-Нэгэн цагт бүхэнд хүлээн зөвшөөрөгдөж, шар дээлтэй "хаан” шахуу явсан Н.Энхбаярт ч, дахин сонгогдож, хожлын хөзрийг хоёронтоо атгасан ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид ч улс орноо Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх боломж байсан. Гэхдээ тэд татгалзсан-
АН өнөөдөр УИХ-ыг "тараана” хэмээхнэсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Цаашилбал, үүнийг ганц удаа хийгээд өнгөрөх биш олон нийтийг татан оролцуулж, томоохон асуудал дэгдээнэ гээд байгаа. Өнгөрсөн хоногуудад АН-ынхан болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар туйлын завгүй байх болсон.
Хамгийн гол нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулсан үеэр эдгээр завгүй нөхцөл үүссэн нь хачирхалтай. Гэхдээ АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн хэлсэн, ярьсан бүхнийг өгүүлбэр тус бүрээр нь няцааж, харлуулах ажиллагааг зохион байгуулж, олноо хагархай хэнгэрэг шиг танигдсан нөхөд энд тэнд ярилцлага өгч, МАН-ыг баахан муулсан.
Тэгвэл тэд энэ үйлдлээрээ МАН-аас жийрхэж, 2020 онд олонхийн байр суурийг дахин алдах вий гэсэн айдастай байгаагаа нотлон харууллаа. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан үүргээрээ бол намаар талцчихаад байгаа ард түмнээ эвлэрүүлэн нэгтгэж, төрт ёсны уламжлалыг чандлан сахих ёстой.
Гэвч тэрбээр эдгээр үүргээсээ хумсын төдийг ч биелүүлсэн юмгүй, харин ч монголчуудыг төрийн эсрэг турхирч, өдөөн хатгаж, иргэдийн дунд популизмын хар хор шидэлж байгаа гэхэд хилсдэхгүй л болов уу. Чингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгаар айлчлах үеэрээ очсон газар бүртээ УИХ-ыг тараая хэмээн ухуулж байгаа билээ.
Тэгэхээр энэ хүн Монгол Улсад тогтвортой байдал, талцалгүй улстөр л юу юунаас илүү хэрэгтэй гэдгийг ухамсарлаж ойлгох нь битгий хэл эсэргүүцэн няцааж байна гэж ойлгогдохоор ажээ. Гэхдээ түүний энэ үйлдлийн цаана УИХ-ыг тарааж, АН-д дахин боломж олгохоос гадна парламентийн засаглалыг халж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжье гэсэн санаа илт цухуйх юм.
Харин яг өнөөгийн энэ нөхцөл байдалд Ерөнхийлөгчийн засаглал манай улсад хэтэрхий хурцдана гэдгийг улстөрчид ч биш, эрдэмтэн судлаачид хэлээд байгаа. Парламентын засаглал гүйцэтгэх засгаа томилох гэж нэлээд будилдаг. Ялангуяа сүүлийн үед элбэг үзэгдэх болсон улс төрийн намууд сонгуулиар тэнцүү санал авсан тохиолдолд заримдаа арчаагаа алдана. Гэхдээ хэрүүлтэй уруултай ч гарц үргэлж олддог. Өөрөөр хэлбэл, олуулаа хэлэлцсэн тохиолдолд ямар нэгэн шийдвэр зайлшгүй гардаг.
УИХ-ын 76 гишүүнээ зөв сонгож чаддаггүй, сонгосныхоо араас нь харуусал, шүүмжлэлээ харамгүй илгээдэг монголчууд өөгүй өндөг шиг нэг хүн сонгож чадна гэдэг хамгийн эргэлзээтэй. Их гүрнүүдийн ашиг сонирхолын талбар болж байгаа одоо цаг, байгалийн баялаг болон газар зүйн байрлалын улмаас сонирхолын гадна үлдэх боломгүй ирээдүй цаг аль аль нь зөв сонголтыг шаардаж байна. Энэхүү онцлогоос хамаараад ганц хүний засаглал манай улсад хамгийн халгаатай гэдгийг учир мэдэх хүмүүс гадарладаг. Харин нийгмийн масс өөрөө хүчтэй ерөнхийлөгчийн засаглалыг далдхан хүсэмжлээд байгаа нь нууц биш.
Нэгэн цагт бүхэнд хүлээн зөвшөөрөгдөж, шар дээлтэй "хаан” шахуу явсан Н.Энхбаярт ч, дахин сонгогдож, хожлын хөзрийг хоёронтоо атгасан ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид ч улс орноо Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх боломж байсан. Гэхдээ тэд татгалзсан. Ялангуяа ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид илүү боломжтой байсан ч тэрбээр Параламентийн засаглалыг тууштай дэмжсээр ирсэн. Учир нь Ерөнхийлөгчийн засаглалтай болоод "Монголд ашигтай юу, аюултай юу" гэдэг асуултад тэд хэдийнэ ашиггүй, бас аюултай гэдэг хариултыг тавьсан байж болох юм. Харин "надад ашигтай " хэмээн зөвхөн өөрийгөө бодсон бол насаараа хаан суух боломж харагдаж л байсан байх даа.
Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн маань далд санаа юу байгаа бол. "Надад ашигтай” гэх хувилбар мэдээж байх ёстой. Даргын суудлыг ноёны сэнтийн хэрд андуурдаг манайханд бол Ерөнхийлөгчийн алба хааны дүрээр харагддаг биз ээ. Нөгөөтэйгүүр мань эр байсхийгээд л Владимир Путин, Дональд Трамп, Рональд Рейган гэж ирээд жишээ авах болж. Гэвч Монгол Улс Америк биш. Бидэнд их гүрэнтэй өөрсдийгөө харьцуулах нь арай л хүнд асуудал болно.
Нөгөөтэйгүүр УИХ-ыг тараана гэж сүр бадруулаад байгаа Ерөнхийлөгчийн маань гарган ирж буй үндсэн шалтгаан бол гадаад өр, улс орны санхүү, эдийн засаг, шатахууны үнийн өсөлт. Ер нь энэ бүхэн хэзээ хаанаас гарч ирсэн билээ гэдгээс асуудлыг учгийг хөвөх ёстой.
2012 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа. Нэгэн жишээ дурдахад, одоо нэгэнт дампуурлаа зарласан нэг жижиг компани тухайн үед уурхайн хотхонуудад катерингийн үйлчилгээ үзүүлдэг байсан ба жилийн орлого нь гурван тэрбумыг давдаг байжээ. Бас болоогүй ээ, 100 гаруй ажилтантай байсан. Гэвч 2012 оны хагас жилээс улстөрийн нөхцөл өөрчлөгдөж, маш олон өсөл хөтөлбөр хаагдаж, гадныхан биднээс бараг айсандаа зугтсан. Өөрөөр хэлбэл, АН засгийн эрхэнд гармагц ёстой л цангасан адуу худаг руу харайлгах шиг аашилж, горонд нь улс орны эдийн засаг шалаар нэг хаягдсан гэхэд болно. Нөгөөх үйлчилгээний жижиг компани ч хаалгаа барьж, ажилчид нь гудамжинд гарсан. Олон залуу гэр бүл орон сууцны зээлээ төлж чадахгүйн улмаас бусдад шилжүүлж, гэр хорооллын яндангийн тоо нэмэгдсэн билээ.
Тодруулбал, МАН засгийн эрхийг барьж байсан 2012 оны эхний улиралд ДНБ-ий өсөлт 16 хувьтай байсан бол аравдугаар сар буюу АН-д төрийн мэдэл шилжсэнээс хойш гуравсан сарын дотор 11 хувь болж буурсан байна. УИХ-аас гаргасан тодорхойгүй бодлого шийдвэрийн улмаас экспорт бүр шалдаа бууж, 2012 оны зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд л гэхэд 39 хувиар унасан байх юм.
Түүнчлэн аравдугаар сарын тайланд валютын нөөц шавхагдах хандлагатай болж, 1.4 тэрбум ам.доллар болсон нь 2010 оноос хойш ажиглагдаагүй муу үзүүлэлт болсон гэдгийг Монголбанк ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байлаа. Тэгвэл 2015 оны эцсийн тайлан гарахад ДНБ-ий өсөлт бүр дөрвөн хувь болсон ба инфляци бүр 12 хувь руу талийсан байв. Гадаад өрийг бол ярилтгүй. Он дарааллын хүснэгтээр 2012-2015 онд тогтмол, огцом хурдаар өссөн байлаа.
Эцэстээ 2016 оны зургаадугаар сард МАН гадаад валютын сохор улаан зоосны нөөцгүй, өрөндөө баригдсан, ядуурал хавтгайрсан эдийн засаг, нийгмийг хүлээн авсан юм. Гадаад өрүүд төлөх хугацаа хаяанд ирчихсэн. Өөрөөр хэлбэл, АН дөрөвхөн жилийн хугацаанд улс орныг бүрэн туйлдуулсны дүнд бид дампуурлаа зарлахын ирмэгт ирж, адагт нь МАН-ын Засгийн газар ОУВС-тай зөвшилцөж чадсан ба бид ч аврагдсан гэхэд буруудахгүй.
Харин өнөөдөр АН ямар улс орныг МАН-д хүлээлгэн өгснөө мартсан бололтой. Бүр төмөр замын хэрэг, ХАА-н ЖДҮ-ийн төсөл хөтөлбөрийн мөнгөтэй нэр нь холбогддог Ерөнхийлөгч маань хүртэл үүнд гар бие оролцон, төрийг унагаая гэчихсэн явж байгаа харамсалтай. За даа, одоо АН-д УИХ-ыг тараая гэхээс өөр шоу хийх сэдэв ч үлдсэнгүй л дээ.
Сэтгэгдэл