Д.Гантулгын дуулиан залуусын төлөөллийг баллуурдах вий


Д.Гантулгын дуулиан залуусын төлөөллийг баллуурдах вий

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэж шалгуулах хүсэлтээ гаргасан тухай мэдээлэл гарлаа. Үнэн, худлыг нь мэдэхгүй ч тэрбээр гурван удаа бүрэн эрхээсээ татгалзах гээд нам нь зөвшөөрөөгүй гэх. Ерөөсөө түүний сэжиглэгдэж буй хэрэг ноднин зун олны анхааралд орсон цагаараа өнөөг хүртэл шинэ агуулгаар баяжсаар ирэв. Үүний дуулианд залуус гэдэг том армийн нэр хүнд туйлдлаа.

Яваандаа нийтээрээ залуу хүн гайгүй албан тушаал, сонгуульт алба хашиж байгааг үзэж чадахаа байх нь ээ. Бүгдийг нь цүнх баригч, хүчиндэгч, бялдууч, намын ард нуугдагч гэх нь холгүй боллоо. Одоо сонгууль болбол хятадын эрлийз, гадаадын гар хөл, офшорчин, нүүрсний намчин, мүүнчин өөр ямар муу имиж байдаг юм тэрний нэг залуу хүн байж мэднэ.

УИХ-д гурваас дээш сонгогдсон ахмад гишүүд насны хязгаар тогтоож өгөх нь зөв ухааны зүйлийг сүүлийн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа хавчуулж эхэлсэн. Эсвэл энэ талаар асууж эхэлсэн ч байж магад. Өөрөө хамгийн залуу депутат явсан юм болохоор УИХ-ын Л.Болд УИХ-д залуусын квот оруулах тухай хуулийг ноднин ярьж байгаад өнөөх Д.Гантулгын асуудлын дараагаас чимээгүй болчихсон. Залуу хүнийг өргөж дэвшүүлэх, ажилд ашиглах талаар ярихад ч хэцүү болсны жишээ л дээ.

Одоогийн парламент олон залуу гишүүдтэй. Хэрэв ирэх сонгуулиас өмнө дахиад ганц нэг залуу улстөрч асуудал таривал дараагийн парламент "ахмадын золбоо” л болно. Улстөрчид хөгшрөх тусам УИХ-ын хэлэлцэх асуудал малчдын нийгмийн байдал, тэтгэвэр тэтгэмж дээр төвлөрнө. Ерөөсөө залуус нь олонх болж байгаагүй болохоор тийм байдалтай л явж ирлээ.

Энэ хэрээр Монгол Улсын хүн амын ихэнхийг бүрдүүлдэг, ажил хийж татвараа төлдөг, улс орондоо хүч хөдөлмөрөө өргөж яваа залуусын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц, шийдэл болсон хуулийн төсөл харагдахгүй явж байна. Сонгуульд яагаад залуус санал егөхгүй, уулзалтад нь оролцохгүй байгаа юм бэ. Үгийг нь сонсчих өөрсдийнх нь үеийн, адил сэтгэхүйтэй хүн байхгүй болохоор тэр.

Социализмын үед өсөж хүмүүжсэн, ардчиллын цагт төрж өндийсөн хүмүүсийн хэл нь өөр байна аа. Чуулган завсарласан энэ үед улстөрчид орон нутагт уулзалтууд хийж байгаа. Зааланд цугласан цөөхөн залуусын дийлэнх нь өвөө, эмээгээ л хүргэж ирсэн хүмүүс байна. Өөрсдийн төлөөлөлгүй орхигдож яваа хүмүүсийг буруутгах ч арга байхгүй.

Үүгээрээ УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өмөөрөх гээд байгаа хэрэг биш. Залуусын дунд сайн нь ч, муу нь ч бий. Хэрвээ ёс зүйтэй хүн нас тогтсон байдаг гэх юм бол соёлын гавьяат Б.Дашзэвэг ял авахгүй л байсан биз дээ. Тийм болохоор хүмүүжил төлөвшилтэй, гадаад дотоодод сурсан олон залуусын ирээдүйг ганц нэг хүний болчимгүй үйлдлээр дүгнээд боомилчих вий гэж болгоомжлуулж байгаа хэрэг.

Аль нэг намын өнгөн дээр удирдах албан тушаалд ирээд өөрийгөө таниулаад, хийдгээ хийгээд явсан олон залуусыг салбарынхан нь үгүйлдэг. Тэднийг дахиад гарч ирэх зам мөрийг нь хаах хэрэггүй гэсэн санаа. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газарт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байсан Ц.Жадамбаа байна. Сансарт хиймэл дагуул хөөргөх санаачилга гаргаж, ухаалаг машинаас хүмүүс иргэний үнэмлэхээрээ хорооны тодорхойлолт авдаг болсон гээд нэг хэсэгтээ л нийтээрээ мэдээлэл технологиор амьсгалаа биз дээ.

Энэ бол шинэ, сийрэг толгой төрд хэрэгтэй байдгийн жишээ. Дэлхийн улс орнууд залуустаа найддаг. Ялангуяа эдийн засаг, нийгмийн хүнд үеийг туулж байгаа бол залуусаа төрдөө илгээж, шийдмэг, яг өнөөдөр тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэхэд анхаарч байна. Манай улсад ч тийм цаг үе байлаа. Өнөөдөр Австрид Курц хэмээх 31-хэн настай залуу улс төрч мандаж явна. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 36 настай.

Украйны Ерөнхий сайдаар Журц Рассан 38 настайдаа сонгогдоод ажиллаж байна. Манай УИХ-д байгаа залуу гишүүд ч шударга ёсыг хайж, ухаж төнхөж эхэлсэн. Шинэ цагт боловсорсон, нийгмийнхээ үнэ цэнийг ойлгодог, бэлэнчлэх сэтгэлгээгүй, эрдэм боловсрол эзэмшсэн шилдэг залуусынхаа хүчийг ашиглаж байж хөгжинө. Тиймээс Д.Гантулгаас эхлэлтэй хийрхэлд болгоомжтой хандах хэрэгтэй юм.

Ж.БАЯР, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.