Баривчилгаа №1, баривчилгаа №2 ... үргэлжлэл бий юү


Долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр баривчилгаа. Энэ бол Өршөөлийн хуулийг баталж, албан тушаалын хэргийг өршөөхгүй

гэж шийдвэр гарсны маргааш нь л "Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяаг баривчлан хорьсон. Түүний дуулиан намжиж амжаагүй байтал Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчиллаа. Цаг үе, нөхцөл байдал нь тэгж таарав уу. Эсвэл зохион байгуулалттайгаар ямар нэг юмыг эхлүүлэв үү. Хэрэв юм эхлүүлсэн гэж үзвэл тэр нь юу вэ. Бас хэн эхлүүлэв.

 

Баривчилгаа №1, баривчилгаа №2 ... үргэлжлэл бий юү

 

Нийгэмд зүй ёсны ийм асуулт эзэн бие хайн тэнэж эхэллээ. Эдгээр хоёр баривчилгаанд төстэй технологи байгааг анзааралгүй өнгөрөөж болохгүй. Хэн хэнийг нь оройн цагаар, урьдчилан бэлтгэсэн гүйцэтгэх ажиллагааны үр дүнд дайчлан баривчилсан гэж харагдаж байгаа. Хамгийн гол адил төстэй тал нь хоёулангийнх нь ар талууд үүнийг өөрсөд рүү нь ирж байгаа улс төрийн дайралт гэж харж буй.

 

Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4 дүгээр зүйл буюу бүлэглэн зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол гэсэн агуулга бүхий зүйл ангиар сэжигтнээр баривчилжээ. Тэр баригдсанаар өөр олон албан тушаалтан уг хэрэгт татагдан шалгуулах нөхцөл байдал бий болоод байгаа. Б.Батзаяагаар эхэлсэн баривчилгаа бол дөнгөж эхлэл гэдгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн нь анхаарал татсан. Тэрээр "Нарийн царигаар Монголын баялгийг урагшаа зөөх гэсэн хүмүүс хэтэрхий олон боллоо. Б.Батзаяа бол  тэрний золиос юм.  Энэ  дөнгөж  эхлэл.  Цаашдаа ч олон хүнийг хоморголох нь тодорхой” гэсэн нь  мэдээлэлд ойр байгаа хүний үг гэдэг утгаараа ортой байж мэднэ. Х.Баттулга гишүүний хувьд энэ хэргийн цаад зорилгыг шууд таньж байгаа болтой мэдэгдэл хийсэн. Тавантолгойн гэрээний тогтоолын төслийг ард түмэнд ашигтайгаар боловсруулж өргөн барих гэж байхад ийм дайралт ирж байна гэж тэр хэлсэн.

 

Тэгвэл МАХН-ын зүгээс өөр хэлбэртэй ч агуулга адилхан юм яриад байгаа. Бүр нэр заагаад, Г.Шийлэгдамбын баривчилгааны захиалгат эзнээр Ерөнхийлөгчийг шууд нэрлэж байхад Х.Баттулга битүү дохиогоор Ерөнхий сайдыг зааж буй. Хэрвээ тэдний таамаг үндэслэлтэй байгаад хэн нэгэнд баривчилгаа зохион байгуулах эрх ашиг байгаа бол яах вэ. Эсвэл эрх ашгаа баривчилгаагаар дамжуулан гүйцэлдүүлэх "адгийн” арга яваад байна уу. Тэр тохиолдолд №3-ийн эзэн хэн байх нь чухал биш. Жижиг чулуу хаанаас ч олдоно.  Шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагад дуудагдаж, шалгуулахыг зарим хүн чулуу няслах гэж ёжтой нэрлэдэг юм билээ. Чулуу няслуулах улс төр үргэлжлэх үү, эс үргэлжлэх үү гэдгийг харах л үлдлээ.

 

 

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба авлига авсан уу

 

АТГ-аас уржигдар 16.00 цагийн үед МАХН-ыг Засгийн газарт төлөөлөн суугаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг яаман дээрээ байхад нь авлига, албан тушаалын хэргээр баривчилж, хорих 461-р ангид түр саатуулсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын ажилтнууд Г.Шийлэгдамба сайдыг авлига авч байхад газар дээр нь барьсан гэх. 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют байсан тухай албан бус мэдээлэл ч үүнтэй холбогдон гараад байна.

 

Тэгвэл өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед  Г.Шийлэгдамбаар  ахлуулсан ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 6 буюу өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-д хийх Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн мэдээлэлтэй холбогдуулан яаман дээрээ хуралдаж байхад нь АТГ-ын ажилтнууд орж ирэн баривчилсан гэх.

 

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай хамт түүний жолоочоос гадна тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандыг саатуулан байцааж, тухайн  өдрийн шөнө буюу 02 цагийн орчимд сулласан гэх мэдээлэл байна. АТГ-аас харин албан ёсны тайлбар одоогоор өгөөгүй байна.

 

Харин өчигдөр үүнтэй холбогдуулан МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар намынхаа байранд хэвлэлийн хурал зарлан, мэдээлэл хийсэн юм. Үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэе.

 

08.00 цаг. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан тухай мэдээллийг бүх мэдээллийн цахим хуудсууд онцолсон байв. Улмаар олон нийтийн сүлжээ сайтуудад түгээгдэн өчигдрийн дуулиант сэдэв болон үргэлжилсэн.

 

Яг энэ үед МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян өөрийн "Твиттер” хуудаснаа "Г.Шийлэгдамба сайдыг асуухаар АТГ-т ирлээ. АТГ-аас харин энд байхгүй, хорих 461-р ангид байгаа гэв. Тэнд очоогүй. Нууц шоронтой болчихож” хэмээн жиргэсэн юм.

 

10.00 цаг. Г.Шийлэгдамбыг баривчилсан гэх мэдээлэл оргил цэгтээ хүрч байв. Гэтэл Засгийн газрын бас нэгэн сайдын өрөөгөөр АТГ-ынхан "зочлоод” гарсан тухай мэдээ тарж эхэллээ. Тэр нь мөн л МАХН-ын гишүүн буюу Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ байсан юм. Түүнийг намынх нь Ерөнхий нарийн бичгийн даргын баривчилгаатай холбоотойгоор ийнхүү сурагласан байж мэднэ хэмээн таамаглаж байлаа.

 

12.00 цаг. Цагдаагийн ерөнхий газарт Эрүүгийн цагдаагийн ажилтнууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын баривчилгааны тухай тодруулахад "Бидэнд хамааралгүй зүйл. АТГ тодорхой тайлбар хийх байх” гэсэн хариулт өгсөн.

 

12.10 цаг. Төрийн ордонд "Сайдын цаг” уулзалт болов. Уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцсон юм. Энэ үеэр дээрх баривчилгаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Энэ талаар би мэдээлэл багатай байна. Г.Шийлэгдамба гэдэг хүнтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа гэдэг дээр улстөржих шаардлагагүй. Хамгийн гол нь хүний эрхийг хангаж ажиллах ёстой. Зарим хүний эрхийн байгууллага, ар гэрийнхнээс нь 20 гаруй цагийн хугацаанд өмгөөлөгч оролцуулаагүй гэсэн гомдол гаргаж байгаа. Ер нь аливаа асуудлын гэм бурууг шүүх тогтоодог. Прокурор, АТГ, Мөрдөн байцаах газар хүний эрхийг хангаж ажиллах үүрэгтэй” гэв.

 

 

 "АТГ-ын баривчилгааны ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа” гэв

 

13.00 цаг. МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Тус намынхны хувьд энэ явдлыг цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлсэн билээ.

 

Энэ тухай Э.Эрдэнэжамъян "Г.Шийлэгдамба сайдыг баривчилсан нь МАХН-ын эсрэг хийж буй улс төрийн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлтийн дараагийн шат юм. МАХН-ын дарга, удирдлагууд болон гишүүдэд чиглэсэн заналхийлэл, хэлмэгдүүлэлт ирэх нь тодорхой байсан. Харин хэзээ, хэнийг барих бол гэсэн асуулт л нууц байсан юм. Гэтэл үүний хариу болж Засгийн газрын гишүүн Г.Шийлэгдамбыг ийнхүү баривчиллаа. Энэ бол сонгууль дөхсөнтэй, мөн МАХН-ын нэр хүнд сэргэж байгаатай шууд холбоотой зүйл юм. Манай нам ийм хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Тиймээс айхгүй гэдгээ хэлье. Баривчилсан гэдгийг нь сонсоод бид Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ гэсэн хүмүүстэй хамт АТГ-т очиход, хорих 461 дүгээр анги руу аваад явсан гэх хариултыг өгсөн. Тэнд ямар маягийн байцаалт явуулсныг харин сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч нартай уулзаж байна. Гэвч нэг харамсалтай зүйл хэлэхэд АТГ-ын эсрэг явдаг өмгөөлөгч олдохоо байжээ” гэсэн юм.

 

Үүний дараа МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Засгийн газар болоод УИХ-д суудалтай, улс төрийн хувьд өөрийн тогтвортой байр суурьтай намын хувьд шударга ёсны төлөө явсаар ирсэн. Гэвч бидний энэхүү зорилгыг таслан зогсоох, саад болох ямар нэгэн алхмуудтай  бид  эрс  шийдэмгий тэмцэх болно. Монгол оронд өнөөдөр нийтийг хамарсан мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах, чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болон хувирлаа. 1937 оны хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй  гэж бид байнга ярьдаг. Гэтэл нөхцөл байдал буруу тал руугаа эргэж байгааг бид харж байна. Шударга үнэнийг тогтоох хуулийн байгууллага хүртэл захиалагчтай болсонд харамсаж байна. Шүүх, прокурор, цагдаа, АТГ нь хэлмэгдүүлэлтийн арга хэрэгсэл болон хувирчээ. Бидний авсан мэдээллээр баривчлагдсан тэдгээр хүмүүсийг урд шөнөжингөө  ямар ч өмгөөлөгчгүйгээр дарамталж, мэдүүлэг авсан байна. Цаашид бид иймэрхүү хэлмэгдүүлэлтийн золиос болж байгаа хүмүүсийг хамгаалан ажиллана” гэлээ.

 

Нөгөө талдаа энэхүү баривчилгааг цаг хугацааны хувьд үзэхэд МАН-ын удирдлагууд МАХН-тай хамтарч сонгуульд орох тухай мэдээлэл гарсантай ч холбоотой байж болзошгүй гэж тэд үзэж байгаа гэсэн юм.

 

Түүнээс гадна өөрсдийнх нь хэлснээр "захиалагч” нь хэн байж болох талаар асуухад, Э.Эрдэнэжамъян "АТГ-ын даргыг, мөн ерөнхий прокурорыг хэн томилдог юм бэ. Ц.Элбэгдорж гэж ганцхан л хүн байгаа шүү дээ. Ерөнхийлөгч энэ бүхний ард байна” хэмээн мэдэгдлээ. 

 

14.40 цаг.  Энэ  бүх  мэдээлэл  гарсны дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, МАХН-ын болон УИХ-ын гишүүн Ч.Улаан нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөнд хамт оржээ. Ингээд төд удалгүй АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж дуудагдан мөн тийш явж орсон байна. Харин ямар асуудлын талаар хэлэлцсэн нь нууц үлдсэн юм.

 

15.40 цаг. АТГ-ын хараанд өртсөн дараагийн хүнээр тодроод буй Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өөрөө тайлбар хийсэн. Тэрбээр "АТГ-аас намайг албан ёсоор дуудаж, шалгаж, байцаасан зүйл байхгүй гэдгийг хэлье. Тиймээс би үүсээд байгаа нөхцөл байдал, мэдээлэлтэй холбоотойгоор АТГ-т албан бичиг хүргүүлэхээр болсон. Тус албан бичигтээ надтай холбоотой асуудал байгаа бол тайлбар өгөхийг хүссэн юм. Миний бие аль нэг намын талд оролгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ирсэн. Тиймээс энэ улс төрийн тоглоомд орох үндэс байхгүй” хэмээн ярьсан юм. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын баривчилгааны талаар тэрбээр намын нөхөдтэйгөө адилхан байр суурьтай байгаа гэлээ.

 

АТГ-ын тайлбар чухал

 

Тэгвэл өмнө нь хэлсэнчлэн сайд Г.Шийлэгдамбыг авлига авч байх үед үйлдэл дээр нь барьсан гэх мэдээллийг үзвэл АТГ-аас ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан гэсэн үг болно. Эсвэл хэн нэгэн цагийг нь тааруулж мэдээлэл өгсөн байж ч болохоор байна. Мөн 500 сая төгрөгтэй тэнцэх валютын асуудал ч баттай бус байгаа.

 

Гэх мэтчилэн маш олон эргэлзээтэй, учир битүүлэг зүйл уг баривчилгааг тойрон эргэлдсээр байна. Харин албан ёсны баримттай мэдээлэл өгөх учиртай АТГ ямар ч тайлбар хийгээгүй л байна. Хэзээ хэвлэлийнхэнд хандах нь ч тодорхойгүй хэвээр. Ямартай ч тэдний өгөх тайлбар нийгэмд бодит дүгнэлт хийх хөшүүрэг болох биз ээ.  

 

УИХ-ын дарга З.Энхболд:

-Дулаан хувцсаа базаагаад сайн өмгөөлөгч авахдаа бэлд, А.Гансүх ээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан” сонин

 

Х.Баттулга:

-Таныг шалгана гэсэн мэдээлэл байна.

-Шалгана ш дээ, дандаа л шалгадаг.

Эх сурвалж: www.news.mn

 

Э.Эрдэнэжамъян:

-МАХН-ын удирдлагуудын эсрэг хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат эхэллээ. Эрт орой, хэзээ нэгэн цагт МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, удирдлагууд руу чиглэх байсан. Хэзээ вэ, хэн бэ гэдэг асуулт л байсан юм. Ер нь МАХН-аас тодорхой ажил төрөл хийж байгаа бүх хүнийг АТГ өдөрт нэг удаа дууддаг.

МАХН-аас зарласан хэвлэлийн бага хурлаас

 

Г.БАЛЖИННЯМ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.