Д.Сумъяабазар: Ний нуугүй хэлэхэд 1072 хувьцаа файл дээр л байгаа
Засгийн газраас Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд тодорхой шийдвэр ойрын хугацаанд гарган гэсэн мэдээлэл бий. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодрууллаа.
Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн бирж дээр ойрын хугацаанд гаргаж амь оруулна гэсэн мэдээлэл байна?
Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орно. Бүх зүйл нь бэлэн болсон. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Эхлээд 1072 ширхэг хувьцааг ном журмынхан дагуу бүртгэж авна. Түүний дараа хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажлуудыг хангана. Энэ онд багтаж энэ ажлыг хийх үүрэг чиглэл өгсөн. 2018 онд багтаж Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргах ямар боломж бололцоо байна тэр чиглэлд шахаж ажил гэсэн зарчмын шаардлага тавьж байгаа. Он дамжвал үйл ажиллагаа нь суларч мэднэ. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны эдийн засагт тустай зүйл. Гэхдээ Тавантолгойгоос олох орлогоо шууд эдийн засагт цутгаж болохгүй. Ямар үр дагавар авч ирдгийн бид хангалттай амссан. Хуримтлал бий болгох хэрэгтэй. Энэ чиглэлд Норвеги улсын баялгийн сангийн 4-5 экспертийг урьсан. Норвегийн баялгийн сан яаж ажилладаг вэ гэхээр бүх орлогоо сан дээрээ төвлөрүүлж байгаад Засгийн газартаа хуваарилж өгдөг юм. Ардчилсан намын үед Баялгийн сангийн тухай хууль УИХ дээр орж ирээд халамжийн хууль шиг болсон. Намууд эх орны хишиг, эрдэнийн хишиг гээд баялгаас олсон мөнгийг тараасан. Үүнийг өөрчилж хуримтлал бий болгодог болгоно. Ирээдүйдээ хуримтлал үлдээх заалтыг Баялгийн сангийн тухай хуульд оруулж өгнө.
1072 хувьцааг яаж амь оруулах юм вэ. Та ерөнхий зүйл хэлээд байна?
Эхлээд ерөнхий зүйлээ ярина. Түүний дараа нарийн зүйлсээ ярина. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг мэргэжлийн байгууллагууд бэлтгэлээ ажлаа яаж хангах уу. Олон улсын стандарт шаардлагыг хангах гээд нарийн ажлууд бий. Ний нуугүй хэлэхэд 1072 хувьцаа файл дээр л байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэх ажлыг даалгах ёстой. Үүний дараа энгийн хувьцаа хэдийг гаргах уу, давуу эрхийн хувьцаа хэдийг гаргах уу гээд илүү нарийн зүйлсээ тодорхой болгоно. Тавантолгойн хувьцааг тодорхой хугацаанд арилжихгүй байх, Монгол улсын иргэн хувьцаанаасаа ногдол ашиг хүртдэг байх системийг бий болгох ёстой. 1072 хувьцааг зарах юм бол гадны болон дотоодын янз бүрийн улсууд тойрч очоод хамаад авч мэднэ. Яг ягаан тасалбар болно шүү.
2016 оны сонгуулийн өмнө 1072 хувьцааны тодорхой хэсгийг 300 мянган төгрөгөөр иргэдээс худалдаж авч байсан. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?
Тавантолгойн 85 хувь нь төрийн мэдэлд байгаа, 15 хувь нь аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшилд байгаа. Эхлээд бүх хувьцааг бүртгэж авна. Түүний дараа нэмэлт хувьцаа хэдийг гаргах уу, давуу эрхийн хувьцааг иргэдэд ямар үнээр олгох уу гэдгийг илүү нарийн ярилцаж шийднэ.
Г.Дугар
Сэтгэгдэл