УИХ-ын 2012 оны сонгуульд өвдөг шороодсон ч 2016 оны ээлжит сонгуулиар дахин азаа үзсэнээр УИХ-д залрах хувь тохиосон хүмүүсийн нэг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг юм. Тэрбээр УИХ-ын гишүүний сэнтийд заларснаар барахгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдоод 100 хоногийг үдлээ.
Гэхдээ түүний өнөөдөр юу хийж бүтээсэн гэдгээс илүүтэй Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа дүүргийнхээ иргэдэд хэр зэрэг хайртай, халамжтай Засаг дарга байсан бэ гэдгийг энэ удаагийнхаа нийтлэлийнхээ өмнөтгөлөөр нэхэн мэдээлье. Дүүргийн бүтээн байгуулалт нэрээр хоточ нохдын хөшөөг 750 сая төгрөгөөр босгосон, газрын наймаачин зэргээр хардаж байсан дүүргийнх нь иргэд яагаад ч юм түүнийг сонгосон.
Хожмоо сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх хардлагад хэсэгтээ ороогдсон ч асуудал тэгсхийгээд намжсан түүхтэй. Тэгвэл эрхэм гишүүний АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл тэрбээр үе үеийн дүүргийн Засаг дарга нар болоод УИХ-ын гишүүдийн дундаас хамгийн олон газар эзэмшдэг гэдгээс үзвэл иргэдийн хардлага оргүй биш байсан бололтой юм. Учир нь, тэрбээр шударга хөдөлмөрөөрөө тэр олон газрыг өөрийн болгов уу, эсвэл эрх мэдлээ урвуулан ашиглах замаар олж авсан уу гэдэг нь бас л эргэлзээтэй.
Хэдийгээр уг мэдүүлэгтэй нь холбогдуулж, хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгаагүй ч одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Батдэлгэрээр итгэмжлүүлсэн 100 гаруй иргэн Б.Батзориг гишүүн Засаг даргаар ажиллаж байхдаа бидний газрыг булаасан гэж намынх нь даргад хов хүргэж байв. Гэсэн ч хэзээнээс хотын фракцаар араа хийсэн Б.Батзориг гишүүнд хандаж намынх нь удирдлагууд нь нэг ч үг хэлсэнгүй, хууль хяналтын байгууллагынхан ч шалгасангүй.
Өнгөрснийг нэхэн сануулбал, хөшөө дурсгал босгох ажилд хамгийн их хөрөнгө оруулалт авсан хүнээр тухайн үедээ тодроод байсан тэрбээр Сансрын уулзварт "Эвтэй дөрвөн амьтан” хөшөө босгоход 350 сая, Чулуун овооны тойрогт хоточ нохдын хөшөө бүхий өндөрлөг байгуулахад 750 сая, Офицеруудын ордны аюулгүйн тойрогт усан оргилуур байгуулахад 400 сая төгрөг буюу нийтдээ 1.5 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.
Өдгөө харахад хөшөө барихад 1.5-хан тэрбум төгрөг зарцуулж гэж харагдах хэдий ч 2010-2011 оны валютын ханшаар тооцож үзвэл тийм ч хямдхан сонсогдохгүй л болов уу. Тэрбээр ийнхүү олон тэрбум төгрөгөөр хөшөө босгож "тоглох” зуур дүүргийнх нь иргэд хардах эрхийнхээ дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулсан байдаг.
Гэтэл Чулуун овооны тойрогт хоточ нохдын хөшөө бүхий өндөрлөг байгуулахад 750 сая төгрөгөөр босгосон гэж дүүргийн тайлан баланстаа тусгасан үнийн дүн нь цагдаагийн байгууллагын шалгалтын дараа хоёр дахин багассан байх жишээтэй. Гэтэл цаана нь нуугдсан мөнгө хаачсан талаар хэн ч эрэл сурал хийсэнгүй.
Түүнчлэн хэзээ тендер зарласан, хөшөө урлах компанийг ямар шалгуураар сонгон шалгаруулсан талаарх мэдээлэл өнөөг хүртэл байдаггүй гээд эрхэм гишүүний халаасыг ухвал сонирхолтой, нотой нууц олон. Тэрбээр хоточ нохдын хөшөө босгосон талаараа "Хөшөө босгосноор Баянзүрх дүүрэгт эх, хүүхдийн эндэгдэл огцом буураад зогсохгүй гэмт хэргийн гаралт ч буурсан” хэмээн арга ядсан тайлбар өгөөд зогсож байв.
Түүний энэ үгнээс улбаалж бодоход нийслэлийн зургаан дүүрэг, цаашлаад 21 аймаг, сум, баг бүрт өнөөх алдартай гурван хоточ нохойн хөшөөг сүндэрлүүлбэл Монгол Улс даяар эх, хүүдийн эндэгдэлгүй, гэмт хэргийн зөрчилгүй болно гэж Б.Батзориг сайд яриад эхэлбэл битгий гайхаарай. Ийм л инээдтэй, аргаа барсан зүйл ярьж суудаг хүн салбар яамыг толгойлж сууна.
Магадгүй аль нэг өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үүдэнд ахиад гурван нохойн хөшөө биш юм гэхэд таван хошуу малын хөшөө босгож, "Энэ хөшөөний буянаар монголын мал өслөө” гээд Б.Батзориг сайдыг яриад суувал гайхах хэрэггүй биз ээ.
Өмнөх сэдэв рүүгээ эргээд ороход Б.Батзориг гишүүний холбогдсон газрын маргаан нэлээд бий. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн хорих анги орчим дахь таван га газрыг эхнэрийнхээ ах, дүү болон өөрийн найз нөхдөдөө "бэлэглэсэн" гэж тухайн үедээ ил далд хэлбэрээр шуугилдсан ч мөн л хууль хяналтынхан шалгаагүй.
Мөн 2012 оны үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Атар, ‘Сэлбэ дулаан” компанийн захирал Н.Мөнхтогтох нарын хамт "Цэвэр агаар төсөл”-д хамрагдах 120 иргэний бичиг баримтыг хууль бусаар ажиглаж 70 сая төгрөг завшсан хэргийг АТГ-аас шалгасан ч харамсалтай нь прокурорт шилжсэн эсэх нь мөн л тодорхойгүй. Ийм л үүх түүхтэй хүн УИХ-ын сонгуульд хэдэнтээ хүчээ үзсэний эцэст 2016 оны ээлжит сонгуулиар сонгогдсон нь энэ юм.
Гэвч "Сурсан занг сураар боож болохгүй” гэдэг шиг УИХ-ЫН сэнтийд заларсныхаа дараахнаас дахиад л газрын асуудалд нэр холбогдоод амжсан. Энэ нь "заазууран” барилга буюу "Блью скай” цамхгийн урдхан талд байрлах барилгатай холбоотой газрын асуудал байв. Эл хэргийг тодруулбал, түүх соёлын дахин давтагдашгүй цогцолбор болох Чойжин ламын сүм музейн зүүн хойд булангаас хумсалж, наалдуулах шахам барьсан оффисын зориулалттай 14 давхар барилга.
Барилга баригдаж эхэлсэн цагаас Чойжин ламын сүм музейн ажилчид эсэргүүцэж, 2016 онд шүүхдэлцсэн ч харамсалтай нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн талд шүүх шийдвэрээ гаргасан байдаг. Тэгвэл Б.Батзориг гишүүн нь оффисын барилгаа барьсан газраа иргэн Жигжидээс худалдаж авахдаа Чойжин ламын сүм музейн эзэмшлийн газраас нэгээхэн хэсгийг нь давхцуулан авсан гэх. Яг энэ үед буюу 2001 онд тэрбээр "Кёкүшюзан хөгжил сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх юм билээ.
Харин барилга барих зөвшөөрөл авч, газрын мэдээллийн санд бүртгэгдэх үед тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байв. Ерөөс түүний ажлын намтрыг сөхөж үзвэл, Чехословак Улсын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг эсгүүрчин, зохион бүтээгч мэргэжлээр төгсөөд 1989 онд Савхин эдлэлийн үйлдвэрт мастераар ажиллаж байгаад 1992 онд "Зэвэг” хоршооны даргаар ажиллах болж. Эндээс бизнесийн болоод улстөрчидтэй холбогдох сэжим эхэлснээр 1999 оноос эхлэн "Кёкүшюзан хөгжил сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна.
Ингээд 2004 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилогдсон түүхтэй. 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр тэрбээр хамгийн их орлоготой улстөрчөөс гадна хамгийн олон газартай эрхмийн нэгээр тодорч байв. Хоёр тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, үл хөдлөх хөрөнгөтэй, цаашлаад банкны дансандаа олон зуун сая төгрөгийн үлдэгдэлтэй гээд үзвэл төрөөс төрсөн тэрбумтны нэг гэж олон нийтийн харддаг нь оргүй биш бололтой юм.
Тиймдээ ч өө сэвгүй найруулсан жүжгийнхээ ачаар тэрбээр Чойжин ламын сүм музейн эзэмшлийн газраас "хумсалсан” газраа өөрийн эзэмшилд хэвээр үлдээх шийдвэрийг шүүхээс гаргуулж чадсан байж мэдэх. Энэ бол ард иргэдийн хардах эрх байх нь мэдээж.
Гол нь газраар яаж бизнес хийж болдгийг, төрийн албыг хувьдаа хэрхэн ашиглаж болдгийн үлгэр жишээг үзүүлж чадсан Б.Батзориг сайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдоод гурван сарын хугацаа үзэж байна.
Гэтэл он гарсаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Иххэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Булган аймгийн Рашаант зэрэг дөрвөн аймгийн 10 суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан байхад салбарын сайд нь өнөөг хүртэл дорвитой алхам хийхгүй сууна.
Уг нь мал, амьтны гоц халдварт өвчин гарсан даруйд салбар сайдын хувиар ч, ард түмний сонголтоор УИХ-ын гишүүний сэнтийд заларсныхаа хувиар ч үүнд түлхүү анхаарч ажиллах учиртай. Гэтэл салбарын сайд Б.Батзориг үүнд гол анхаарлаа хандуулахын оронд ОХУ-аас _цүлхийн вакцин худалдаж авах хэлэлцээрийг сэм найруулж суусан байх юм.
Өөрөөр хэлбэл, эрхэм сайд Б.Батзориг шүлхий өвчин дэгдэхтэй зэрэгцэн 2017 оны арванхоёрдугаар сарын 12-15-ны өдрүүдэд ОХУ-д айлчилснаас гадна хэд хэдэн удаа гадаадад томилолтоор явахын сацуу бүр энд тэндхийн үзэсгэлэн худалдааны нээлтэд зочилсон шигээ өвлийг үдэж байна. Ийнхүү салбарын сайд нь завгүй "найрлах” зуур "Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр өнөө л онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид, аймаг, сумдын дарга нар хүрз, жоотуугаа бариад шүлхийтэй дайтах "дайнаа” хийж сууна. Даан ч дээ. Ийм байж болох уу.
Хэдийгээр тэрбээр Онцгой комиссын гишүүдийн хамт өвөлжилт хүндэрсэн аймгийн удирдлагууд, ард иргэд, малчидтай уулзалт хийж байгаа ч энэ үеэрээ өнөөх шүлхий гэдэг үгийг дурсахаа таг мартсан бололтой. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг хэд хэдэн аймгийн удирдлагууд, иргэд малчидтай уулзахдаа зөвхөн Говь-Алтай аймагт л "шүлхий” гэдэг үг, үсэг орсон ганцхан өгүүлбэр хэлсэн байх юм. Энэ бол албан ёсны хэвлэлийн мэдээлэл. Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад өвс тэжээл шиг хэрэгтэй зүйл хаа байхав.
Хэдийгээр ийм ч гэлээ өвөлжилт хүндэрсэн үед цас зуднаас гадна отор нүүдлийн хөлөөр дамжиж малыг хиаруулдаг гол дайсны нэг нь шүлхий өвчин. Учир нь малаас малд халдварлаж, хотыг харлуулдаг хөнөөлт өвчин тул "Туурайн зуднаас ч хөнөөлтэй” гэж малчид ярьдаг. Шүлхийн нян хүйтний улиралд тэсвэр муутай ч малын өтгөнөөр халдвар дамжсаар амьд үлдсэн хэд нь тээгч болж хувирдаг байна.
Тиймээс л үе үеийн салбарын сайд нар жил бүр аймаг, сумдын өвөлжилттэй танилцах үеэрээ шүлхий өвчнөөс хэрхэн сэргийлэх, вакцинжуулалтад хамрагдах малын тоо толгойн бүртгэлээс эхлээд мал эмнэлгийн ажилтай нь хүртэл танилцдаг тогтсон уламжлалтай. Гэтэл Б.Батзориг сайд зөвхөн Засгийн газрын даалгаврыг биелүүлчих санаатай тэмтчих зуураа гол ажлынхаа хамгийн чухал зүйлийг мартсан бололтой юм.
Энэ мэтчилэн дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа ч иргэдийнхээ ахуй амьдралд санаа тавьдаггүй байсан. Гишүүн болсон хойноо ч түүхийн дурсгалт цогцолборын газраас улайхгүй дээрэмдэх шахам авсан эрхэм гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон ч малчдад тэр дундаа хүн амын эрүүл аюулгүй байдалд хамгийн чухал нөлөө үзүүлэгч монгол малдаа анхаарах сөхөөгүй явна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ингэж болно гэж үү.
Г.НАЦАГ-ЭРДЭНЭ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
Сэтгэгдэл