УИХ-ын гишүүн Д.Гантулгаас АТГ байцаалт авчээ


Авлигатай Тэмцэх Газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг  мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг хэлж байна. Д.Гантулга гишүүнээс АТГ байцаалт авсан аж.

Болж бүтэхгүй асуудалд нэр холбогдсон ч, хууль тогтоох дээд байгууллагын гишүүний суудалд суусан хэвээрээ байгаа  Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон асуудлаараа Төрийн ордонд мэдээлэл хийж, олны анхаарлыг улам бүр татсан билээ.

Түүний эл үйлдлийг ёс зүйн алдаатай зүйл хэмээн үзсэн нэр бүхий хуульчид гомдол гаргасан байдаг. Харин  уг асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаад, Д.Гантулга гишүүнийг ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзсэн.

Тэгвэл АТГ-ын шалгалт, түүний гэм буруугийн асуудлыг тогтоох уу гэдэг нь хүлээлт үүсгэсэн асудал юм.

Сануулахад, Д.Гантулга гишүүнд  холбогдох хэргийн хохирогчийн өмгөөлөгч М.Ичинноров хэвлэлд ярилцлага өгөхдөө "Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцуулах тал дээр цаашид ч тэмцэх болно. Энэ бол Монгол Улсад улс төрийн соёл бий болгох хүсэл эрмэлзэл, алсын хараа  юм.  Нэгэнт тэр хүний нам  хөдлөхгүй бол өрөөл бусад намууд яагаад хөдөлж болохгүй гэж. С.Баярцогтын оффшорын асуудал дээр тухайн үеийн сөрөг хүчин болох  МАН яаж дуугарч, тууштай хөдөлж,  УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь авч хаяж байлаа. Харин одоо энэ мэт асуудалд сөрөг хүчний намууд хөдлөх хэрэгтэй гэж бодож байна.  Тэгэхгүй бол ганц бид яваад энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэх итгэл сул байна... Юуны өмнө ёс зүйн хариуцлагыг Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь тооцох хэрэгтэй.  Ёс бус үйлдэлд нэр нь холбогдсон гишүүн өөрөө уучлал хүсэн албан тушаалаа өгдөг жишиг манайд ерөөсөө алга. Хууль эрхзүйн талаасаа нэрийг нь татуулан шалгах процесс удаашралтай байна.  Харин аливаа хэрэгт улс төрийн ашиг сонирхол байвал хэнийг ч хэзээ ч шалгаж, байцааж, ял оноож болж байна. Улс төрийн хүсэл эрмэлзэл, ашиг сонирхол байхгүй бол хөдөлдөггүй. Ийм гажуудсан, хараат байдал Монголын хуулийн байгууллагад гарч эхэлсэн нь энэ хэрэг дээр ч харагдаж байна” гэж байсан юм.

Эх сурвалж: Hunnu.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.