Нийслэлийн Амгалан амаржих газарт төрсөн эх 23 хоногийн турш бие нь чилээрхэж, тэнхэрэлгүй нас барсан байна. Түүний үхлийн шалтгаан нь ихсийн үлдэгдэл байсан тул түүнийг нас барахад ээлжинд гарч байсан эх баригч, тасгийн эрхлэгч нарын таван хүнд холбогдох хэргийг жил дамнуулан шүүхээр хэлэлцэж байна.
Төрөх эмнэлэгийн эмч нарын гарыг хүндрүүлэхгүй бол хэцүү гэдгийг өнөөдөр хүн бүхэн мэддэг. Алдах эрхгүй, ажилдаа хайнга хандах ёсгүй эмч нар алдаа гаргасны улмаас нэг хүн амь насаараа хохироод байгаа бөгөөд хэргийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллага ХОЁР жил дамнан хэлэлцэж байна.
Ц.Ч, Э.М, Б.Т, Н.Г, Г.Г нар нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн "Амгалан” амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа тус амаржих газарт 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр амаржсан 29 настай П.Н-т эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу төрсний дараа түүний умайд ихэсийн хэсэг үлдсэн эсэхийг бүрэн шалгаагүйгээс умайд нь ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 3-2107 тоот гэртээ нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Хүн нас барсан энэ хэргийг цагдаа, прокурорын байгууллагаас шалгаж, эмч нар буруутай баримтыг бүрдүүлсэн байдаг. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №782 дугаартай дүгнэлт "...Умай 17х9.5хЗсм, умайн амсар цус харвалттай, Умайн хөндийг нээхэд ихэсийн талбай байж болохоор хэсэгт овон товон, улаан хүрэн өнгөтэй, голомтлог цус харвалт бүхий ихэсийн үлдэгдэл байж болохоор эдтэй, Умайн булчин зузаан..., Эд, эсийн шинжилгээний С-782 тоот хариунд: ..., Умайн хүзүү: эпител хадгалагдсан, эпител дор дугариг эсийн шигүү нэвчдэстэй, тэлэгдсэн шүүрлийн булчирхайнууд харагдана. Умай: умайн судсууд хоосон, булчингийн ширхэг хоорондын холбох эд хавагнасан, судасны хана гиаланжсан, судас тойрч болон эндометрийн дээд булчинд булчингийн ширхэг завсраар дугариг эсийн нэвчдэстэй, судсуудад дегенераци өөрчлөлттэй, умайд гиаланжсан ихэсийн цэлмэн харагдана. Өөр 1 зүслэгт: жижиг судасны хөндийд цөөн ликоцит эсүүдтэй /идээт бүлэн/, жижиг судасны хана зузаарч гиаланжсан, судсанд лейкоцит эсүүдтэй, булчингууд жигд биш будагдсан. Өөр 1 зүслэгт: умайнд үхжсэн, шигүү үрэвслийн нэвчдэс бүхий олон тооны ихэсийн цэлмэнгийн үлдэгдэл, үрэвсэл, судасны хөндий дэх лейкоцит эсийн нэвчдэс... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Ихэсийн үлдэгдлээс улбаалсан эндометр, миометрийн үрэвсэл, дегенераци өөрчлөлт /төрсний дараах 23 дахь хоног/, Цусан үжил, зүрх, элэгний завсрын үрэвсэл, үжлийн дэлүү, уушиг зүрхний гадаргуу дахь цэгэн цус харвалт, Их тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн эдийн голомтлог зөөлрөл, үхжилт үрэвсэл, зөөлөн бүрхүүлийн гаралтай териотома. Зүүн уушигны гялтангийн зузаарал, баруун уушигны дээд дэлбэнгийн эмфизем, гялтангийн голомтлог цус хуралт, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл. Цус багадалт. Дүгнэлт: Талийгаач П.Нын цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй, Талийгаач нь их тархины зүүн тал бөмбөлөгийн дух хэсгийн эдийн голомтлог зөөлрөл, үхжилт үрэвсэл, зөөлөн бүрхүүлийн гаралтай териотома, зүүн уушгины гялтангийн зузаарал, баруун уушгины дээд дэлбэнгийн эмфизм, гялтангийн голомтлог цус хуралт, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, цус багадалт өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. П.Н нь АВО системээр АII бүлгийн цустай байна, Талийгаач төрсөний дараа умайд ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжлийн улмаас нас барсан байна..." гэсэн баримтыг хавтаст хэрэгт бүрдүүлсэн байдаг.
Мөн Шүүх эмнэлэгийн хавтаст хэргийн материалын 816 тоот шинжээчийн дүгнэлтэд Талийгаач П.Нын төрөлтийн явцад хүндрэл гараагүй байна. Төрлөг удирдсан эмч эхийг төрсөний дараа ихэсийг идэвхитэй аргаар удирдсан байх ба ЭМС-ийн 2012-07-09-ны өдрийн 256-р тушаалаар баталсан эх нярайн тусламж үйлчилгээнд хөтлөх хяналтын хуудаснуудаас ихэсийг шалгах хяналтын хуудас хөтлөөгүй, ихэсийн бүрэн бүтэн байдлыг хангалтгүй шалгасан байна. Төрсөний дараа эхийн умайд ихэсийн хэсэг үлдсэнээс улбаалсан умайн үрэвсэл, цусан үжилээр хүндэрч эх нас барахад хүрсэн байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 272 дугаартай дүгнэлт "..Шүүх эмнэлгийн шинжээч нарын гаргасан 782, 816 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаач Н нь умайд ихэсийн хэсэг үлдсэнээс умай үрэвсэж үжилийн улмаас нас баржээ. Эмчлэгч эмч умайн ихэсийн үлдэгдлийг оношлоогүй... байна гэх зэргээр төрөх эмнэлэгийн эмч нарын буруутайг хангалттай нотолсон байдаг.
23 хоног тарчилсан эхийн үхэлд буруутгагдсан эмч нар хэн хэн бэ?
Ц овогт Э М, 1983 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо..... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,
Б овогт Ц.Ч, 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо .... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,
Л овогт Б.Т, 1982 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт төрөх, төрсний дараах тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо.... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,
А овогт Н.Г, 1982 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,
Д овогт Г.Г, 1978 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../
Тэд шүүх хуралд хэрхэн мэдүүлэв?
...Мөрдөн байцаалтын шатанд Э.Мын яллагдагчаар өгсөн "...2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг жижүүртэй байхад 22 цаг 30 минутын үед талийгаач П.Н төрсөн. Төрөлтийг би удирдаж явуулахад төрөх өрөөнд ямар нэг хүндрэл гараагүй. Төрөлтийн ихэсийг шалгахад бүтэн байсан бөгөөд төрөх өрөөнд 2 цаг хянаад төрсний дараах тасаг руу шилжүүлсэн..., Би ихэсийг гаргаад бүтэн эсэхийг ажиглах, тэмтрэх аргаар шалгахад бүтэн байсан...., Тэгээд энэ талаараа истор дээр тэмдэглэсэн..."
Б.Т яллагдагчаар өгсөн "...Би талийгаачийг ЭХО-д харахад умайн агшилт сайн, суваг өргөсөөгүй хэвийн байсан болохоор тэмдэглэгээ хийгээгүй. Уг нь бол тэмдэглэл хийх нь зүйтэй. Би талийгаачийг Н.Г эмч үзсэний дараа ЭХО-д харсан. Миний дараа маргааш нь Чинбат эмч үзсэн байсан. Талийгаачийн ихэс үлдсэн бол төрөлт удирдсан эмч болон төрсний дараа үзсэн бүх эмч харсан байх ёстой. Талийгаач П.Ныг үзсэн бүх эмч ихэсийн үлдэгдэл байхгүй гэж үзсэн..."
Ц.Чын яллагдагчаар өгсөн "...Би 2016 оны 04 сарын 1-ний өглөө 8 цаг 20 минутанд төрсний дараах тасагт өдрөөр ажиллаж байсан бөгөөд уг тасагт байсан Н гэдэг эмэгтэй урьд шөнө цус алдсан гэж эх баригч Мэндбаяр хэлсний дагуу би төрсний дараа 10 орчим цагийн дараа үзлэг хийсэн байдаг тухайн үед цус алдсан эхэд таарсан эмчилгээг бичиж өгсөн ба маргааш өглөө цусны шинжилгээг төлөвлөж бичсэн байгаа. 2016 оны 4 сарын 2-ны өдөр нь цусны шинжилгээ хэвийн гарсан бөгөөд жижүүр эмч Г давтан үзлэг хийгээд эмнэлгээс гаргасан байсан. Төрсний дараах тасагт Г, Т нар үзсэн байдаг тэгэхдээ энэ талаар истори дээр ямар нэгэн тэмдэглэл байдаггүй юм... Би исторт бичигдсэн тэмдэглэлдээ зурвас гэж тэмдэглэсэн байсан тэгэхээр зүгээр гэж хэвийн байсан гэж бодож байгаа. Надаас гадна Г эмч бас тэгж бичсэн байдаг. Г, Т нар ч бас тэгж л харсан байгаа... гэх зэргээр өөрсдийгөө өмөөрсөн байдаг.
Гэвч шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр эмч нар ажилдаа хайнга хандсан болох нь тогтоогдсон.
Гэхдээ хэргийг хэлэлцэж байх хугацаанд эрүүгийн хууль шинэчлэгдсэн бөгөөд хэргийг хэлэлцэх явцад процессийн алдаа гарсан тул хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаагаад байна. Тодруулбал давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1363 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Х.Бямбацэемаагийн бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ц.Ч, Э.М, Б.Т, Н.Г, Г.Г нарт холбогдох эрүүгийн 201625011548 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Улмаар Э.М, Ц.Ч, Б.Т, Н.Г, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, эмч нарыг батлан даалтаар суллаж явуулсан байна.
dorgio.mn
Сэтгэгдэл