Төр түшилцэгсэд ба АТГ


Төрийн ордонд тухалж, дулаан өрөө, зөөлөн сэнтийд заларсан эрхмүүдтэй холбоотой асуудал хөвөрч эхлэв. АТГ руу харайлгаж, байцаалт өгч, хутгалдсан бантангийнхаа учрыг тайлуулахаар хуулийн байгууллагын хаалгыг татсаар байгаа мэдээлэл гарах болсон. Бандааш хэмээх цол зүүсэн Д.Гантулга, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, О.Баасанхүү гишүүн АТГ-аар эргэлдэж байгаа аж. Тодорхой болсон хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна.

Нам хувьчилж авах буюу Н.Энхбаярыг "жийх” төлөвлөгөө

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд МАХН-ыг Н.Энхбаярын өврөөс салган авах төлөвлөгөөтэй байсан ч хүч нь хүрээгүй. Хүний нүднээс далд, төрийн хамгаалалт дор, Их чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж, намын даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлэн, дэмжүүлсэн байдаг. Нууц хурлынхаа материалыг Улсын дээд шүүхэд өгч, МАХН-ын дарга болох хүсэлт гаргасан байдаг. Гэвч дээд шүүх уг хурлыг хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй. Мэдээж хэрэг нууцаар хуралдан өөрийн нэрийг даргад дэвшүүлсэн болохоор тэр. Н.Энхбаяргүй хурал учир хуурамч байлгүй яахав. Ингээд О.Баасанхүүгийн нам хувьчилж авах санаархал талаар болсон. Гэхдээ тэр мөчөөгөө өгөхгүй заргалдсан хэвээр. Аргаа барахдаа МАХН-аас төрд заларсан суудлын мөнгөө нэхэмжилж эхэлсэн.

Гурван удаа гомдсон бичиг илгээжээ

Боловсролын яамтай холбоотой бас нэгэн маргааныг АТГ шалган эцэслэж, прокурорт шилжүүлсэн байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа авлигын акулуудтай тэмцдэг байгууллагад гомдол гаргаж, сайд Ц.Цогзолмаа, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарт гомдсоноо илэрхийлжээ.  Бүр гурван ч удаа гомдсон тухай бичиг ирүүлсэн байх. Хамгийн сүүлд энэ сарын 8-нд гомдсон байх жишээтэй.

АТГ хянаж шалгаад С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь Төрийн албаны тухай хууль болон бусад тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг шалгуулахаар Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн аж. Энэ асуудлыг хянаж ашлагаж хараахан дуусаагүй байгаа юм байна.   

"Бандааш” гишүүнийг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгын паян улс орон даяар тарсан. Түүнийг "бандааш” хэмээн хочилж, цоллох болсон билээ.  Тэрээр айлд хонож, хүчингийн хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдуулаад байгаа юм. Энэ асуудлыг хянан шалгах ажлыг АТГ хариуцан авлаа. Яагаад авлигатай тэмцдэг газар ийм төрлийн хэрэг шалгаж байгаа нь иргэдийн анхаарлыг татсан. Эрүүгийн гэх хэргийг АТГ шалгах шаардлагатай байсан уу гэдэг. Энд ганц гаргалгаа нь хэрэг үйлдсэнээ баллуурдах гэж авлига өгсөн тухай яриа юм. Тиймээс л шалгаж байгаа аж. Мөн прокурорын зүгээс түүнд холбогдох хэрэгт харьяалал тогтоосон Д.Гантулга гишүүнд холбогдох хэргийг шалгаж эхэлжээ.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Магадгүй уг хэрэгт буруутгагдвал түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч яригдах бололтой. Мөрдөн байцаалт явагдаж байгаа ч одоогоор "бандааш” гишүүнээс өчиг аваагүй байгаа бололтой. Түүний ойр тойрны хүмүүс ч шалгагдаагүй хэмээж байгаа юм. Өөрөө ч дуудагдаагүй, байцаагдаагүй, өчиг өгөөгүй хэмээн хэлж байгаа юм.

Энэ мэтээр төрийн түшээд АТГ-ын хаалгыг татаж эхлээд байгаа. Араас нь шалгагдах нөхдүүд цөөнгүй биз. Цаг хугацааны аясаар АТГ тийш хөдлөх цуваанд хэн нэгдэх бол хэмээн ажиглаж суугаа хүмүүс ч олон байгаа биз ээ.

Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/159301.shtml


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.