Халамжийн Д.Баярсайханы 4.5 тэрбумын хэрэг замхарчээ


 Халамжийн Д.Баярсайханы 4.5 тэрбумын хэрэг замхарчээ
Манай сонин өнгөрсөн оноос эхэлж нийгэмд дуулиан, шуугиан тарьж байсан авлига, албан тушаалын гэмт хэргүүд хэрхэн яаж шийдэгдсэн, хэд нь замхран алга болж байгаа талаарх мэдээллийг хүргэж байгаа. Бид энэ удаад Халамжийн гэх тодотголтой Д.Баярсайхан нарт холбогдох гэмт хэргийн талаар нэхэн хөөсөн юм.
 
Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэмээн хуулийнхан хорьж, цагдаж хэсэгтээ л сүр хүчийг үзүүлсэн. 
 
Гэтэл хууль хүчнийхэн ар араасаа пижигнэлдэж байсан энэ хэрэг жил орчмын дараа чимээгүй болж, хэрхэн яаж шийдэгдсэн нь тодорхойгүй, тэр ч байтугай үнэхээр тэд улсад их хэмжээний хохирол учруулсан юм уу гэсэн байдлаар хандсан байж ч болзошгүй мэдээлэл дуулдах болов. Бид уг хэргийн талаар цагдаа болон прокурорын хэд, хэдэн эх сурвалжтай уулзаж тодруулахад "Наад хэрэг чинь яг одоо хаана шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэх хариултыг өгч байв.
 
Уг нь Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэсэн мэдээлэл баривчилгааны дараахан хэвлэлээр мэдээлэгдэж байсан. Тэгвэл энэ үйл явдлаас хойш зургаан сар орчим чимээгүй байж байгаад хэргийн мөрдөн байцаалт идэвхжиж байсан түүхтэй.
 
Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эзэддээ очсон эсэхийг тодруулахад цаг хугацаа, мөрдөн шалгалтын чимхлүүр ажиллагаа шаардагдах учраас цагдаагийн байгууллага томоохон хүчээр ажиллаж төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж, мөрдөн байцаалт явуулан ажиллагаагаа дуусч, дүн мэдээгээ нэгтгэж эхэлснийг тухайн үед эх сурвалж мэдээлж байсан.
 
Түүнчлэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжаас тодруулахад "Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Энэхүү шалгалтын явцад халамж үйлчилгээний сангийн мөнгийг угаасан байж болзошгүй гэж сэжиглэж байсан" гэдгээ ч хэлж байгаа юм.
 
Яг үнэндээ хуулийнхан тухайн үед Халамж үйлчилгээний газрыг 2012 оноос эхлэн овоо хараандаа авч шалгасны эцэст нэлээд "но-той, ноцтой” зүйлийг хөдөлшгүй баримтаар тогтоож, нэр бүхий хүмүүсийг саатуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2013 оны хоёрдугаар сараас эхэлж тус газрын санхүүгийн тайлан тооцоо хуулийнхны анхаарлыг татсан учраас ийнхүү орсон, гарсан гүйлгээ болон халамжийн үйлчилгээнд зориулагдах ёстой хөрөнгө нь зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулагдсан байж болзошгүй хэмээн шалгах нөхцөл бүрджээ.
 
Байдал ийнхүү эхнээсээ тодорч эхэлмэгц прокурор, цагдаагийнхан тэднийг цагдан хорих тухайд ямар ч асуудалгүй шүүгчийн шийдвэр гаргуулан хэл ам татлалгүй саатуулж байж. Хамгийн гол нь энэ хэрэгт нэлээд хэдэн өндөр албан тушаалтны нэр холбогдож эхэлсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийгмийн халамж үйлчилгээний газар нь нийтдээ 70 гаруй төрлийн халамжийг орон даяар түгээдэг бөгөөд тус байгууллагын дансаар олон арван тэрбум төгрөг эргэлдэж иргэдийн гар дээр очдог аж. Өөрөөр хэлбэл, халамжийн үйлчилгээ нийт үйлчилгээний 95 хувийг эзэлдэг гэсэн үг.
 
Тухайлбал, Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 35 сая төгрөг компанийн данс руу шилжсэн баримт гарч ирсэн талаар тухайн үед хуулийнхан хэлж, мэдээлж байсан. Энэ талаар хуулийн нэгэн эх сурвалж ийнхүү ярьж байв. 
 
"Манайд томоохон албан тушаалтнуудад холбогдох Эрүүгийн хэргүүд ч мөн нэлээдгүй шалгагдаж байгаа. Хамгийн гол нь тэдний албан тушаалын эрх мэдэл, бүрэн эрх, улстөрийн хүрээлэл, улстөрдчийн хамгаалалтад байдаг зэргээс болоод хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхгүй байх тохиолдол олон байна” хэмээн халаглаж байсан.
 
Ямартай ч Төрийн өндөр дээд албан тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсаныг нь хуулийн байгууллага илрүүлээд, шалгаж эхэлдэг ч ихэнх тохиолдолд прокурор, шүүхийн байгууллагад очоод хэрэгсэхгүй болдог дүрэм аль хэдийнэ тогтчихсон. 
 
Өөрөөр хэлбэл, энэ мэт албан тушаалын хэргүүд олны чихэнд хүрдэг ч төдий л удалгүй замхардаг нь бичигдээгүй хууль. Тиймдээ ч шуугиан тарьж байсан хэргүүд хэсэгтээ хэвлэлийнхний бай болж явсаар аажимдаа мартагдах нь олонтаа. Үүний зэрэгцээ тэдэнд холбогдох ихэнх хэрэг хэрхэн эхэлж, хэрхэн шийдэгдэж буй нь хаа хаанаа хаалттай болдог нь нууц биш. 
 
Тэр ч байтугай зохих ял шийтгэлээ үүрдэггүйгээр үл барам Өршөөлийн хуульд хамрагдан, цагаадах нь энүүхэнд байдаг нь хачирхалтай. Хэрвээ үнэхээр Д.Баярсайхан гэдэг хүн албан тушаалын гэмт хэрэгт орооцолдоогүй бол түүнийг нь яагаад олон нийтэд мэдээлж болохгүй гэж. Ямартай ч Эдийн засгийн гэмт хэрэг хэмээн нэрлэгдэж байсан уг хэрэг усанд хаясан чулуу шиг алга болж 4.5 тэрбумын хэрэг замхарчээ гэж ойлгогдохоор байна. 
 
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.