2018 оны шинэ оны босгон дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Олон Улсын Радио, Хятадын Үндэсний Төв Радио, Хятадын Төв Телевиз, Хятадын Олон Улсын Телевиз болон интернетээр 2018 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг одоо та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.
Анд нөхөд өө, хатагтай, ноёд оо:
Сайн байцгаана уу? Цаг хугацаа улирахын эрхээр та бид 2018 онтойгоо мөдхөн золгох гэж байна. Энд би Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайваний элэг нэгт ахан дүүс, хилийн чанадад ажиллаж амьдарч буй Хятадын харьяат, цагаачид, даян дэлхийн улс орнуудын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж буйг минь хүлээн авна уу.
Цаг хугацаа улиран, түмэн бодис өөрчлөгдсөөр. 2017 онд, бид ХКН-ын XIX их хурлыг амжилттай хуралдуулж, шинэ эрин үеийн социалист улс орныг бүтээн байгуулах шинэ аянаа эхлүүллээ. Хятадын ДНБ 80 их наяд юань хүрч, хот хөдөөд 13 сая гаруй шинэ ажлын байр гарган, нийгмийн өндөр насны асрамжийн даатгал 900 сая, эм эмчилгээний үндсэн даатгал 1 тэрбум 350 сая хүнийг тус тус хамарч, хөдөө орон нутгийн 10 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж чадлаа. "Иргэдээ амар тайван орчинд баян чинээлэг амьдруулж байж, улс орон хөгжин цэцэглэж чадна.” Ядуу амьдралтай 3 сая 400 мянган иргэнийг нүүлгэн төвхнүүлж, шинэ орон сууцтай болгосон бол гэр хорооллын 6 сая орон сууцыг товлосон хугацаанаас нь өмнө засаж шинэтгэлээ. Мөн иргэдийн амьжиргаатай холбоотой салбар түргэн хөгжиж, экологийн орчин сайжран, ард иргэд маань улс орныхоо хөгжлийн үр шимийг улам ихээр хүртэж, аз жаргалтай, амар тайван амьдарч байна. Бид чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтоо биелүүлэхийн төлөө бас нэг том алхам хийсэн юм.
Технологийн инновац, том чухал төслийн бүтээн байгуулалт зэрэгт ихээхэн амжилт гаргалаа. "Хүй Янь” хиймэл дагуул сансрын гүн рүү аялж, С919 том оврын зорчигч тээврийн нисэх онгоцны нислэг амжилттай болж, квантын компьютер зохион бүтээж, далайн усны тутаргыг туршин ургуулж, нисэх онгоц тээгч хөлөг онгоц бие даан зохион бүтээж, тэнгисийн гүний "Хай И” аппаратыг туршин, шатамхай мөс олборлож, Ян Шаний бүрэн автоматчилсан усан боомтын 4-р шатны барилга байгууламжийг ашиглалтад оруулан, Хонконг-Жүхай- Макаог холбосон аварга гүүрийн бүтээн байгуулалтыг дуусгаж, "Фү Шин” хурдны галт тэрэгний цуваа эх орны дөрвөн зүг найман зовхисыг холбосон гээд Хятадын ард түмэн асар их ажлын ард гарч, аугаа их амжилт гаргасан билээ.
Бид сургуулилтын нэгдсэн Зүрх баазад ёслолын парад зохион байгуулж, Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 90 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн, Хонконг эх орныхоо хүчтэй дэмжлэгээр урт хугацаанд тогтвортой хөгжиж, улам сайн сайхан хөгжлийн хэтийн төлөвтэй байгааг Хонконг эх орныхоо мэдэлд шилжсэний 20 жилийн ойг тэмдэглэх үеэр би биеэрээ очиж мэдэрсэн юм. Бид мөн Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн эхэлсний 80 жилийн ойг тэмдэглэж, Наньжиний их хядлагаар амь үрэгдсэн хүмүүсийг дурсах төрийн ёслол үйлдэн, түүхийг эргэцүүлж, энх тайвны төлөө залбиран даатгасан юм.
2017 онд бид олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний "Нэг бүс нэг зам” анхдугаар чуулга уулзалт, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалт, ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт зэрэг хэд хэдэн чухал дипломат арга хэмжээг эх орондоо зохион байгуулсан бөгөөд миний бие олон улсын хэмжээний нөлөө бүхий олон талт хурал чуулганд оролцсон юм. Энэ оны эхээр би дэлхийн эдийн засгийн Давосын чуулга уулзалтын жилийн тутмын чуулганд оролцон, НҮБ-ын Женев дэх төв байранд үг хэлсэн бөгөөд түүний дараа Их хорийн удирдагчдын дээд уулзалт, Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалтад оролцсон билээ. Эдгээр хурал чуулганы үеэр би холбогдох талуудтай санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд бидний дэвшүүлсэн "хүн төрөлтний хувь заяаны хамтын цогц”-ыг хамтран байгуулж, улс орнуудын ард түмэнд үр өгөөж хүртээх тухай санаачилгыг талууд талархал хүлээн авсан юм.
2017 онд бид маш олон иргэдийн захидлыг хүлээн авсан юм. Үүнд Түвдийн Лүнзы шяний Юймай сяны иргэд, Өвөр Монголын Сөнид баруун хошууны Улаанмөчир чуулгын уран бүтээлчид, Ши-Аний Зам Харилцааны Их Сургуулийн профессор, Нанькай Их Сургуулийн шинэ оюутнууд бидэнд захидал ирүүлж, аж амьдралынхаа тухай өгүүлэн, санал бодлоо хуваалцсан юм. Ард түмний маань эх орныхоо төлөө гэсэн чин үнэнч хичээл зүтгэлд сэтгэл минь догдолж баяссан бөгөөд ард түмнийхээ агуу их гэдгийг дахин мэдэрсэн билээ. Аливаа аз жаргал бүхэн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээс үүдэлтэй гэдгийг дахин мэдэрсэн юм.
Анд нөхөд өө, хатагтай, ноёд оо:
2018 онд ХКН-ын XIX их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэх анхны жил юм. Энэ их хурлаар Хятад улсын ирэх 30 гаруй жилийн хөгжлийг төлөвлөсөн билээ. Үүл шүргэсэн өндөр барилгыг ч шав сууриас нь эхэлж барьдаг шиг XIX их хурлаар боловсруулсан хөгжлийн хэтийн зорилтыг биелүүлэхэд хий хоосон ярих биш, харин төсөл төлөвлөгөөг бодит ажил болгон биелүүлэх хэрэгтэй.
2018 онд бид өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойгоо угтах болно. Өөрчлөлт нээлтийн бодлого бол орчин үеийн Хятад улсын хөгжил дэвшлийн зайлшгүй туулах замнал, Хятадын мөрөөдлийг биелүүлэх зайлшгүй сонголт юм. Тиймээс бид өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойг тохиолдуулан, өөрчлөлт нээлтийн замналаа улам тэлж, тасралтгүй гүнзгийрүүлэх болно.
2020 он гэхэд Хятад улсын одоо хэрэгжүүлж буй стандартын дагуу хөдөө орон нутгийн ядуу амьдралтай иргэн нэг бүрийг ядуурлаас ангижруулах тухай амлалтыг бид ард түмэндээ өгсөн. Тэгвэл одоо ердөө гурван жил үлдээд байгаа учраас эрхбиш нийт нийгмээрээ хүчээ нэгтгэн, шаргуу тэмцэж, энэ зорилтыг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх хэрэгтэй. 3 жилийн дараа энэ амлалт, зорилтыг товлосон хугацаанд нь биелүүлбэл Хятадын үндэстнүүдийн хэдэн мянган жилийн түүхэн хөгжлийн явцад анх удаа ядуурлыг бүрмөсөн устгасан аугаа их амжилтад хүрэх болно. Бид бүх хүчээ дайчлан, Хятадын үндэстнүүд төдийгүй бүх хүн төрөлхтөнд асар их утга учиртай энэхүү аугаа үйлсийг биелүүлэхийн төлөө зүтгэцгээе.
Өдгөө, талууд хүн төрөлхтний нийгмийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд итгэл найдвар өвөрлөж байгаа боловч мөн сэтгэл зовж, энэ талаар Хятад улс байр сууриа илэрхийлэхийг хүсэж байна. Даян дэлхий тэр чигтээ нэг том гэр бүл юм. Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд байр сууриа илэрхийлэх болно. Хятад улс НҮБ-ын нэр хүнд, байр суурийг хэлбэрэлтгүй хамгаалж, олон улсын үүрэг хариуцлагаа идэвхтэй биелүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах тухай амлалтаа биелүүлж, "Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад хамтран оролцохыг идэвхтэй ахиулан, хэзээд дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжлийн үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийн хамгаалагч байх болно. Дэлхийн улс орнуудын ард түмэнтэй хамтдаа улам хөгжсөн, улам амар амгалан дэлхий ертөнцийг цогцлоход Хятадын ард түмэн бэлэн байна.
Анд нөхөд өө, хатагтай, ноёд оо:
Бидний хүрсэн хөгжлийн аугаа их ололт амжилтыг ард түмэн маань бүтээсэн учраас үр өгөөжийг нь тэдэнд хүртээх ёстой. Ард түмэн маань боловсрол, ажлын байр, орлого, нийгмийн хамгаалал, эм эмчилгээ, өндөр насны асрамж үйлчилгээ, орон сууц, хүрээлэн буй орчин зэрэгт маш их анхаарал хандуулж, заримд нь сэтгэл ханамжтай, заримд нь сэтгэл дундуур байгааг би мэдэж, ойлгож байна. Иргэдийн амьжиргаатай холбоотой ажил төрлийн салбарт олон дутагдал доголдол байгаа нь үүрэг хариуцлагаа улам сайн ухамсарлаж, ард түмнийхээ аз жаргалын төлөө улам их ажил хийхийг биднээс шаардаж байна. Тиймээс нам засгийн олон шатны хороо, захиргаа, удирдах боловсон хүчнүүд иргэдийнхээ амар амгалан, сэтгэл хангалуун байгаа эсэхийг цаг мөч бүр эрхбиш анхаарч, ард түмэндээ үр шим хүртээхийг хамгийн чухал үүргээ болгон, иргэддээ тулгарсан асуудал бүрийг нэг бүрчлэн шийдвэрлэж, тэдэнд улам их аз жаргал хүртээх хэрэгтэй.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Сэтгэгдэл