Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбатад Хан-Уул дүүргээс сар гарахгүй байх ял оноожээ


Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбатад Хан-Уул дүүргээс сар гарахгүй байх ял оноожээ

 

Жил орчмын өмнө буюу 2023.06.15-ны өдөр Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж, дайрахыг завдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ хэргийг улмаар прокурорын байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн байдаг. Уг асуудлаас улбаатайгаар Прокуророос шалгалтын ажиллагааг явуулсан байдаг. Түүнд яллах дүгнэлт үйлдэж, Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хуралдаан өчигдөр /2024.05.01/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргажээ.

Гэхдээ тэр хүн дайрахыг завдсан буюу хүний амь насанд заналхийлсэн үйлдлээрээ биш худал мэдээлэл түгээсэн гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдүүлж, шүүгдлээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Түүний хүний амь насанд заналхийлсэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, өөр зүйл ангиар ялласан хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүмүүст хууль хэрхэн үйлчилж байгаагийн илрэл болов.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.