ХУВАНЦАР ТОГЛООМ ХҮҮХДИЙН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛДӨГ


ХУВАНЦАР ТОГЛООМ ХҮҮХДИЙН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛДӨГБага насны хүүхдийн хамгийн дотны найз нь тэдний эцэг эхчүүдийн авч өгсөн элдэв янзын хэлбэртэй, эрээн мяраан тоглоом билээ. Тэр нь эцэг эхийг нь орлох үе цөөнгүй агаад хүүхдүүд тоглоомтойгоо хууч хөөрч суугаа ч харагддаг.

Тэгвэл Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс бага насны хүүхдийн өргөнөөр ашигладаг тоглоом, хэрэгсэл хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ.

Уг судалгаанд цэцэрлэгт болон дэлгүүр худалдаалагдаж буй тоглоомноос сонгон хамруулсан байна. Ингэхэд судалгаанд хамруулсан хүүхдийн толгоомны 26 хувьд нь химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь тогтоогджээ.

Тухайлбал, Хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис их хэмжээгээр агуулсан нь илэрчээ.

Эдгээрээс хром хамгийн их буюу 50 хувьд нь агуулагдаж байгаа нь тогтоогдсон байна.

Хромын агууламж өндөртэйд хүүхэлдэй, чихмэл тоглоом, хуванцар болон модон тоглоомнууд ордог байна. Хром нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг болохыг судлаачид хэлж байна. Мөн эл химийн бодисууд нь хүүхдэд харшил үүсгэдэг аж.

Мөн хүүхдийн тоглоомын 25 хувьд нь хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байжээ. Өөрөөр хэлбэл, хүүхэлдэй болон хуванцар тоглоомонд хар тугалга их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогдсон байна. Энэ нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг боловч ил харшил загатнаа үүсгэдэггүй ажээ.

-Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх нь чухал-

Хүүхдүүдийн хамгийн их тоглох дуртай эдгээр тоглоомд хар тугалга мэтийн хүнд металлын агууламж өндөр байгаа нь бөөр, уушги, гэдэс дотор эрхтнээс гадна мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. Түүнчлэн зайгаар ажилладаг болон цахилгаан үүсгүүртэй тоглоом дээрх химийн бодисыг агуулдаг тул хүүхдийг хордуулдаг аж. Тухайлбал, DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан машин, галт тэрэг, компьютер зэрэг электрон бараа бүтээгдэхүүн багтана.

Мэргэжлийн хүмүүс дараах зөвлөгөөг өгч байна.

Байгалийн резинэн тоглоом сонгох
Шошгон дээр PVC-free, Free phthalate гэсэн бүтээгдэхүүнийг сонгох
Хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгох
Химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх
Гоо сайхны тоглоом нь насан туршид эдгэрэшгүй харшил үүсгэж болзошгүй тул аюултай тоглоом худалдаж авахгүй байх
Бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомуудыг худалдан авч өгөхөөс зайлсхийх хэрэгтэйг сануулж байна.

Балчир хүүхдүүд тоглоомыг эхлээд ажиглан харж, дараа нь хүрч, гартаа атгаж, амандаа хийх зэргээр хорвоотой танилцаж эхэлдэг гэдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглох хэрэгцээг хангахдаа эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг тооцоолж, сонголтоо хийхэд анхаарах цаг болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.