Бүртгэлд байхгүй эм борлуулж байна


 

Бүртгэлд байхгүй эм борлуулж байнаНийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Гадаадын эмч нар Монголд хүрэлцэн ирж, зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны үйл ажиллагаа эрхэлж байгаа зөрчил илэрчээ. Гадаадын эмч мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр Монголд нэвтэрч, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин эмнэлгийн тусламж үзүүлсэн. Монгол улсын эм бүртгэлд бүртгэгдээгүй эм эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал "Шангри-Ла” төвийн хоёр давхарт байрлах "Үлэмж клиник” эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй боловч тухайн эмнэлэгт Япон улсын иргэн ирж Эрүүл мэндийн яамнаас эмчлэх эрхийн зөвшөөрөл авалгүй мэсгүйгээр гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлж байжээ.
Мөн "Өлзий Ден” компанийн "Ай Эм Скин Ка” төвд БНСУ-ын хоёр иргэн ирж, иргэдэд нүүр өргөх болон бие галбиржуулах био утас суулгах талаар практик сургалт явуулж байсан аж. Энэ мэт зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлэн таслан зогсоож Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авчээ. Шалгалтын явцад хоёр байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох саналыг харъяалах прокурорын газарт тавьсан байна. Иргэдийг эмчилгээний гоо сайхныг хийлгэхдээ тухайн эмч нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах, хэрэглэж буй бүтээгдэхүүн нь Монгол Улсын эм бүртгэлд бүртгэгдсэн стандартад нийцсэн эсэхийг шалгаж байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анхаарууллаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн мэтээр сурталчилж ард иргэдийг төөрөгдүүлж байгаа зөрчил ихээр илэрч байгаа аж. Тухайлбал "Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол иргэдээс иржээ. Гомдлын мөрөөр шалгалт хийхэд "Alivemax” нь эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болохыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тодорхойлжээ. Гэтэл эм мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж арга хэмжээ авч ажилласан байна. Уг бүтээгдэхүүн нь жимсний охь буюу хүнсний бүтээгдэхүүний ангилалд ордог тухай тодорхойлолтыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь жимсний болон хүнсний ургамлуудыг хүнсний тэжээллэг чанарыг нь хадгалан зориулалтын дагуу боловсруулж хатааж нунтаглаж шингэн хэлбэрт оруулан савласан шууд болон усанд найруулан уух зориулалттай аж. Гэтэл эмтэй харьцуулсан сурталчилгааг телевизээр цацаж, иргэдийг төөрөгдүүлж байгаа зөрчлийг илрүүлжээ.

Erennews.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.