“Юун наадам, цаана чинь засаг бужигнаж эхэллээ” гэдэг яриа хаа сайгүй сонсогдох. Уг нь монголчууд өдийд наадмаар л амьсгалж байдагсан. Гэтэл энэ өдрүүдэд олон нийтийн ярианы гол сэдэв нь АН, МАН хоёр өрх тусгаарлаж байгаа талаарх яриа болжээ. Арга ч үгүй биз. Төр засаг бужигнана гэдэг хүн бүрт хамаатай. “Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно” гэгчээр тогтворгүй төрөөс дорвитой шийдвэр гарахгүй нь ойлгомжтой. Харин энэ олиггүй үр дүн олны амьдралыг уруудуулах нь бүр ч гарцаагүй хэрэг. Магадгүй энэ нөхцөл байдлыг өнөөх хүчгүй төр хүнээ айлгана гэдгээр тайлбарлаж болох. Энэ өнцгөөс нь харвал төр, засаг бужигнаж эхэлсэн нь төр өөрөө хүчгүйдэж байгаагийн илрэл мөнөөс мөн. Ард түмэн зуны дэлгэр цагт наадам зугаалга ярихын оронд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа хаашаа эргэхийг л харж сууна. Гэхдээ энэ ярианы гол сэдэв нь МАН засагт хамтарч чадаагүй тухай огт биш. Харин ардчилал хөгжөөд 25 жилийнхээ босгон дээр ирж байхад АН нь төлөвшиж амжаагүйг л хэлэлцэж байна. Олны үг хэзээд ортой л байж ирсэн. Энэ ч утгаараа АН засаглаж чаддаггүй гэх яриа гарсан хэрэг. Үнэхээр ч өнгөрсөн болон одоогоос харвал АН үнэхээр л засаглаж чаддаггүй, үзэл бодол нь тогтоогүй ааштай авгайшиг аашилсаар ирсэн байх юм. Жишээ дурдъя.
1 . 2004-2006 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тэр-гүүнээр ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн намынхаа лидерт зүй ёсоор тооцогддог эрхмүүд түүний тэргүүлсэн Засгийн газрыг унагаж байсан удаатай. Гэхдээ энэ бол засгаа унагадаг АН-ын увайгүй үйлдлийн эхнийх ч биш, бас сүүлчийнх ч биш. Түүх сөхвөл, 1997 оны аравдугаар сарын 16-нд М.Энхсайханы тэргүүлсэн, 1998 оны долдугаар сарын 21-нд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг үнэндээ АН-ынхан өөрсдөө л унагаж байсан түүхтэй. 2004 онд МАН /МАХН/, АН хоёр түүхэндээ анх удаа ойролцоо суудал авсан байдаг. Тодруулбал, 36:25-ын харь-цаатай байв. Үүнээс улбаалаад Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэл МАН-ынхантай /МАХН/ хамтарч, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулсан бөгөөд тэд хоёр, хоёр жилээр ээлжлэн засгаа барина гэж тохиролцоод Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгосон юм. Гэвч тухайн үедээ лидерүүдээр дүүрэн гэгдэж байсан энэ засгийг М.Энхсайхан, Р.Гончигдорж, Б.Эрдэнэбат нар унагааж байсан удаатай. Их эвслийн Засгийн газар 2006 оны нэгдүгээр сард задарсан юм. Өнөөдөр ч яригдаж байгаачлан одоогоос арваад жилийн өмнө ч АН дотооддоо зөрчилтэй байсан бөгөөд тухайн үед “Эх орон-Ардчилал” эвсэл задарч, М.Энхсайхан Ж.Наранцацралт, Л.Цог, Д.Батцогт нар ҮШН-ыг байгуулсан байдаг. Үүнээс улбаалаад Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй болсонд тооцсон УИХ дахь МАН-ын /МАХН/ бүлэг Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулах хүсэлт гаргаснаар их эвслийн Засгийн газар 2006 оны нэгдүгээр сард задарсан.
2 . 2007 оны арванхоёрдугаар сард С.Баяр Ерөнхий сайд болов. Тэрбээр үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулсан юм. Ингэснээр Ми-8-ын ослын дараа Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаярыг огцруулж, Мэргэжлийн хяналтын газрын дарга нартай хариуцлага тооцох зэрэг олон зоримог үйлдлийг хийсэн сайдаар өнөө хэр яригддаг. Түүнчлэн Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байсан бизнесмэнүүдтэй тохиролцож, төрийн мэдэлд буцааж авсан нь түүний нэг гавьяа байсныг хэлэх хүн олон бий. Харин ийнхүү гал цогтой ажиллаж байсан тэрбээр Монголын түүхэнд анх удаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байв. Ингээд 2009 оны аравдугаар сард С.Баярын хүсэлтээр С.Батболд Ерөнхий сайд болсон юм. Тэрбээр С.Баярын багтай ажиллахаар шийдэж, халаа сэлгээ хийсэнгүй. Гэвч эвслийн Засгийн газрууд хоёр дахь жилээсээ ганхаж эхэлдэг жишиг энэ үед биеллээ олж, засаг ганхаж байх үед АН-ынхан гарахгүй хэмээж байсан ч нэг л өдөр хаалга саваад гарч одсон түүх замхраагүй хэвээр.
3 . Харин хамгийн сүүлийн жишээ бол энэ удаагийнх. Дангаараа засаглаж чадахгүйгээ замын дундаас ухаарч, хадаг яндар тавьж, хайрын захиа хүртэл илгээн байж МАН-тай хамтарсан АН ердөө долоохон сарын хугацаанд мөн л хуучин зангаа гаргаж, МАН-тай хамтарч ажиллаж чадахгүйгээ илэрхийлээд байна. Гэхдээ тэдний энэ удаагийн үйлдэл өмнөхөөсөө ялгаатай нь Засгийн газрын тэргүүнийхээ эзгүйд Гүйцэтгэх зөвлөл нь эцэг хуулийн дээр сандайлж байгаад шийдвэр гаргасанд байгаа юм. Өөрөөр хэлбэл, засаг толгойлж байгаа сайд нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихгүй гэхдээ гадаадаас хөрөнгө оруулалт татаж, гуйлга гуйж явах зуур намых нь Гүйцэтгэх зөвлөл засгийг нь бужигнуулчихаад сууж байх жишээний.
Үнэндээ дээр дурдсан энэ гурван жишээ бол АН-ынхан хэчнээн олон ааштай, бодлого шийдвэр нь тогтворжоогүй, үзэл бодол нь төлөвшөөгүйг харуулж байгаа хэрэг мөнөөс мөн. АН-ынхан “Ардчиллыг хөгжүүлээд 25 жил боллоо” гэж ярьдаг хэрнээ өнгөрсөн хугацаанд дандаа л ардчиллаас ухарч ирсэн байх юм. Ерөөсөө цаашдаа ч тэдний энэ тогтворгүй, барьцгүй зан төр засгийг самарсаар байх прогноз ойрын өдрүүдэд харагдаад байгаа юм. Үнэндээ АН ингэж олон удаа дотроо хагаралдаж, засгаа унагаж ирсэн нь олон жилийн тулхтай хүчин гэдэг тодорхойлолтоос холтгоод байгаа юм. Цаашилбал, ах нь дүүдээ сургаж, үлгэр дуурайл болдог сайхан чанарыг тэд эгээ л элэг буруу хүн шиг зөрчихийг нь яана. Төдийгөөс өдий хүртэл төр засгаараа тоглож ирсэн тэдний энэ үйлдэл үнэндээ шинэ тутам гарч ирж байгаа нам болон улстөрчдөд Засгаар яаж тоглож, улс орныг хэрхэн бужигнуулж болдгийг л тов тодорхой үлгэрлэж байна. Жишээлбэл, олон фракцитай нам албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтыг сайн хийж чадахгүй бол төрөөр яаж тоглож болдог юм бэ гэдгийг илтэд харуулж буй. Улс төрийн соёл гэж нэг юм уг нь бий. Гэвч харамсалтай нь, АН-д төрөө нурааж тоглохоос өөрийг мэддэггүй бололтой юм. Энэ ч утгаараа АН-д төлөвшсөн гишүүн гэж байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Өөрөө л сайдын суудалд сандайлж байвал улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөр хөдөлж, ард түмэнд үр өгөөжөө өгөх эсэх нь үнэндээ л хамаагүй бололтой загнаж байгааг хэн хүнгүй харж байгаа.
Эцсийн дүндээ сульдсан төр хуулиа биелүүлж чадахаа больдог жишээ энэ өдрүүдэд утгаараа хэрэгжиж эхлээд байна. Ердөө ганцхан жишээ. Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуульд заасан босгод хүрээгүй буюу 42 хувийн ирцтэй байсан ч тэд хуралдсаар дуусгасан. Бас шийдвэр гаргасан. АН гэж дангаараа засаглаж чаддаггүй, давхар болохоороо дотроо алалцаад хамтарсан намаа хөөгөөд эхэлдэг ийм үед төр үнэхээр сульдаж байна. Тэнд хууль хэрэгжих нөхцөл бололцоо өдөр ирэх бүр хумигдмал болж байна.
Бодит байдал дээр АН, МАН-ыг хөөх тухай ярьж эхэлснээс хойш ам.долларын ханш 100 шахуу төгрөгөөр нэмэгдээд байна. Энэ бол АН ард түмний халааснаас 100 төгрөг суйлж байгаатай агаар нэг хэрэг. Хоёр том гүрний дунд амьдардаг монголчууд зах зээлд эргэлдэж байгаа нийт бараа бүтээгдэхүүнийхээ 60-70 хувийг гадаадаас импортолдог ийм үед ам.долларын ханш өснө гэдэг инфляци өсөхийн нэр. Энэ мэтчилэн засаг ганхах сураг ард түмнийг айдаст автуулаад байна. Зуны дэлгэр цагт найр наадмаа яриад налайж суух учиртай ард түмэн нэг хэсэг хоёр аваргын хэн нь зүүний магнайг тэргүүлэх вэ хэмээн наадамдаа анхаарав уу гэтэл энэ сэдэв дорхноо хуучраатахлаа. Одоо зөвхөн засгийн хувь заяа хаашаа эргэхийг л харж сууна. Үнэндээ ирэх өдрүүдэд биднийг таагүй нөхцөл байдал хүлээж байна. Зуны сар шувтарч, наадам өнгөрөөд л намар болох гэж байхад нийт нутгаар гандуу. Тэр дундаа тариалангийн бүс нутагт хуурайшилт ихтэй, хөрсөн дээр 40-60 хэм хүрч халж байгаа нь ургац хураалтад таагүй байдлаар нөлөөлөх нь гарцаагүй. Цаашилбал, Монголд байтугай дэлхий нийтэд ургацын гаралт тааруу байна гэдгийг дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд баталчихсан. С.Баярын Засгийн газрын үед Атарын III аяныг эхлүүлснээр гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг байсан сайхан цаг алсран одохын дохио дуугарч эхлээд байна. Хэдийгээр муу амласан мэт боловч дэлхий нийтээрээ ургацын гаралт муу байна гэдэг нь хүссэн хүсээгүй гурилын хэрэгцээг хумигдмал байдалд оруулна гэсэн үг.
Хамгийн аймшигтай нь ургац ховордоод ирэхээр гурилын үнэ өсөх нь тодорхой. Энэ бол та бидний өдөр тутамдаа иддэг талхны үнэ нэмэгдэхийн нэр. Цаашлаад ирэх жил бичин жил гарна. Хэзээнээс бичин жилийн зуд алдартай байдаг. Өнөөдрийн байдлаар бэлчээрийн гаралт муу байгаа учраас өвөлжилт хүндэрч таарна. Зундаа тарга тэвээрэг аваагүй мал хүйтэн өвлийг өнтэй давна гэдэг бэрх. Ийнхүү хүндхэн өдрүүд та биднийг хүлээж байна. Ийм байхад хоёр том нам хамтраад явсан бол асуудлыг арай дүнгүүрээр шийдэж болох байлаа. Эцсийн дүндээ хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь төр засаг нь тогтворгүй болсон Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг үлгэр болно. Хөрөнгө оруулалтгүй болно гэдэг нь манай улсын хувьд тэг зогсолт хийхтэй адил хэрэг. Гэтэл олонхийг бүрдүүлж байгаа АН энэ бүхнийг тооцсонгүй, эсвэл тэдэнд энэ бүхнийг тооцох ухаан дутсан ч байж болох. Ямар ч байсан монгол түмний бэлгэдэлт их баяр наадмаар төр засгаа ганхуулах алхмыг хийлээ. АН-д өнөөдөртөө үнэндээ холын бодлого дутагдаж ойрын зорилгоо ямар ч үнээр хамаагүй гүйцэлдүүлэх гэсэн эрхмүүдээр дүүрчээ. Ийм байсан, ийм байсаар ч байх болно. Тугалын бэлчээрээс холддоггүй АН-ын овлиго гүй араншин хэзээ, хэрхэн дарагдахыг хэн мэдэх билээ.
М.Өнөржаргал
Тугалын бэлчээрээс холддоггүй АН-ын араншин
2015/07/08 11:07
Сэтгэгдэл