Албан байгууллага бүхэн шинэ жилийн баяраа тэмдэглэж, гоёж гоодсон хүүхнүүд, ганган харчуул бар цэнгээний газраас хөлчүүрхэн гарч ирнэ. Манай сонины сурвалжлах баг өнгөрсөн бямба гаригийн шөнө сурвалжилга бэлтгэсэн юм. Шөнийн 00.20 цаг болж байхад автомашины хөдөлгөөн татрахгүй зарим нь хурд хэтрүүлэн улаан гэрлээр шунгинах нь энүүхэнд. Зам дагуу согтуу хөлчүү хүмүүс хашхиралдаж, зай завсаргүй эгнэсэн такси хэн гараа өргөхийг хүлээж зогсоно.
Энэ тухай сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийг зорилоо. Биднийг очих үеэр цагдаагийн хэлтсийн сандал дээр унтах согтуу залуугаас нэвширсэн архи, шээс үнэртэж байлаа. Согтуу залуу дуг нойрондоо дугжирч юу ч болоогүй мэт, магадгүй гэртээ байгаа мэт цагдаагийн газрын хүлээлгийн сандар дээр тухалсан байлаа. Тэрбээр гудамжинд осгох гэж байхад нь цагдаа нар олжээ.
Бидэнтэй түргэн тусламжийн машин зөрсөн нь тус согтуу залууд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлчхээд буцаж байсан аж. Цагдаа нар өөр өөрсдийн ажлаа гүйцэтгэж жижүүрийн өрөөнд завтай хүн нэгээхэн ч алга. Гэмт хэргийн дуудлага тасралтгүй ирж, тэр бүхнийг зохицуулан цагдаа нартаа мэдээлж байлаа. Төд удалгүй гадуур хувцас нь урагдаж тоос шороо болсон согтуу хүүхэн хашхиран орж ирлээ.
"Намайг манай найз ирж авна. Та нар яах гээд байгаа юм. Намайг тайван байлга" гэх мэтээр төрийн цагдаа нарыг доромжлон хөл, гараа үсчүүлэн агсан тавина. Түүнийг нөхөр нь ирж аваад өргөдөл бичих гэтэл эмэгтэй бичгийн цаасыг нь булааж аваад урж базлаад эргүүлийн цагдаагийн нүүр лүү шидэлнэ. Цагдаа нар тус эмэгтэйг эрүүлжүүлэхэд хийх ёстой байсан боловч нөхөр нь гуйсаар гуйвсан хүүхнийг сугадан аваад гарлаа.
Энэ үеэр нэлээд ачаалалтай ажиллаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Жижүүрийн ахлах офицер, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндсүрэнгээс хэдэн зүйл тодрууллаа. Тэрбээр "Манай хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэрийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 23-ний 00.40 цагийн байдлаар иргэд албан байгууллагаас 121 гэмт хэрэг зөрчлийн дуудлага ирсэн.
Үүнээс гэмт хэргийн дуудлага 10, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 16, хэв журмын 55, согтуу 21 бусад хэргийн шинжтэй 17 дуудлага мэдээллийг хүлээн аван шалгаж байна. Манай хэлтсээс гэмт хэргийн дуудлагад явж байгаа долоон автомашин, үүнээс хөдөлгөөнт эргүүлийн зургаан автомашин, гэмт хэргийн дуудлагын ажлын хэсгийн нэг автомашин явж байгаа. Явган эргүүлд 14 чиглэлд 29 алба хаагч, 22.00 цагаас 06.00 цаг хүртэл нийт 75 цагдаагийн алба хаагчид яг одоо ажиллаж байна" гэж хэлээд дуудлага хүлээн авав.
01.45 цагт "Шарга төвийн хажууд байрлах зочид буудалд насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зөрчил гаргасан байна" гэсэн дуудлага явган эргүүлээс ирлээ. Зочид буудлын хүлээн авахын хажууд ханан дээр байрлах самбарт цагдаагийн газраас албан мэдэгдэл гэх том самбар байрлуулсан байлаа. Тус албан мэдэгдлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 81 зочид буудалд өнгөрсөн сараас эхлэн байрлуулсан тухай цагдаагийнхан онцолж байлаа.
Гэвч тус зочид буудал нь албан мэдэгдлийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зөрчил гаргажээ. Биднийг очих үеэр тус буудлын өрөөнд залуу, бүсгүй хоёр насанд хүрээгүй охинтой хамт архидан согтуурч байлаа. Тэр охин нь 17 настай гэрээсээ гараад 14 хонож байгаа гэнэ. Намхан нуруутай, цайвар царайтай харахад 17-той гэхээргүй жаахан охины нүд талимаарч, хөл дээрээ зогсож чадахааргүй гуйвсан байдалтай байлаа.
Тэрбээр "Манай ээж жаахан хүүхэдтэй. Намайг ирж авах боломжгүй. Угаасаа намайг ингээд явж байгааг мэдэж байгаа” гэв. Цагдаагийн алба хаагчид эргүүлийн машин бүрдээ таблет авч явдаг бөгөөд тэр дор нь эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн жагсаалтаас 17 настай охины регистрийн дугаараар хайлт хийлээ. Одоогоор эрэн сурвалжлаагүй байгаа нь тогтоогдов. Ингээд тэднийг хэсэг рүү авч явсан бөгөөд насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн тус буудлыг хаахаар шийдвэрлэсэн юм. Энэ бол нэг төлөөлөл буюу ийм шалтгаантай охид хэчнээн байхыг үгүйсгэхгүй аж. Эцэг эхийн хараа хяналт хаана байгааг эндээс харж болох юм.
02.00 цаг. Гадаа хүйтэн, сааралтсан утаанд хоолой аргаж, чээж хорсож байхад цагдаа нар ажирсан шинжгүй согтуу хөлчүү хүмүүсийг зохицуулан ажлаа хийсээр байлаа. Гэрт нь эхнэр хүүхэд нь хүлээж, халуун хоол цай ч уух завгүй ард иргэдийн төлөө сэтгэл зүрхээрээ ажиллах тэдний төлөөлөл Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Д.Золбадрах "Анх 18 насандаа цагдаагийн байгууллагад ажиллаж эхлээд одоо 23 жил болж байна. Цагдаа цэрэг, цагдаа, офицер гээд бүх шат дамжлагаар явсан. Зах зээлийн нийгмийн үед анх цагдаа болж байлаа. Тухайн үед цагдаагаар ажиллаж байсан зарим хүмүүс наймаа хийгээд явчихсан. Цагдаагийн байгууллага боловсон хүчнээр дутмаг байх үед цагдаа болж байлаа.
Бүхий л амьдралаа зориулчихсан тангараг өргөсөн төрийн цагдаа хүн шантраад байвал утгагүй зүйл. Миний гэр бүлийн хүн намайг их ойлгодог. Сайн цагдаагийн ард сайн эхнэр байдаг гэж боддог. Гэр бүл, хань ижил сайхан байвал цагдаа хүн тайван ажлаа хийж ард түмний амар тайван байдлыг хангаж ажиллах боломж бүрдэнэ. Гэр бүлийн хүн ойлгохгүй бол дундаас нь шантраад гарах тохиолдол цөөнгүй. Монгол дээл өмсөөд эхнэр хүүхэдтэйгээ сайхан наадам үзээд явах жаргал шүү. Гэтэл бид цагдаагийн дүрэмт хувцсаа өмсөөд ажлаа хийгээд явдаг. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө амралт чөлөөгүй ажилладаг даа" гэв.
02.15 цаг. Баянцээл орчимд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 50 орчим аж ахуйн нэгж байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулдаг. Хэт олноороо -нэг газар төвлөрөн ажиллах нь гэмт хэрэг зөрчил гарах магадлал өндөр гэнэ. Баянзүрх дүүргийн хамгийн их ачаалалтай байдаг нутаг дэвсгэртээ цагдаагийн кобан байрладаг бөгөөд тус газар байнгын эргүүлийн хоёр цагдаа байрладаг байна. Энэ нь цагдаа иргэнд ойрхон үйлчилж буйг илтгэж байлаа.
02.40 цаг. Баянзүрх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннелийн хэсэгт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага цөөнгүй. Гаднаас нь харахад жижигхэн караоке мэт боловч дотор нь орохоор төөрдөг байшин шиг олон нүх сүвтэй. Нэг караокены хаалгаар ороод түүгээрээ дамжаад ресторан ороод, түүнээсээ цааш яваад бааранд орох боломжтой. Мөн хэд хэдэн газар шинэ жилийн хүлээн авалттай үйлчлүүлэгч ихтэй байлаа.
Бөөн бөөнөөрөө зогссон согтуу хүмүүсийг цагдаа нар очиж тарааж байсан юм. Учир нь бөөнөөрөө зогсохоос эхлээд гудамж талбайн зөрчил үүсдэг гэнэ. Тэр дундаа согтуу эмэгтэйчүүд хоорондоо муудах нь их бөгөөд цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэх нь цөөнгүй тухай эргүүлийн цагдаа учирлаж байсан юм. БЗД-ийм Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер ахлах дэслэгч Ц.Одбаяр "Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо "Сүлд 66” чиглэлд жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг.
Манай хороонд гурван зочид буудал, 14 караоке, гурван бар, 14 ТҮЦ ажилладаг. Засаг даргын захирамжаар ТҮЦ-нүүд 07.00-22.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй байдаг. Гэвч ТҮЦ-нүүд шөнийн цагаар ажиллах зөрчил ихэвчлэн гаргадаг. Баасан, бямба гаригт ачаалал ихтэй байдаг. Баярын өдрүүд болж байгаатай холбогдуулаад аж ахуй нэгж албан байгууллагууд ачаалалтай ажилладаг. Үүнтэй холбогдуулан гэмт хэргийн дуудлага ихсэх хандлагатай байна” гэв.
03.05 цагт жижүүр цагдаа "Яг одоогийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага гараагүй байна" гэв. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахлах дэслэгч С.Амгаланбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ирсэн тохиолдолд цагдаа хамгийн эхэнд хохирогчтой уулзаж аюулгүй зэргийн үнэлгээ тодорхойлдог. Эрсдэлийн төвшин тогтоосны дараа хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд эрүүлжүүлэх байранд саатуулна.
Аюулгүй зэргийн түвшин өндөр тогтоогдсоноор хохирогчийг тусгаарлаж хамгаалах байранд шилжүүлдэг. Тухайн хэсгийн байцаагч баримтжуулан шүүхээр баривчлах арга хэмжээ авдаг. Зэргийн төвшин өндөр байвал эрх хязгаарлах, тусад нь амьдрахыг даалгах шийдвэр гаргана. Энэ нь хохирогчийн аюулгүй байдалд дахин эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж байгаа юм" гэв.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь 8,159 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн шинжтэй таван мянга орчим, зөрчлийн гурван мянга орчим гомдол хүлээн авч шалгажээ. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа хэргийг хурдан түргэн шийдэж, асуудлыг мөнгөн хэлбэрээр торгох байдлаар шийдвэрлэдэг болсон болохоор цагдаа нарын ажилд тус нэмэр болж байгааг тайлбарлаж байсан юм. Тухайлбал, гудамжинд танхайрсан хүнийг 50-100 мянгаар торгодог. Торгуулийн хэмжээ өндөр байхаар давтан гэмт хэрэг, зөрчил гаргах нь бага байдаг гэнэ.
Энэ шөнө ерөнхий эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахлах дэслэгч С.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Баянзүрх дүүргийн хүн амын тоо өндөр, гэр хороолол байшин хороолол аль аль нь байдаг онцлогтой. Энэ нь гэмт хэргийн гаралтад нөлөөлөх үү?
-Манай хэлтэс нь 11 хороо хариуцаж ажилладаг. Баянцээл, Сансарын туннел, Хөдөө аж ахуй орчинд архи согтууруулах ун-даагаар үйлчилдэг цэг олноор төвлөрсөн байдаг. Тэгэхээр иргэ-дийн дамжин өнгөрөх хөдөлгөөн ихэсдэг. Шөнийн цагаар бар, цэнгээний газар ихээр ажиллах нь гэмт хэрэг үүсэх шалтгаан болдог.
-Танай хэсэгт өдөрт хэчнээн гэмт хэргийг дуудлага ирдэг вэ. Ер нь хэр ачаалалтай байдаг вэ?
-Өдөрт дунджаар 250 дуудлага ирдэг. Ер нь нийслэлдээ ачаалал ихтэй дүүргүүдийн нэгд ордог. Баяр ёслолын үеэр энэ ачаалал илүү ихэсдэг. Баянцээлд 50, Сансар Туннелд 14 архи согтууруулах ундаа зардаг аж ахуй нэгж байгууллага байрладаг. Согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг нэг дор ихээр байрлах нь гудамж талбайн танхай хэргийн дуудлага ихэсдэг.
-Хууль хэрэгжилтийг цагдаа нар хамгийн эхэнд хянах боломжтой. Тэгэхээр энэ жил шинэ хуулиудын хэрэгжилтийг ямар төвшинд байна гэж харж байгаа вэ?
-Хуулийг хамгийн эхэнд биелүүлэх, сахих хүмүүс бол цагдаа нар юм. Тэгэхээр Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр цагдаа нар ажил хийхэд илүү дөхөм болсон. Зөрчил гаргасан иргэн өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрвөл хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх боломжтой болсон.
-Цагдаагийн байгууллагууд хангамж сайтай байдаг. Үүнтэй холбогдуулан цагдаа нар таблет ашиглаж байхыг харлаа. Тэгэхээр хэрэг илрүүлэхэд дөхөм болсон гэсэн үг үү?
-Дэвшилтэт технологи ашиглан 102 тусгай утсанд хүлээн авч жижүүрийн бүрэлдэхүүн чиглэл, чиглэлийн цагдаа нарт үүрэг болгон сүлжээнд байршуулдаг. Таблетаа ашиглаад эрэн сурвалжилж байгаа хүн, мал, хулгайн эд зүйлсийг газар дээр нь шалгах боломжтой болсон. Мөн цагдаагийн албан хаагчийг тусгай хэрэгслээр бүрэн хангасан байгаа.
Манай хэлтсийн 11 хороонд 36 камер байрлуулсан нь гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж байгаа юм. Гэмт хэргийг цахим зураглалаар хоногт үйлдэгдсэн гэмт хэргийн үзүүлэлт, эргүүлийн чиглэлийн эмзэг цэгүүдийг тодорхойлж байна
-Цагдаагийн эргүүлээс гадна, сайн дурын эргүүл ажилладаг гэсэн. Энэ тухай?
-Их засаг олон улсын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн дөрвөн мянга орчим оюутнуудыг 4-12 сарын хооронд долоо хоногийн гурван өдөр эргүүлд гаргасан. Хороо тус бүрд урамшуулалт эргүүл гэж гаргадаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр цагдаагийн байгууллага бүхий л боломжоороо ажиллаж байна.
Үүр цайхын өмнөхөн бидний сурвалжилга өндөрлөж харин цагдаа нар ажлаа үргэлжлүүлэн үлдсэн юм. Биднийг буух үед ч гэсэн согтуу хүн агсан тавиад байна гэх дуудлага тасарсангүй. Бид баярлаж цэнгэж болох ч согтууруулах ундааг зөв боловсон хэрэглэж, шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байхыг эргүүлийн цагдаа нар дахин дахин сануулж байлаа.
С.БЭРЦЭЦЭГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
Сэтгэгдэл