Манай гадаад өр 26.2 тэрбум долларт хүрчээ


Манай гадаад өр 26.2 тэрбум долларт хүрчээОны эцэст инфляци 4.6-8.4 хувь орчим өсөлттэй байхаар байна гэж Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир мэдэгдсэн. Олон улсын туршлагад тулгуурлан иргэд, аж ахуй нэгж болон шинжээчдийн инфляцын хүлээлтийг улирал бүр тооцдог. 2017 оны IV улиралд явуулсан судалгаагаар иргэд инфляцыг 2018 оны эцэст 8.4 хувь, аж ахуйн нэгжүүд 4.6, шинжээчид 8.1 хувьтай байхаар хүлээж байгаа гэжээ.

Нийтдээ 2,000 иргэнийг судалгаанд хамруулсан гэв. Судалгаанд хамрагдсан иргэд болон бизнес эрхлэгчдийн 95 хувь нь инфляци найман хувиас бага байна гэж үзжээ. Мөн судалгаанд хамрагдсан иргэд 12 сарын хугацаанд зээлийн хүү бага зэрэг өндөр хэвээр байна гэсэн хүлээлттэй байгаа аж.



ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ БУУРАХ ТӨЛӨВГҮЙ БАЙНА


Монголбанкны Судалгаа статистикийн газрын мэдээллээр Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 2017 оны эцсийн байдлаар 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Харин 2017 оны гуравдугаар улирлын байдлаар улсын нийт гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. ААН-үүд болон банкуудын гадаад зээл өнгөрсөн оны мөн үеэс буурсан бол Засгийн газар, Төв банкны гадаад эх үүсвэрээс авсан зээлийн хэмжээ өссөн байна.

Өнгөрсөн онд арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид 13.4 их наядын зээл олгосон аж. Төрлөөр нь авч үзвэл зээлийн 21 хувийг цалин, тэтгэврийн, 14 хувийг үл хөдлөх хөрөнгийн, 13 хувийг жижиглэн болон бөөний худалдааны, 10 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн, 9 хувийг барилгын, 8 хувийг уул уурхайн зээл эзэлсэн байна.Чанаргүй зээлийн үзүүлэлт 8.5 хувь бол хугацаа хэтэрсэн зээл 6.1 хувьтай гарчээ.

Ингэхдээ хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл буурах төлөв ажиглагдаж эхэлжээ. Энэ нь иргэд ажилтай, орлоготой болж банкнаас авсан зээлээ төлж эхэлсэнтэй холбоотой юм. Харин чанаргүй зээлийн хэмжээ буурах төлөв тод ажиглагдаагүй нь эдийн засгийн сэргэлт уул уурхай, үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа гэсэн хэдхэн салбарт хамаарч байгаатай холбоотой гэж төв банкны холбогдох албан тушаалтан хэлэв. Зээлийн хүү дундаж нь төгрөгөөр 18.8 хувьтай бол валютынх 11.6 хувьтай гарсан байна.



ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА БОЛОН ХҮҮ БУУРАХ УУ


Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөр ёсоор ипотекийн зээлийг 2018 онд Засгийн газарт шилжүүлэх ёстой. Харин сүүлийн үед ипотекийн зээлийн урьдчилгаа 25 хувь, хүү 7.5 болж буурах тухай яригдах болсон.

Өнгөрсөн хугацаанд Монголбанк ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтийн үндсэн төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг гаргаж Засгийн газар төсөвт бас тодорхой хэмжээний эх үүсвэр суулгаж хамтарч санхүүжүүлж байгаа билээ. Энэ оны хувьд төв банк cap бүр 16 тэрбум төгрөгийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөс гаргаж улсын төсөв дээр 120 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөсөн. Одоо байгаа тогтолцоогоор явбал cap бүр 26 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргах боломжтой юм байна.

Зээлийн хүртээмжийг цаашид нэмэгдүүлэхээр Засгийн газраас хэд, хэдэн санал гараад байгаа.

Өөрөөр хэлбэл зээлийн урьдчилгаа болон хүүг бууруулах санал багтсан гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүү зах зээлийн газрын захирал Э.Энхжин ярив.


Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.