Н.Энхбаяр өмгөөлөгчтэй боллоо, хэрэг цаашаа яаж хөврөх бол...



МАХН-ын дарга Н.Энхбаяр одоо л нэг өмгөөлөгчтэй болж, АТГ-т байцаалт өгөх нь. Түүнийг өнгөрсөн сарын 26-нд АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, зарлан хуудас өгсөн ч очоогүй юм. Ийнхүү таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч тодорхой шалтгаанаар ирээгүй билээ.

Арга буюу тус газрын мөрдөгчид зургаа дахь зарлан дуудах хуудсаа МАХН-ын цагаан ордонд өөрсдийн биеэр аваачиж өгөхдөө "Заавал ирж байцаалт өгөх ёстой” хэмээгээд явсан. Гэсэн ч Н.Энхбаяр байцаалтад бас л очоогүй. Очоогүй шалтгаан нь ердөө л олон өмгөөлөгчид хандаж, өөрийгөө өмгөөлүүлэх хүсэлт тавьсан ч өмгөөлөгчид татгалзсан хариу өгсөнтэй холбоотой гэж байлаа. Түүний хувьд заавал иргэнийхээ эрхийг эдэлж, өмгөөлөгчтэй очно гэх тайлбарыг АТГ-ынханд хэвлэлээр дайж байсан юм. 
Тэрбээр "АТГ-т очиж би өөрөө өөрийгөө буруутгаж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Үндсэн хуульд заасан энэ эрхээ эдэлнэ. Хоёрдугаарт, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлнэ. Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байгаа. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна. Түүний дараа АТГ-т мэдүүлэг өгч болно” гэж байсан юм. 
Ингээд АТГ-ынхан арга буюу Н.Энхбаярын хүсэлтийг хүлээн авч, өнгөрсөн сарын 28-нд Монголын хуульчдын холбоонд хандаж, Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичиг илгээжээ. Тус албан бичигт Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрбээр хүрэлцэн ирэхгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж, өөрт нь өмгөөлөгч олдохгүй байна гэж тайлбарласан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасан үндэслэлээр Монголын Хуульчдын холбоонд хандахаас өөр аргагүй болсон тухай дурджээ. 
Одоогоор нэр бүхий дөрвөн өмгөөллийн газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт өмгөөлөгчөөр ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна. Ийнхүү олон удаа дуудсаны эцэст АТГ Н.Энхбаяраас байцаалт авахаар боллоо. Намбарын хүүгийн шүдний өвчин болоод байсан өмгөөлөгчийн асуудал АТГ-ын тусламжтайгаар шийдэгдэх нь ч тодорхой боллоо. Гэхдээ АТГ-аас түүнийг ямар хэрэгт татаж, юуны учир байцаалт авах болов гэдэг нь одоогоор нууц хэвээр байна. Бидэнд байгаа мэдээллээр Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-д заасан хэрэгт сэжигтнээр тооцон шалгахаар болсон аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 133.1 нь МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамбын захидалд дурдсан 500 сая төгрөгт холбогдох хэрэг аж. Харин дараагийнх нь буюу Эрүүгийн хуулийн 148.4 нь УИХ-ын дэд дарга асан Л.Цогийн мэдээлсэн намын байрны хөрөнгийн эх үүсвэр болон түүнээс нэг сая ам.доллар нэхсэн гэх залилангийн асуудлыг тус тус шалгахаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Энэ хэргийн дагуу түүнээс тайлбар авч, мэдүүлэг өгөхийг АТГ-аас удаа дараа дуудсан ч тэрбээр эрхээ эдэлж, мөрдөн байцаалтад заавал өмгөөлөгчтэй байлцана гэж байсан билээ. Юутай ч хэрэг явдал хэрхэн цаашаа өрнөж, түүнийг өөр ямар хэрэгт холбогдуулан шалгах бол гэсэн асуудал олон нийт хийгээд улстөрийн хүрээнийхний анхаарлыг татаж эхлээд байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.