С.Баяр:Ж.Батзандан гишүүн минь, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…


С.Баяр:Ж.Батзандан гишүүн минь, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…

Сар шинийн өмнөхөн буюу хоёрдугаар сарын 15-нд Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан захидал илгээсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг захидалд хариу өгсөн байна. Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон талаараа тэрээр "Цагаан сарын өдрүүдэд ахмад хүнтэй маргалдахгүй гэж сар шинэ хуучрахыг хүлээж байгаад ийн мэдээлэл хийж байна” гэж тайлбарласан байна. Ингээд мэдээллийг хүргэе

БИ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ АЖЛАА ХИЙХИЙГ САНУУЛСАН

-Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр одоогоор Англи улсад Элчин сайдаар ажиллаж байгаа. Гэхдээ сонгуулиар Монголд ирж, МАН-ын сонгуулийг удирддаг. Энэ хүн надад нилээн гомдож, сар шинийн өмнө захидал бичсэн байсан. Энэ захидлын төгсгөлд эрлэгийн үүдэнд уулзах уу гэсэн утга бүхий юм бичсэн байсан. Би залуу хүн, тантай хамт эрлэг рүү явах болоогүй байна. Та яарч байгаа бол өөрөө явж болно.

Би С.Баярыг "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавихад оролцсон гэж хэлсэн нь үнэн. Энэ асуудлаар намайг шүүхэд өгсөн байсан. Гэтэл 51 хувийг барьцаанд тавих гэрээ С.Баярыг Ерөнхий сайд байхад хийгдсэн байдаг. С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2009 оны аравдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Харин '''Жаст'' групп ''Эрдэнэт'' үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, ''Стандарт'' банктай 2009 оны долдугаар сард гэрээ байгуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 38.1-т "Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Эдийн засаг, төрийн өмчийг удирдан зохион байгуулах үндсэн эрх, үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавих асуудалд Ерөнхий сайд нь оролцоогүй, мэдэхгүй байж болох уу?

"Эрдэнэт” үйлдвэрийн захирал Б.Ганзориг тухайн үед Ерөнхий сайдын шууд харьяанд ажиллаж байсан хүн. Мөн тус үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдийг Ерөнхий сайдтай зөвшилцөж томилдог. Гэтэл энэ асуудлыг тэр үеийн Ерөнхий сайд байсан хүн өөрөө мэдээгүй гээд, доод тушаалын хүмүүстээ асуудлыг нялзааж байна. "Жаст”-ын Ш.Батхүү, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Б.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар бүгд Ерөнхий сайдын томилсон, ойрын хүмүүс нь. Би Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газраас хууль хэрэгжүүлж, "Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг хууль бус эсэхийг шалгах хүсэлт гаргасан. Би ард түмний, нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой. Үүний төлөө С.Баяр гэдэг хүн уурласан байна. С.Баяр гэдэг хүний насыг хүндлээд шинийн 8-ны дотор хэрүүл хийхийг оролдсонгүй. С.Баяр, Ж.Батзандан бид хоёр хоёулаа Монгол Улсын иргэн. Би УИХ-ын гишүүний хувьд үүргээ биелүүлж, "Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлаар хуулийн байгууллагыг ажлаа хийхийг сануулсан. Ингэлээ гээд тэр хүн хуулийн байгууллагаар явбал явна биз. Би ч бас холбогдох газарт нь хандана гэжээ.

Мөн тэрээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай маргаан үүсгэсэн асуудлын талаар

-Би өнгөрсөн онд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу Нээлттэй сонсгол зохион байгуулсан. Б.Хурц нь Эрдэнэттэй холбоотой асуудлаар хууль бусаар Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлэхэд гар бие оролцсон. Энэ мэт асуудлаас үүдэж Б.Хурц намайг худал мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгсөн байсан. Гэтэл шүүхээс Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Гэхдээ няцаалт хийх ёстой гэсэн хоёр үзүүртэй шийдвэр гаргасан байна. Б. Хурц нь хэдэн хамтрагчийн хамт Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлсан нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас би энэ асуудалд няцаалт хийхгүй. Түүнчлэн Б.Хурцтай холбоотой, түүний ах дүүтэй холбоотой тамхины наймааны хэрэг зэрэг олон мэдээлэл надад бий. Үүнд би няцаалт хийвэл хууль зөрчсөн болно. Би шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байгаа тул давж заалдах болно. Би авлигачдын шүүхэд итгэхгүй, ард түмний шүүхэд итгэнэ. Удахгүй авлигачдын шүүх татан буугдаж, ард түмний шүүх гарах болно гэсэн байна.

Сануулах үүднээс Ерөнхий сайд асан С.Баярын захидлыг мөн хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАНД

Ж.Батзандан гишүүн ээ,

Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ. Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.

УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ.

Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ:

– "Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;

– С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;

– С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Дээрх мэдэгдлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна. Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.

Энэ дашрамд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийх нь хувьд танд сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?

Хоёрдугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс.Монгол Улсын Үндсэн хуулийн "Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой. Тийм үү?

Гуравдугаарт, улс төрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улс төрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч, бас танд ч хамаатай.Улс төрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй. Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий."Улс төрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.

Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. "Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачилгаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд "Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд тусалж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангүй хэлэхэд буруу нь юу байх билээ. Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.

Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр "энэ ингэсэн”, "тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…

Ёсолсон: Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан С.БАЯР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.