Хүчний байгууллагын нэр бүхий хүмүүсийг өнгөрсөн онд Хууль зүйн сайддаа
гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх шуугиан гарч байсан. Тэгвэл гүйцэтгэх
ажиллагаа явуулсан хэмээн нэр холбогдож байсан ЭЦГ- ын дарга асан
Н.Ууганбаяр, ЭЦГ-ын Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга асан
Б.Ариунболд нарт холбогдох хэргийг сэргээн АТГ- аас шалгах болсон
байна.
Дээрх хоёр хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад,
харьяалал тогтоон АТГ-т шалгах үүргийг өгчээ. Тэднийг одоогоор
гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих, төрийн албан тушаалтан албаны эрх
мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж
эхэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд асан
Х.Тэмүүжин дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, гар утсыг нь чагнасан
асуудал гарч мөн Г.Сарангэрэл гэх охин Хууль зүйн сайдтай амрагийн
холбоотой гэх мэдээллүүд хэвлэлээр гарч байсан.
Түүнчлэн Хууль зүйн сайд асныг хар тамхины хэргээр гүтгээд зогсохгүй
гадаадын тагнуул зэргээр олон зүйлд холбож байв. Болсон үйл явдлыг эргэн
сануулахад, өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд Хууль зүйн байнгын
хорооны дарга Ш.Түвдэндоржид Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Гүйцэтгэх ажлын
шугамаар утсыг маань чагнаж, тагнасан байж магадгүй” гэх утгатай
өргөдөл өгч, түүнийг нь тус байнгын хороо олон нийтэд ил ярьж болохгүй,
нууцын хуулиар хориотой зүйлүүд яригддаг хэмээн хаалттай хэлэлцсэн юм.
Үүний дараа буюу наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн
Ерөнхий газрын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр
гаргаж түүний оронд тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар
С.Баатаржавыг томилж байсан. Ингээд уг томилгоог хийсний дараа, тэр
дундаа цагдаагийн байгууллагад халаа сэлгээ хийгдэж эхэлснээс хойш
салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудал үүсч
эхэлсэн.
Гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэгт УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх,
ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион
байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх, Мөрдөн
байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарыг буруутган, албан
тушаалаас нь түтгэлзүүлж, цолыг нь хураах шийдвэрийг ЦЕГ-ын даргын
зөвлөл хуралдаж гаргаж байсан.
Ингээд нэр бүхий хурандаа нарыг Эрүүгийн хуулийн 263.2 /төрийн албан
тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/-т
заасан үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт, Эрүүгийн хуулийн 82 дугаар
зүйл /төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан/
гэх үндэслэлээр Тагнуулын Ерөнхий газарт шалгаад өнгөрсөн оны
дөрөвдүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах явцад гүйцэтгэх ажиллагаа
явуулсан асуудалд холбогдолгүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй
болгож байжээ.
Хурандаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан ТЕГ-ын
газрын дэд дарга асан С.Эрдэнийг ажлаас нь чөлөөлж байсан юм. Учир нь
тэрбээр тухайн үед хэргийг шалгаж дуусаад прокурор руу шилжүүлсэн ч тус
газраас "Эл асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга” гэх хариуг
өгснөөс болж ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.
Ингээд Х.Тэмүүжин УЕП асан Д.Дорлигжавыг ажлаа өгсний дараа түүний
ажлыг хүлээн авсан М.Энх-Амгаланд дахин хүсэлт гаргаж хурандаа нартай
холбоотой хэргийг шалгаж өгөхийг хүссэний дагуу албан ёсоор ийнхүү
шалгахаар болжээ.
Яг үнэндээ хүчний байгууллагын энэхүү үйлдэл нь хүний хувийн орон зай
руу халддаг, эрх мэдлийг өөртөө агуулж байдаг цагдаа, тагнуул, цэргийн
байгууллагад ийм асуудал олон гардаг ч нууцлаад л өнгөрдөг. Тэр тусмаа
гүйцэтгэх ажиллагаа нь зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй явагддаг гэдгийг
хүн бүхэн мэднэ.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагааг явуулах үүргийг эрх бүхий албан
тушаалтан л өгдөг. Тиймээс энэхүү гүйцэтгэх ажиллагааг явуулах үүргийг
хэн өгсөн бэ гэдэг нь ч удахгүй тогтоогдох бололтой. Эцэст нь хэлэхэд
Н.Ууганбаяр, Б.Ариунболд нар үнэхээр цагдаагийн алба хаагчийн ёс зүй,
хуулийг сахин биелүүлэх тангарагийнхаа төлөө үнэнчээр зүтгэсэн үү
гэдгийн гогцоо тайлагдахаар боллоо.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл