Авлигачид АТГ-ын ард байдаг уу


Авлигачид АТГ-ын ард байдаг уу

Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг. Өнөөгийн улс төр яг л ийм байна. Жинхэнэ авлигач л "авлигачид” гэдэг үгийг амны уншлага шиг давтаж, хараад байхад өрсөлдөгчидөө намнаад байх шиг. Аль ч нийгмийн үед амь бөхтэй оршисоор байдаг авлигын эсрэг тэмцэхээр анх байгуулагдаж байсан АТГ-ын үйл ажиллагаа одоо утгаа алдаж авлигатай тэмцэх биш "өшөө авагчдын” гар хөл болон хувирлаа. Ганц АТГ ч биш. Үндсэндээ хууль хяналтын байгууллагын удирдлагууд хэн нэгний гарын үзүүрээр хөдөлдөг жинхэнэ "утсан хүүхэлдэй” болчихож. Хэн нэгэн засгийн эрхийг гартаа авмагцаа хамгийн түрүүнд хууль хяналтын байгууллагын удирдлагыг сольдог. Дараа нь өөрийнх нь хэтийн зорилгод тээг саад болсон өрсөлдөгчөө муу авлигач гээд бариад хорьчихдог. Харин өөрсдийнх нь эрх мэдэлтэй байх үед хууль хяналтынхан ар талыг нь бат найдвартай хамгаалдаг. Ийм нэг бичигдээгүй хууль одоо бүр нүднээ ил болчихлоо.

Хувийн ашиг сонирхол гэдэг угтаа ямар аймар зүйл байдгийг сүүлийн хэдэн жил монголчууд харлаа. Одоогийн Засгийн газрыг авч яваа АН ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө дотроо дайн зарлаж эхнээсээ нэг нэгийгээ чадаад эхэлчихсэн. Улс орны эрх ашгаас илүүтэй Оюутолгой, Тавантолгойд гар дүрж, гадныхны даалгаврыг биелүүлэхээр өөр хоорондоо хэмлэлцэж сууна. АН-ын дотоод зөрчил нь сүүлдээ өнөөх барьж хорьдог, ял өгөөд үүрд явуулах гэдэг тал руугаа хэлбийчихсэн. АН-ын дарга байсан Н.Алтанхуягийг яасан их оролдлоо. Сүүлдээ түүний туслах байсан Л.Гансүхэд "Нүүрс” хөтөлбөрөөр дамжуулж улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр ял өгчихсөн. Үнэндээ хоёр ч телевизээр шууд дамжуулсан Л.Гансүхийн шүүх хурлыг хэр бодитой, шударга шүүлт болсоныг ард түмэн харсан. Гэлээ гэхдээ халаглаад өнгөрөхөөс өөрийг хийж чадсангүй. Н.Алтанхуягийг авлигач гэж цоллох болсон шалтгаан нь угтаа бол орд газрын тэмцэл гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. АН-ын одоогийн дарга З.Энхболд бүлгийнхээ хуралдааны үеэр "Намын дарга нарын туслахыг барьж хорьдог уламжлал яваад байгаа бол дулаан хувцасаа бэлдээрэй, дараагийнх нь чи ч байж магадгүй” гэж туслахдаа хэлсэн байна билээ. Энэ нь АН-ын эрх мэдэлтнүүд "зорилгоо” биелүүлэхийн тулд хүний өөрийн гэж ялгалгүй барьж хорьдог гэдгийг тодорхой хэлээд өгчих шиг болсон. З.Энхболд Тавантолгойтой асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэх мэтчилэн цор цор хийгээд эхлэхээр өөрийг нь бас оролдож магад гэдгээ шууд л хэлчих шиг болно лээ.

Саяхан болж өнгөрсөн бас нэгэн баривчилгаа бол Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг авч одсон хэрэг. Энэ нь Х.Баттулгыг зүгээр хатгахтай л адилхан үйлдэл болсоноор АН-ынхан алалдахад хэзээд бэлэн гэдгийг харуулсан. Х.Баттулга "Нэгнийгээ орон шоронд хийх хэмжээний зөрчил албан тушаал төдийхөнд байхгүй. Үүний цаана эрх мэдлээ удаан хугацаагаар авч үлдэх, цаашлаад Тавантолгойг хүссэн хувилбараараа авах гэсэн зорилго. З.Энхболд намын даргын хувьд энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх ёстой гэсэн шаардлага тавьсан учир өнөөдөр туслахдаа тоглоом болгож дулаан хувцасаа бэлдээрэй гэж хэлж байна” гэсэн ярилцлага өгсөн. Тэдний өөрсдийнх нь үгнээс өнгөц дүгнэхэд төрийн өндөрлөгүүд маань томоохон орд газруудын төлөөх дайныг хэнтэй ч хамаагүй хийхэд бэлэн байгааг харж болохоор байна.

Жинхэнэ авлигач, бүр загалмайлсан эцэг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэдэг. Түүнийг намынхаа нэрийг аваад өрх тусгаарласан цагаас нь эхлэн ээрсэн. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр авлигын л хэрэг байвал Н.Энхбаярт аваачаад наачих гээд байдаг муу занд хууль хяналтын байгууллага сурчихвий дээ. Тэр эрхэмийг өмгөөлсөндөө биш ч Н.Энхбаяр дээр олны анхаарлыг төвлөрүүлж байх зуурт нь өөр бусад авлигачид нь ар хударгаар ил цагаандаа гараад байна. Үүний тодорхой жишээ бол С.Баярцогт. Нууж хаасан нь ил болж, өөрөө ч хүлээн зөвшөөрчихөөд байхад нөгөө авлигын харшилтай мэтээр зарлан тунхаглаад байсан Ц.Элбэгдорж "С.Баярцогт энэ талаараа тайлбар хийсэн шүү дээ” гэж хэлээд толгойг нь илээд сууж байсан. Одоо Ё.Отгонбаяр гэгч нөхөр улаан цайм хүнээс авлига нэхсэн гэх. Эхнэр нь өөрийн нэр дээр 20 гаруй данстай, дансаар нь 300 сая ам.доллар орсон гэнэ. УИХ-ын гишүүн Х.Баттулга "Би Ё.Отгонбаярыг, эхнэрийг нь ч сайн мэднэ. Тэдэнд тийм хэмжээний мөнгө эргэлдүүлээд байх бизнес байхгүй” гээд хэлчихсэн байна лээ. Хүн хэдэн данстай байх, дансаар нь хэр хэмжээний мөнгө эргэлдэх нь ардчилсан оронд хувийн асуудал байж болох ч хүнээс авлига нэхэж, өгөхгүй болохоор нь нармайг нь нээнэ гэдэг АТГ-ын оролцох хэрэг биш гэж үү. Улсынх нь Ерөнхийлөгч үзэн ядаад эхэлбэл АТГ хөдөлдөг. Бусад үед нам жимхэн байдаг АТГ Ерөнхийлөгчтэй маань шууд холбоотой ажилладаг болчихож.

Олны үг ортой л гэдэг. Монголчууд тэнэг биш болохоороо улс төрд юу гээч нь болоод байгааг харж, мэдэж л байгаа. Монголд дуулиан тарьсан хоёр ч том шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэн орон даяар шууд дамжууллаа. Нэг нь Н.Энхбаяр, нөгөө нь Л.Гансүх. Тэд хоёулаа улсын хөрөнгийг хувьдаа завшсан авлигачид нэртэй. Хоёр шүүх хурал Монголын ард түмнийг жинхэнэ утгаар нь хямраасан. Баримт нотолгоо нь эргэлзээтэй, хэн хаана яагаад хохирчихсон нь тодорхойгүй байхад л шүүхчид ял уншчихдаг юм билээ. Хамгийн сүүлд Л.Гансүхийн шүүх хуралд хохирогч нэртэй ирсэн этгээдүүд яагаад өөрсдөө хохирчихоод байгааг ч бүрэн тайлбарлаж мэдэхгүй байгаа харагдсан. Манай хууль хяналтын байгууллага, шүүх ингэж л ажиллаж байна. Үнэндээ тэд эрх мэдэлтнүүдийн өгсөн даалгаварыг ягштал биелүүлдэг сайн "бууны ноход” болчихсон гэдгээ харуулсаар л байна. Ингэж хардах хангалттай хардлага байна. Учир нь ил цагаандаа гарчихсан жинхэнэ авлигачыг АТГ тойроод л ажиллаад байх. Монголчуудын нүдний өмнө булайгаа дэлгэж явсан С.Баярцогтыг шалгаад өгөөч гэсэн хүсэлтэй олон хүн байхад тэр өнөөдөр торох саадгүй ажлаа хийж сууна. Учир нь тэр Тавантолгойн асуудлаар Ц.Элбэгдоржтой нэгэн үзүүрт сэтгэлтэй болохоор түүнийг одоохондоо оролдох зүрхтэн олдохгүй байна гэдгийг захын хүн мэдэж байна.

Хамгийн сүүлд АТГ-ын хийсэн дуулиант баривчилгаа ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба дээр хэрэгжлээ. Шөнө оройн цагаар авч одсон түүнийг өөрөөндөө авлигад авсан 500 сая төгрөгийг тоолоод сууж байсан гэнэ лээ. яг энэ торгон агшинд АТГ-ынхан очиж гардсан байгаа юм. Үнэндээ энэ бол нийгмийг талцуулах гэсэн арга ядсан ажил гэж харагдсан. Угтаа бол МАХН, МАН хоёр нэгдэх сургаар АН-ынханы хийсэн сөрөг арга хэмжээ. Ингэж тайлбарлавал үнэнд илүү дөхөнө. УИХ-г тараах дээрээ тулаад байгаа асуудал бодит ажил болвол сонгууль хамаагүй эрт болно. Энэ үед МАН, МАХН хоёр нэгдэж сонгуульд оролцвол АН-ынхан арчигдаад өнгөрнө гэсэн үг. Тэгэхээр юун Тавантолгой манатай юм болно. Гадаадын том хөрөнгө оруулагчид Элбэгээтэй хийсэн тохироо үндсэндээ нурна гэсэн үг. Иймээс л Н.Энхбаярт МАН-тай нэгдэж үл болох анхааруулгыг Г.Шийлэгдамбын баривчилгаагаар өгөөд байх шиг. Яагаав нөгөө Н.Алтанхуягийн, Х.Баттулгын хүнийг барьдаг шиг.

Ер нь тэгээд жинхэнэ авлигачид хаана байна вэ. Х.Бадамжунай, Сү.Батболд, М.Энхболд гээд яригдаад байхаас шалгагдаж гавьдаггүй хүмүүс монголын төрд дархлагдаад л үлддэг. Нам намаас нэгдсэн жинхэнэ авлигачид хүрээгээ тэлсээр, ард түмэн элгээрээ хэвтсээр л. Тэгэхээр бидэнд нэгэнт хүчээ авчихсан энэ "том бүлэглэлийг” зад татах хүчинг дараагийн сонгуулиар гаргаж ирэх цор ганц арга байна. Эсвэл гадаадын мафитай кинон дээр гардаг шиг томоохон яс дунд нь чулуудаад өөрсдөөр нь хэргийг нь илчлүүлэх бас нэгэн арга байх. Ямартай ч энэ том бүлэглэлийн жинхэнэ загалмайлсан эцгийг олж дарах нь л хамгийн зөв гарц гаргалгаа. Гэхдээ хэдийд монголчуудын хүсэл биелж энэ том сүлжээ сүйрч унахыг таашгүй болоод байна.

 

Н.Гэрэл

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.