У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Энэ онд Засгийн газар 100 хоногт 30 гаруй арга хэмжээ, шийдвэр гарган ажиллажээ. Цаашид "төрийн албаны сахилга, хариуцлагыг чангатгана. Эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангана. Өрийн дарамтаас гарна” зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” хэмээлээ.
Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэхээр болжээ. Цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх 10 дугаар сард нэмэхээ мэдэгдлээ.
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хот руу нүүрс нэвтрүүлэхийг хориглохгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ. Нүүрс боловсруулах үйлдвэр барих аж. Гэр хорооллын нүүрний хэрэгцээнд жилдээ 540 тонн боловсруулсан нүүрс шаардлагатай гэнэ. Мөн ипотекийн зээл, түрээсийн орон сууцыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Засгийн газар танхимын бүрэлдэхүүнээрээ сэтгүүлчидтэй хийх уулзалтад оролцсон юм. Харин Шадар сайд Ө.Энхтүвшин орон нутагт томилолттой ажиллаж байлаа. Ингээд Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-ХАОАТ-ыг нэг шатлалтай болгосноор энэ оны төсөвт тодолтгол хийх үү? Ипотекийн зээлд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн бэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийхгүй
-2018 оны төсөвт тодотгол хийхгүй. Төсвийн тодотгол хийнэ гэдэг нь төсвийн сахилга батыг алдагдуулдаг. Татвар нэмэх асуудал 2017 оны дөрөвдүгээр сард шийдэгдсэн. Хүн амын орлогын албан татварын орлогыг шатлалтай болгохдоо 2018 оны төсөвт 51 тэрбум ам.доллар орж ирнэ гэж тооцсон. Татварын шатлалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд цалингаа бууруулж, цалингийн бус орлогыг нэмэгдүүлэх асуудал гаргаж эхэлсэн учраас хуучнаар нь үлдээхээр ОУВС-тай тохиролцлоо.
Мөн А-80, Аи-92-ын ОАТ-ыг тэглэсэнтэй холбоотойгоор төсвийн орлого 68 тэрбумаар дутна. Эдийн засгийн өсөлт, төсөвт бий болгож байгаа сахилга бат зэрэгтэй холбоотойгоор орлогын бууралт гарахгүй байх.
Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт 120 тэрбумыг, төв банк 200 тэрбумын зээл гаргадаг. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсоноос хойш Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. 2018 онд ч мөн өндөр хүүтэй зээл авахгүй. Засгийн газар өөрөө арилжааны банкны том зээлдэгч байхаа больсноор зээлийн хүү буурах бололцоог олгоно. Нөгөө талдаа хувийн хэвшлүүдэд зээл очих боломжийг бүрдүүлж байгаа юм.
-АНУ, Япон зэрэг зарим оронд Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарын асуудал шийдэгдээгүй байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үү?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Элчин сайд нар томилогдох ёстой. Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар өнөө маргаашгүй уулзаж, эцсийн шийдвэр гаргана. Хуурамч шатахууны асуудлыг холбогдох газруудад шалгаж байна. Хэнтэй холбоотой юм болоо. Ийм асуудал байвал хариуцлага хүлээх ёстой.
-Ц.Нямдорж сайд 300 гаруй сая төгрөгийн үнэтэй жип машин унаж байна. Үүний цаана нь хэд, хэдэн сайд үнэтэй машин унаж байна гэх. Үргүй зардлыг бууруулна гэдэг амлалттай хэр нийцэж байна вэ?
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: АСЕМ-аар хэрэглэж байсан борлогддоггүй автомашиныг шилжүүлсэн
-Яагаад ганцхан Ц.Нямдорж сайдын унааны асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Өмнөх Засгийн газрын үед сайд, дэд сайд нар бүгд том, том жип унаж, үргүй зардал гаргадаг нь ихэссэн байсныг манай Засгийн газар харин ч цэгцэлж байна. 3.8 тэрбумаар авто машины парк шинэчлэл, 10.5 тэрбумаар барилгын засвар, шинэ тавилга авахаар байсныг цуцалсан. Мөн 20 тэрбумаар удирдлагын цалинг бууруулж, хэмнэлт гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг орон нутагт ажилладаг сайд нарт туулах чадвар сайтай машинаар хангах шаардлага байгаа. АСЕМ-аар хэрэглэж байсан үнэтэй машин. Борлогддоггүй автомашиныг шилжүүлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ. Ц.Нямдорж сайд өөрөө шийдчих байх. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө ажиллана.
-Ажлын байргүйгээс залуус БНСУ-д ажилладаг боллоо. Бодлого байна уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Манай гэр бүлд гурван хүн БНСУ-д ажиллаж байна. 2012 онд ирсэн ч буцаад явсан. Түр зуурын үзэгдэл. Эх орондоо ирсэн байсан иргэдийн 40 хувь нь буцаад явсан байгаа. Цалин багатай, эдийн засаг хямралтай учраас амьдрал ахуйгаа залгуулахын тулд гадагшаа явж байгаа. Том төслүүдээ явуулах ёстой. Тэгвэл гадаадад гарсан монголчууд ирнэ. Сая би БНСУ-д айлчлахдаа визний асуудал тавьсан. Нийтдээ 114 мянган монгол хүн гадаадад ажиллаж, суралцаж байна. Тэднээс 46 мянган нь БНСУ-д ажиллаж, амьдардаг. Гэрээт ажилчин нь 6233 байгаа юм. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд гадаад оронд ажиллаж, гэр бүлдээ мөнгө төгрөг явуулж, ар гэрээ тэтгэж байгаа хүмүүстээ баярлалаа гэдгээс өөр юу хэлэх билээ. Бидний өнөөдрийн энэ зовлонг хөгжсөн бүх орон туулсан юм билээ. Гэхдээ Монгол Улс хөгжинө, 10, 20 жилийн дараа хараарай.
-Цэргийн алба хаах хугацааг нэмэх асуудал яригдаж байна. Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?
БХ-ын сайд Н.Энхболд: Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсвөөс эхлээд олон зүйл шаардана
-Мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэж үзсэн. Би ч бас өмнө нь цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй байх гэж боддог байсан. Судалгаа хийлгээд үзэхээр манайд жил, жилээр цэрэг элсүүлээд бэлтгээд гаргах нь илүү олон хүн хамруулах бололцоотой байгаа. Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсөв мөнгөнөөс эхлээд олон зүйл шаардана. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлоготойгоо ч уялдахааргүй байгаа.
-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмч нар амжилттай хийлээ. Цаашид манай улсад энэ мэс ажилбарыг хийх нөхцөл бололцоо бүрдсэн үү?
ЭМ-ын сайд Д.Сарангэрэл: Амьд донор болон өвчтөн аль алиных нь бие сайн байгаа
-2018 оны төсөвт эрхтэн суулгах мэс засалд 2.8 тэрбум төгрөг суулгасан. Бид оны өмнө, он гарсаар Монгол Улсад эмчлэгдэггүй өвчнүүдийг эмчилдэг болгохоор эмч, мэргэжилтнүүдээ гадаадад сургахаар явуулж байгаа. Энэ хүрээнд ХСҮТ-ийн 16 эмч, сувилагч багаараа элэгний хавдартай өвчтөнд элэг суулган шилжүүлэх чиглэлээр БНСУ-ын "Самсунг” эмнэлэгт сургалтад хамрагдсан. Ингээд тухайн багийн удирдах бүрэлдэхүүнтэй хамт уг мэс хагалбарыг хийлээ. Амьд донор болон өвчтөн аль алиных нь бие сайн байгаа мэдээллийг ХСҮТ-ийн удирдлага бидэнд өгсөн. Эрүүл мэндээсээ болоод санхүүгийн ачаалал ард иргэдэд ирж байгаа. Засгийн газраас санхүүжилтийг бүрэн дааж байгааг хэлэхэд таатай байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Намайг аюулгүй байдлаа ханга гэсэн
-Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ашиглалт орсон. Австрийн тоног төхөөрөмжийг оруулж ирнэ. С.Зоригийн амь насанд халдсан хэргийг нууцаас гаргах ажил дуусах шатандаа орж байна. Монголын төр Монгол хүнийг хэрэг хийгээгүй байхад нь гэсгээн цээрлүүлэх ёсгүй. Өдрөөс өдөрт миний төсөөлж байсан муу төсөөлөл нэмэгдээд байна. Өнгөрсөн жилээс хойш надад аюулгүй байдлаа хангах ёстойг тусгай албадаад надад хэлээд байгаа. Яаж хангах вэ гэхээр гайгүй сайн унаатай, хамгаалалтай бай гэж хэлээд байгаа юм. Би хамгаалалтыг зөвшөөрөхгүй байгаа юм. Нямдоржийг устгах гэж их өндөр албан тушаалд ажиллаж байсан хүний 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд бичсэн мэссежийг АН, МАН-ын гишүүд хэлсэн. Энэ мэт дэмий яриа болно гэж тооцоогүй байсан.
Н.Энхлэн
Эх сурвалж:Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/493446.htm
Сэтгэгдэл