Төрсөн эцгээ залилан мэхэлсэн эмэгтэй ял сонсов


Төрсөн эцгээ залилан мэхэлсэн эмэгтэй ял сонсов-Хуурамч бичиг баримт үйлдэн, нийт хагас тэрбум төгрөгийн хохирол учруулжээ-

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн долоон этгээдэд холбогдох хэргийг Дээд шүүхээр хэлэлцэж, уг залилангийн хэргүүдийг гардан зохион байгуулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэн үйлдсэн М овогт О гэх 60 настай эмэгтэйд хаалттай дэглэмтэй хорих ангид найман жил хорих ял оноожээ.

Монгол Улсын иргэн, 1958-1974 онд төрсөн 44-60 насны долоон этгээдэд холбогдох эл хэрэг найман жилийн турш шалгагдсаны эцэст ийн хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Иргэн О-оос бусад зургаан этгээдэд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, Өршөөлийн хуульд хамруулсныг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Тэдний үйлдсэн хэргийг сийрүүлбэл, М овогт О гэх эмэгтэй эл залилангийн хэргээ 2007 оноос эхлэн үйлджээ. Эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой тэрбээр "Анод”, "Капитал”, "Монгол шуудан” банк болон бусад банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүс, тэр ч бүү хэл төрсөн эцгээ 34 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, нийт 506.334.622 сая төгрөгийн хохирол учруулсан аж.

Тэрбээр эл хэргүүдийг бусадтай хамтран гардан үйлдэхдээ хуурамч бичиг баримт үйлдэж, түүнийгээ ашигладаг байсан нь тогтоогджээ. Тухайлбал, 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б-тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 15.000.000 төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай, сарын гурван хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилжээ. Улмаар яг энэ аргаараа "Анод” банкны эл салбараас нийтдээ есөн үйлдлээр 160 сая төгрөг залилан мэхэлж авсан байна.

Мөн Капитал банкнаас гурван үйлдлээр 42 сая төгрөг , "Монгол шуудан” банкнаас долоон үйлдлээр 109 сая төгрөг, "Очир Ундраа инвест” ХЗХ-ноос гурван үйлдлээр 89.954.439 төгрөг, "Бат инвест”-ээс нэг үйлдлээр 15 сая төгрөг, "Бест крест”-ээс хоёр үйлдлээр 37.600.000 төгрөг, "Чаданхүү” ХЗХ-ноос хоёр үйлдлээр 33 сая төгрөг тус тус залилан мэхэлж авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Эх сурвалж: Medee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.