Гадаргын усанд халтай газрын тос


Гадаргын усанд халтай газрын тос

 

"Онгон хээр тал нутаг минь
Олдмол цөл болох вий...!!!" /Бодол-02/

Матад, Халхгол сумын нутаг дэвсгэр бол байгалийн тогтцын хувьд дэлхийд гайхамшигтай гээд бид өөрсдөө яриад байдаг ч чухам дэлхийд яагаад гайхагддагийг интернетээр хайж үзлээ.Дэлхийн газар зүйн атласт Монгол Улс, Дорнод-Монголын хээр тал нутаг гэсэн нэршлээр бүртгэгдсэн бол хүрэн эмзэг хөрстэй, хялганат хээр тал гэж дурьджээ.Хээр тал нутгийн эрэмбийг хайвал 1-рт Бразилийн ногоон тал, 2-рт Афиркийн ногоон толгод, 3-рт Дорнод-Монголын хээр тал нутаг гэсэн дараалал гарч ирнэ.Төв Азийн хуурай уур амьсгалтай сэрүүн, хүйтний бүсэд ордог ч ёстой бурханаас өгсөн агуу том бэлэг болсон Дорнод-Монголын хээр тал нутагт газрын тосны цооног өрөмдлөг хийгээд бараг 20 жил болох хугацаанд байгаль-экологит хор хохирол 100 жил олборлосон газар нутагтай дүйцэхээр тарамдаж хаясныг харахаар уур унтууцал төрж төр засгийн харалган хайнга бодлого гэхээс өөр хэлэх ч үг алга.
Нутаг усныхантайгаа уулзаж,ярьж хөөрч аавынхаа нутаг руу явах замд 19, 21-р талбайгаар дайран гарч явахад төмөр ёдор дохиурууд тонголзож тэр бүс нутгийн хэмжээнд 700 гаруйг зоосон гэж Монгол ажилчин залуу ярьж байхтай таарч байлаа. "Петро Дачин Тамсаг "компанийн талаар тэртээ тэргүй олон мэдээ мэдээлэл гарсан учраас нэмж шүүмжилж муулахаасаа илүүтэй одоо ямар байна, цаашид яах вэ? гэдэг бол дэлхий рүү анхаарлаа хандуулахаар хэмжээнд очих аюулын хэт харагдаж байна. Учир нь бүс нутгийн хэмжээнд гадаргын ус сүүлийн 4 жилийн хугацаанд ширгэж, нутгийн иргэд, хил орчмын гүний худгуудын усны түвшин эрс багасчээ.Сүүлдээ ард иргэд Буйр нуураас олон км явж усаа зөөж байгаа тухай гомдол санал ихээр яригдах боллоо. Чухам юуны учир вэ? гэдгийг тодруулахад газрын тосыг олборлохдоо гүний усаар ялгаж соруулж авч байгаагаас Мэнэн-Тамсагийн хялгант хээр талын дархлаа болсон газрын гүний усны түвшин багасаж булаг шанд, нуур цөөрөм, тогтоол ус, иргэдийн гаргасан худаг ус цөм үгүй болох аюулд хүрээд байна. "Петро Дачин Тамсаг" компани хэдэн жилийн өмнө л аймагт усны гэж цөөхөн хэдэн төгрөг өгдөг, тэр мөнгө нь Матад суманд төвлөрдөггүй шууд аймаг авчихдаг гэсэн гомдол одоо ч яригдсаар...Харин байгаль эклоги,бэлчээр нутгийг нь 20 жил сүйтгэсэн Дачин Тамсагаас авсан орлого шууд улсын төсөвт төвлөрдөг болохоор мөн л Матад сумын иргэд бөөн гомдолтой сууж байна. Монголчуудын хэлдэгээр "Цай ч үгүй, царай ч үгүй" гэдэг шиг...Газрын тосыг усаар ялгадаг технологи 20-р зуунтайгаа хоцрогдчихоод байхад "Моод Монголоор дуусна" гэдэг хэлц үг хээр талд минь хэрэгжсээр байх гэж үү дээ.

2018.02.02 Халх гол сумын уугуул Цагаан-Уул Овогт 
Даваасүрэнгийн Ган-ОЧИР /Бодол-02/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.