр ашиг сайжирч, Монгол Улсын төсөвт өгөх татварын хувь хэмжээ ч нэмэгдэнэ гэсэн үг. Худалдан авалттай холбоотой өмнө нь гардаг байсан зөрчилтэй асуудал одоо цэгцрэх байх. Үйлдвэрийн боловсон хүчний бодлого илүү тодорхой, оновчтой болно гэж үзэж байна. Улс төрийн оролцоо, нөлөө энэ хэрээр багасна гэж харж байгаа.

-"Эрдэнэт” үйлдвэрийг зөв зохистой удирдаж чадвал олон улсын зах зээлд гарах, улмаар хөрөнгө оруулалт татах боломж, бололцоо хэлцлийн үр дүнд бий болох уу?

-Үйлдвэрийн олон улсад өрсөлдөх чадвар эрс дээшилнэ. Хувийн хэвшил 49 хүртэлх хувийг нь эзэмшиж байгаа учраас илүү бизнесийн зарчмаар ажиллах болов уу. Удирдлагын шийдвэр гаргалт шуурхай, хурдан болно гэж үзэж байна. "Эрдэнэт” үйлдвэр олон улсын зах зээлд хувьцаа гаргах, санхүүжилт татах, олон улсын компани болох тэр боломж, нөхцөл дээрх хэлцлээр бүрдэж эхэллээ. Үйлдвэрийн бүтээгдэхүүнээ борлуулах гадаад худалдан авалт, хөгжлийн асуудал ч илүү тодорхой болно гэж итгэж байгаа. Энэхүү хэлцэл том шинэчлэл авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Уурхайн үйлдвэрлэлийн өртөг зардал улам нэмэгдэх болсон. Баяжмалын агуулга багасч, илүү гүнд олборлолт явуулах шаардлагатай болж байгаа. Энэ нь үйлдвэрлэлийн өртөг, зардлыг эрс нэмэгдүүлэх болсон. Ийм үед хариуцлагатай, зөв менежмент чухал. "Эрдэнэт” үйлдвэрийн хувьд цаашдын хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулж, нарийвчлан тодотгох цаг ирсэн.

-Хэлцлийн гол ач холбогдол юу вэ?

-Зэс хайлуулах үйлдвэрийн асуудал удааширсан. Оросын талтай хийж буй зөвшилцөл нэлээн цаг авсан. Харин шинээр байгуулсан хэлцлийн үр дүнд үйлдвэрийг өргөжүүлж, үндэсний зэс хайлуулах үйлдвэр барих, экспортыг тэлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг талаасаа эерэг үр дүн дагуулахаар байна. Энэ түүхэн хэлцлийг улстөржүүлэх нь угтаа монголчуудад ашиггүй. Тиймээс олдож байгаа боломжийг бид алдалгүй ашиглах хэрэгтэй байна. ОХУ-ын хөрөнгө оруулагчид "Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг нэг талаар сонирхсонгүй. Тухайн орны эдийн засгийнх нь нөхцөл байдал ч үүнд нөлөөлсөн байх талтай. "Эрдэнэт” үйлдвэрийн хувьд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах боломж нэмэгдэж байна.

-ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгаа. Энэ байдал нь Монголын хувийн хэвшилтэй хэлцэл хийхэд нэг талаар хүргэсэн байх. Та хэлцлийн урьдач нөхцөлийг хэрхэн тайлбарлах вэ?

-Зөвхөн ОХУ-аар зогсохгүй олон улсын үндэстэн дамнасан томоохон компаниуд өөрсдийн хувь эзэмшил болох хөрөнгөө бусдад зарж байна. Дэлхийн эдийн засаг уналттай байгааг нь нэг талаар энэ байдалд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Оросын хувьд өөрийн эзэмшил 49 хувиа 500 сая ам.доллараар үнэлсэн. Энэ бол дэлхий даяар байдаг хүлээн зөвшөөрөгдсөн хэлцэл.

-Монголд талд 49, тодруулбал, хувийн хэвшилд шилжиж байна. Энэ нь "Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлага, менежментийн чиглэлд хэрхэн нөлөөлөх бол?

-Компанийн нийгмийн хариуцлага гэж бий. Өмнө нь явж ирсэн үйл ажиллагааг зогсооно гэж бодохгүй байна. Нийгмийн хариуцлагатай байна гэдэг хэрэгтэй, хэрэггүй дэд бүтцийг хөгжүүлэхийг хэлэхгүй. Харин 30-40 жилийн дараа үйлдвэр хаагдахад хаалтын зөв менежменттэй байх ёстой. Нийгмийн асуудал болон хотод эерэг байдлаар нөлөөлөх хаалтын менежмент одооноос явагдах ёстой. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн хэвшил худалдаж авч байгааг зарим хүн эсэргүүцэж байгааг сайн ойлгохгүй байгаа. Оросын тал 49 хувиа бидэнд худалдахыг зөвшөөрнө гэдэг завшаантай хэрэг. Үүнийг зөв алхам, ирээдүйтэй хэлцэл гэж харж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.